Шинжлэх ухаанд хүн хоол идэхгүй бол хэдхэн хоногийн дотор энерги, шим тэжээлээ алдаж нас барна гэж үздэг. Тэгвэл АНУ-ын Калифорни мужийн залуу хосууд болох 36 настай Акахи Рикардо, 34 настай Камилла Костелло нар “Bretharians” хэмээх шинэ урсгалын төлөөлөгчид болжээ. Тэд сүүлийн 9 жил ямар ч хоол идэлгүй, зөвхөн ус ууж, сансрын энергиэр амьдарч, мөнгөө хүнсний дэлгүүр хэсэхэд биш дэлхийгээр аялахад зориулж байна. Сонирхолтой нь, хосууд хоёр хүүтэй бөгөөд хоолгүй байснаас ямар нэгэн өвчин тусч, сульдаж байгаагүй ажээ. Эхэндээ жимс, ногоогоор хооллож байсан бол сүүлдээ бүр өлсөх мэдрэмж төрөхөө больсон гэнэ.
Үүний учир шалтгаан нь, бясалгалаар оюун санаа, сэтгэлийн эрх чөлөөнд хүрч, өөрт нуугдан байгаа агуу хүчийг олж чадсан явдал юм. Тэд үүнийгээ “сансрын энерги” хэмээн нэрлэжээ. Нарны гэрэл, агаар, салхи нь хүнд хангалттай эрч хүч өгч байдаг гэж тэд тайлбарлаж байна.
Үнэхээр ийм зүйл байх боломжтой юу? 1983 оноос хойш өөрийгөө юу ч идэлгүй, нарны энергиэр амьдардаг хэмээн зарласан хэд хэдэн хүн гарч ирсэн ч худал болох нь нотлогдож, зарим нь шим тэжээлийн дутагдалд орж байжээ. Вайли Брүүкс гэдэг хүн 30 гаруй жил өөрийгөө “Bretharians” хэмээн тунхаглаж, 1 тэрбум долларын хандив цуглуулж, олон дагагчтай болсон ч “Mac Donalds”-ын түргэн хоол идэж байгаад баригдсан юм. Харин Хиндү шашны төлөөлөгч Прахлад Жани амьдралынхаа ихэнх хугацааг юу ч идэж, уулгүй өнгөрүүлсэн гэдэг. Түүнийг эмч нарын хяналтан дор олон сар ажиглаж үзсэний эцэст ийм зүйл байх боломжтой гэж дүгнэсэн байна. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс энэ бүхэнд албан ёсны тайлбар хийгээгүй юм.