8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувь хэний гараар оров

2018-02-03 09:04:00

Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан. Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 120 сая ам.доллар төлөх шийдвэр гаргаад байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна.  120 сая ам.долларын төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 51% Африкийн Стандарт банкинд очих магадлал маш өндөр байгаа юм.

Хамгийн эхэнд  Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал дуулиан дэгдээж байсан. Тус мэдээллийн мөрөөр УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг хуурамч эсэхийг шинжээчид шалгаж эхэлсэн юм. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гэдэг нь тогтоогдвол Монгол Улс 140 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөх нь тодорхой болно гэж албаныхан мэдэгдэж байсан. Ш.Батхүү дээрх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, Олон Овоотын ордны нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийж байсан билээ.

Эхэндээ тэд гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн нь үнэн гэж хэлж байсан Ш.Батхүү гэнэт л 2015 оны гуравдугаар сараас эхлэн өөрийн өгсөн мэдүүлгээсээ буцаж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар энэ хэрэгт ямар ч холбоогүй, би хуурамч гарын үсэг зурж, тамга тэмдэг хийлгэсэн хэмээн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Түүний зүйл анги ч өөрчлөгдсөн.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” гэсэн зүйл ангиар шалгагдсан. Түүнээс хойш хэдхэн сарын дараа Ш.Батхүү 2015 он долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Тэр яагаад өршөөлийн хууль гарахаас өмнө мэдүүлгээ өөрчилсөн бэ. Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэх хугацаатай тааруулан өөр дээрээ хэргээ хүлээж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарыг уснаас хуурай гаргасан уу. Уг нь бол олон улсын шинжээчдийн байгууллагын зүгээс тамга тэмдэг, гарын үсэг хуурамч биш гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Тус дуулианд нэр холбогдсон , Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарын хувьд 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байсан. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрбээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан. Би дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй.

Харин  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзоригийн хувьд ган бөмбөлөгийн луйврын торыг Н.Энхбаяртай хамт сүлжсэн гэх асуудалд нэр холбогдож явсан. Мөн Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг  “Henlon”, “Great Global international” компаниудын өрийг цайруулсан хүн бол Ч.Ганзориг гэсэн дуулианд ч нэр холбогдож явсан. Насаараа төрийн алба хашиж явсан нэгэн. Түүний төрсөн ах Чимэддоржийн Батзориг  оффшор дансаараа хамгийн олон буюу 6 данс эзэмшдэгээрээ оффшор дахь монголчуудыг толгой цохиж байсан. Ч.Батзоригийн оффшор данс нээлгэсэн  огноо Ч.Ганзоригийн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хугацаатай давхцаж байгааг хэвлэлүүд удаа дараа бичиж байсан.

Өнөөдөр тухайн үед ерөнхий сайд байсан С.Баяр гадагшаа элчингээр томилогдож, Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж, Ш.Батхүүгийн сураг алдарсан. Зээлсэн мөнгөө хэзээ юунд ашигласан нь өнөөдрийг хүртэл нууц байгаа юм. Монголын ганц саалийн үнээг гадны банкинд барьцаанд тавьж битүүмжлэх дээрээ тулсан байхад Монголын төр засаг, барьцаанд тавьсан эдгээр эрхэмүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр ямар хариуцлага хүлээх вэ. Төрийн мэдэлд байсан Эрдэнэтийн 51%-ийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Африкийн “Стандарт” банкинд  барьцаалан зээл авчаагүй л байлтай.

Энэ талаар УИХ-ын ямар байр, суурьтай байгааг хүргэе. 

Д.Сумъяабазар:  Зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ёстой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн өмч хөрөнгийг битүүмжилсэн болоод үйл ажиллагаанд нь доголдол гарсан зүйл одоогоор  байхгүй. Цаашид гарахыг үгүйсгэхгүй.  Зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ёстой. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн болоод Монгол Улсын нэр хүндэд хамаатай асуудал

АН-ын дарга С.Эрдэнэ: С.Баяр болон Сү. Батболдын Засгийн газрын үед "Эрдэнэт"-ийн 51 хувийг банкны барьцаанд тавьсан

С.Эрдэнэ: Эрх баригчид иргэдийн анхаарлыг “Эрдэнэт”-ийн 51 хувиас холдуулж, 49 хувь дээр төвлөрүүлсэн. 49 хувь бол дотоодын асуудал. 51 хувь гадаадаас хамааралтай болоод байна. Монголын төр аль алиныг нь шударгаар шийдэх ёстой.  Магадгүй 49 хувийн асуудлаар Английн арбитрын шүүхийн шийдвэрийг хаацайлах гэсэн бодлого байсан байж мэдэх юм. Монголын төр ''Эрдэнэт'' дээр 49, 51 гэж салгаж тоглож болохгүй. Ц.Нямдорж шударга царайлаад, 49 хувь гээд цээжээ дэлдээд яваад байна. Гэтэл 51 хувь цаана чинь алдагдах гээд байна шүү. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг "Стандарт" банкинд тавьж зээл тавьсан ажил бол С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед хийгдсэн ажил. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга нар үүнд хамаатай. Эрдэнэтийн ТУЗ-ын гишүүд нь "Миний гарын үсгийг дууриасан байсан" гэж хэлсэн байна лээ. Гэтэл гарын үсгийг оригиналь гэдгийг нь Английн Арбитрын шүүхээс баталсан. Арбитрын шүүхээс хэзээ ч худлаа баримт гаргахгүй. Бид 75 сая долларын өрөнд орчихсон нь яах аргагүй үнэн. 

Д.Эрдэнэбат: Энэ мөнгийг төсвөөс төлж болохгүй 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Монгол Улс 100 гаруй сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан. Төрийн өмчийг далимдуулан хулгай хийж байсан этгээдийн ачаа Монголын ард түмний нуруун дээр ирэх ёсгүй. 100 сая ам.доллар гэдэг ХХОАТ-ыг нэмсэн хэмжээний мөнгө. Энэ мөнгийг төсвөөс төлөхгүй шүү. Хэрвээ төсвийн мөнгөнөөс төлсөн ямар нэг зүйл болох юм бол АН ард иргэдтэй нийлж тэмцэнэ.

ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар: Энэ талаар би ярихгүй. 51 хувиа алдсан юм байхгүй.

О.Содбилэг: Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдээс мэдээлэл авахаар санал хүргүүлсэн

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Би яг л бусдын адил мэдээлэлтэй байна. Эрдэнэтийн асуудал шүүх дээр л явж байгаа гэсэн. Энэ асуудлаар манай тойргийнхон надад хандаагүй. Засгийн газрын гишүүд болон Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдээс мэдээлэл авахаар санал хүргүүлсэн. Шүүхээр асуудал нь явагдаж байгаа гэж Ц.Нямдорж сайд өнөөдөр ярьсан байна лээ. 51 хувийг алдах асуудал бол худал байх.

О.Баасанхүү: Үүний ард маш том хуйвалдаан, мафийнүйл ажиллагаа байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад би асуулга хүргүүлсэн. Надад хариу өгөөгүй л дээ. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн чуулганы хуралдааны үеэр би үг хэлэхдээ уг асуудлыг шуурхай оруулах чиглэл өгсөн. Ерөнхий сайдын маргаашийн чуулганы хуралдаанаар хийх мэдээллээр орох ёстой. Гэтэл орохгүй юм шиг байна. Гэхдээ өнөөдөр Уул, уурхайн сайд албан ёсоор тайлбараас өгчихлөө. Тодруулбал, манай улс 102 сая долларын өрөнд орсон өр төлөгдөхгүй бол 51 хувь нөгөө талд шилжинэ гэсэн нөхцөлтэй юм байна. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь ОХУ-ын Засгийн газрын өмч, 51 хувь нь Монгол улсын Засгийн газрын өмч байсан. Эрдэнэт үйлдвэрээр барьцаа гаргахад маш төвөгтэй байсан. Учир нь ОХУ-ын тал зөвшөөрөхгүй, үгүй юу гэдэг шиг асуудал шүү дээ. Тиймээс Монгол улсын Засгийн газарт өөрийн мэдлийн 51 хувиараа барьцаа тавьсан байна. Үүний араас төмөр зам явна даа. Хэн ийм хэрэг эзнийг хайж байна. Муу нэртэй, луу данстай Жастын Г.Батхүү рүү л бид дайрч байгаа. Гэхдээ Ш.Батхүүгийн ард өөр бүлэглэлүүд байгаа. “Алтжин”-ийн Г.Алтан гэж бүсгүйн нэр яригдах ёстой. Үүнийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж зориуд дарж байна. Энэ гэрээ маш ноцтой юм. Бид тэнэг алхам хийж, дур зоргоороо авирласан бэ гэдгийг бид энэ гэрээг ил болгосноор мэдэх боломжтой. 49 хувь дээр ч мөн олон улсын шүүхэд зориуд ялагдах УИХ-ын тогтоолыг оруулж ирсэн. Тэр бол 2.5 тэрбум долларын маргаан явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсын өмч болгосныг бус төрийн өмч болгосон тогтоолыг нь би эсэргүүцэж байгаа юм. УИХ хэзээ ч эрх мэдлээ ийм байдлаар хэтрүүлж болохгүй. 51 хувийг алдана эсвэл 250 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орчихлоо. Үүнийг төлөхгүй 51 шууд “Стандарт” банкны өмч болох юм байна лээ. Тиймээс нөхдүүд Арбитрын шүүхэд хандан хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт өгсөн юм байна. Засгийн газар уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй Монгол улс ганц саалийн үнээгээ алдлаа. Бүх зүйлийг ил тод болгох хэрэгтэй. Үүний ард маш том хуйвалдаан байгаа. Маш их улайрал, мафи байгаа. Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлөөр төрийн өмчийн 51 хувийг барьцаанд тавьчихсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол ганц Ш.Батхүүгийн асуудал биш. Тухайн үед хэн Ерөнхий сайд хийж байсан. Хэн дарга хийж байсан юм. Энэ нөхдүүд нэг л өдөр Монгол улсыг зарж мэдэх нь. 

Ц.Нямдорж: АН-ынхан л улстөржүүлээд л яриад байсан.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Өмнөд Африкийн Стандарт банк болон Монгол Улсын Жаст группын хооронд явж байгаа маргаан юм билээ. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг гэж байхгүй. 2014 онд баталгаа гаргасан гэсэн асуудалд эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Тэр хэрэг нь АТГ-т шалгагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой алданги, хүүг цаашид яриа хэлэлцээр хийх шаардлагатай байгаа юм байна лээ.“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлүүлсэн гэдэг нь худлаа. Худлаа мэдээлэл тарааж, олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байна.Давж заалдах ажиллагаа хийгдсэн. Олигтой үр дүнд хүрээгүй шинжтэй.Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги хүү, торгууль гэсэн зүйл. Байнга л ярьж байсан сэдэв. АН-ынхан л улстөржүүлээд л яриад байсан.

Ч.Хүрэлбаатар: Энэ талаар хариулт өгч мэдэхгүй байна 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэр арбитрын шүүх дээр маргаантай байгаа. Засгийн газар дээр бол Эрдэнэттэй холбоотой маргаан, хэлцэлд ороогүй. Тиймээс энэ талаар би хариулт өгч мэдэхгүй байна.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
отгон
хача херенгее хамгаалж орж ирэх vv
2018/02/26 66.181.184.162
Иргэн
Ер нь оросууд ингэхийг нь мэдээд хувьд өгчихсөн юм болов уу
2018/02/05 103.9.88.210
Иргэн
Жастыг сайн шалгах хэрэгтэй .ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ГЭЭД ИХ МӨНГӨ АВЧ БАЙСАН МАХ МАРКЕТ ЖАСТЫН КОЛОНКУУДЫГ ЗАР МӨН С БАЯР СҮ БАТБОЛД ГАНЗОРИГ СУГАР ОЧИРХҮҮ НАРЫГ МАШ ХУРДАН ХОРЬЖ ШОНД ДҮҮЖИЛ ТА НАРЫНХ БИШ
2018/02/04 202.9.43.29
дашка
нямка баасан дээрээ халтирч байна даа
2018/02/04 202.179.31.21
Зочин
Бүх зүйл тодорхой байхад энэ хууль шүүхийнхэн нь чинь харсан ч хараагүй юм шиг,сонсон ч сонсоогүй юм шиг,шудрага Ц.Нямдорж маань ялгаад салгаад өгөх чадваргүй юм бол хууль зүйн сайдаас огцорвол таарна
2018/02/03 202.9.41.244
Зочин
сайд Нямдорж алтжингийн Aлтан хоёртой холбогдуулан шалгах хэрэгтэй байхаа. Тэр зээлж авсан мөнгө хаашаа хаашаа явсныг нь гаргаад ард түмэнд харуулах хэрэгтэй. Нямдорж чичрээд хамгаалаад байсан.
2018/02/03 103.229.122.169
Баатар
Энэ асуудлын цаана Нямдорж тэргүүьэы шахаачдын бүлэглэл байгаа нь тодорхой тийм учраас Нямдорж ээрч түгдрээд байгаа юм биш үү тэгээгүй бол одоо гоёо үгнүүдээ хэлээд зогсож байх байсан юм.
2018/02/03 202.9.40.190