Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр өглөөний есөн цагаас орон даяар эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх юм. Мөн энэ жил бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт оржээ.
Тодруулбал, Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байна. Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой аж.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор даруулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
- Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк. Төрийн банк. Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.