8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт үйлдвэрийн 51%: Бохир үйлдлийн цаадах цэвэр нэртнүүд ил болох уу

2018-02-05 08:44:00

2009 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 51 сая доллар зээлсэн байдаг. Гэтэл тус 51 сая доллар нь өнөөдөр 109 сая доллар болон нэхэгдэж байна. Учир нь Монголын тал зээлийн үндсэн төлбөр 51 сая долларыг төлөхөөс гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаан дахь шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэрэгт нийт 44 сая долларыг төлөхөөр болоод байна. Ингээд нийт “Стандарт” банкинд 99 сая доллар төлөхөөр болсон гэсэн үг. Мөн нэмж зээлийн хүүд 900 мянган доллар төлнө.  Дээрх мөнгийг төлөөгүйгээс үүдэн Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжлэх хэмжээнд хүрээд байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан гэдэг.  Ойрын хугацаанд 120 сая ам.долларыг төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 51% Африкийн Стандарт банкинд очих магадлал маш өндөр байгаа юм.

Үүнийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хүртэл хүлээн зөвшөөрсөн.

Түүх сөхвөл, Ш.Батхүү нь Стандарт банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийн дарга нараар баталгаа гаруулсан байдаг. Тэрбээр зээлсэн зээлээ хуваарийн дагуу төлж байсан ч 2013 оноос төлөөгүйтэй холбогдуулж “Стандарт” банкнаас Арбитрын шүүхэд хандсан байдаг. Тухайн үед буюу 2009 онд “Эрдэнэт”-ийн даргаар ажиллаж байсан хийгээд Ш.Батхүүд батлан даалт хийсэн гэх ерөнхий захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын тамга бүхий гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн ч олон улсын Арбитрын шүүхээс оригиналь гарын үсэг гэдгийг батлаад байгаа юм. Тодруулбал, Ш.Батхүүд батлан даалт хийсэн Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсэг хуурамч биш гэдгийг тогтоосон нь Ш.Батхүүг хорих үндэслэл болсон байдаг юм. Ш.Батхүүг 2013 оны наймдугаар сараас эхлэн хуурамч бичиг баримт үйлдэн, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдан хорьсон юм. Гэвч 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргасан. Цаашлаад УИХ-аас 2015 оны долдугаар сарын 1-нээс  хэрэгжүүлж эхэлсэн Өршөөлийн хуулиар цагаатгасан юм. Хэдийгээр зээлсэн хүн нь Ш.Батхүү боловч түүний ард эрх мэдэлтэй олон хүн бий. Чухам "Эрдэнэт"-ийн 51 хувийг алдахад хүргэсэн гол буруутай этгээдүүд хэн бэ гэдэг асуулт өнөөдөр хариултаа нэхэж байна. 

Зээлсэн мөнгийг юунд ашигласан бэ

Ш.Батхүү зээлсэн мөнгөөрөө ямар ажил хийсэн нь  тодорхойгүй байгаа юм. Өнөөдөр тухайн үед ерөнхий сайд байсан С.Баяр гадагшаа элчингээр томилогдож, Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж, Ш.Батхүүгийн сураг алдарсан. Зээлсэн мөнгөө хэзээ юунд ашигласан нь өнөөдрийг хүртэл нууц байгаа юм. Монголын ганц саалийн үнээг гадны банкинд барьцаанд тавьж битүүмжлэх дээрээ тулсан байхад Монголын төр засаг, барьцаанд тавьсан эдгээр эрхэмүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр ямар хариуцлага хүлээх вэ. Төрийн мэдэлд байсан Эрдэнэтийн 51%-ийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Африкийн “Стандарт” банкинд  барьцаалан зээл авчаагүй л байлтай. Тэгэхээр үүний цаана тухайн үед Засгийн эрхийг барьж байсан эрхмүүд голлон оролцсон гэдэг нь тодорхой байна. 

Д.Сугар, Ч.Ганзориг нар сугараад үлдэх үү

 “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг банкинд барьцаанд тавих эрх мэдэл байхгүй. Ч.Ганзориг, Д.Сугар нарт  ч мөн ийм эрх мэдэл байхгүй. Тэгэхээр АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэнчлэн энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сү.Батболд нар холбоотой байж мэднэ. Өөрөөр хэлбэл, уг хэргийн хамгийн цаад талд С.Баяр болон Сү.Батболд нар байж болох магадлалтай гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Маш их эрх мэдэлтэй албан тушаалтнуудтай зөвшилцсөн улмаар бүгдийнх нь эрх ашиг нэг цэгт огтолцсон болоод л “Эрдэнэт”-ийн төрийн мэдлийн 51 хувийг тавьсан байж таарна. Тэгэхээр энэ хэрэгт ганц Ш.Батхүү гэх хүнийг буруутгах хэрэггүй юм.

Тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар өөрсдийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэж зээлийг авсан байна гэж мэдэгдсэн ч үүнийг Арбитрын шүүх үгүйсгэчихсэн. Олон улсын хэмжээний томоохон хэргүүдийг дэнслэдэг Арбитрын шүүхээс гарын үсгийг хуурамч, жинхэнэ эсэхийг шийдэх хэмжээний хангалттай чадвартай гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр Ч.Ганзориг, Д.Сугар нар гарын үсэг зурж өгөөд Ш.Батхүүд батлан даалт болсон нь үнэн болж таарах нь. Харин тэд хэрэгт хамааралгүй нэр цэвэр мэт харагдахын тулд хуурамч гарын үсэгний үлгэрийг зохиож ярьж байж мэднэ. Мэдээж тэднийг гарын үсэг зур гэх тушаалыг хэн нэгэн “том” дарга нь өгсөн байж таарна шүү дээ. Харин тэр хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Засгийн газрын сайд байж мэдэх юм. Нөгөө О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн уг хэргийн цаана маш том хуйвалдаан, мафи байх нь тодорхой байна.

Ш.Батхүүгийн тавьсан өрийг төрийн мөнгөнөөс төлөх үү?

Монгол улсын стратегийн том ордын нэг “Эрдэнэт” үйлдвэрийг зүгээр л нэг бизнесмэн хаа холын Африкийн банкны барьцаанд тавих бүх талын боломж үгүй. Тэгэхээр түүний ард маш том улс төрийн бүлэглэл байна гэсэн үг. Харин тэр бүлэглэл нь тухайн үеийн Засгийн газрын тэргүүнээс эхлэлтэй гэж улс төрийн хүрээнд ярьж байгаа юм. Тэгэхээр хэдэн хүний хууль бус хуйвалдааны үр дүнд бий болгосон өрийг өнөөдөр Монголын Засгийн газар төлөх үү гэдэг том асуулт гарч байна. Монгол улсын Арбиртын шүүхэд төлөөлөх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол улсын “Жаст” групп хоорондын маргаан явж байгаа юм билээ. Шийдвэрүүд нь гарчихсан. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Тиймээс Засгийн газарт хүлээх үүрэг, хариуцлага байхгүй. Батлгаа гарсан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа. Бүр 2013, 2014 онд шүү. Тэр хэрэгт АТГ-т шалгагдаж байна. Сүүлд “Хадгаламж” банкийг хураах асуудал үүсч, Ш.Батхүү гэдэг хүнийг хорьсон байдаг. Дээр нь шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбогдуулан алданги, хүү тооцдог. Үүний талаар цаашид яриа, хэлэлцээр хийх асуудал байгаа юм билээ.  Давж заалдах ажиллагааг нь олигтой үр дүнд хүрээгүй шинжтэй байна лээ” гэж мэдэгдсэн. Уг нь бол уг асуудлыг мэдэхийн ихээр мэдэж буй хүн нь Ц.Нямдорж сайд. Гэтэл тэрбээр энэ асуудлыг мэдэхгүй мэт аашилж болж буй үйл явдлыг намжаах гэж оролдож байна. Түүний хэлсэн үгээс дүгнэвэл Монгол улс Стандарт банкинд 99 сая долларын төлөх нь тодорхой байна. 250 тэрбум төгрөг бага биш мөнгө. Ардчилсан намын бүлэг энэ мөнгийг төсвийн мөнгөнөөс төлөхгүй байхыг сануулсан. Хэрвээ төлбөл ард түмэнтэйгээ нийлээд тэмцэнэ гэсэн. Гэхдээ тэднийг тэмцсэн ч энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэр цаашлаад Засгийн газар төлөх нь тодорхой байна. Ш.Батхүү гэх нөхөр нэг жил шоронд сууснаа Монголыг өрөнд оруулсан хариуцлагаа хүлээсэн гэж үзэж буй бол Арбитрын шүүх манай улсыг тэс өөр хариуцлагад унагаад байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг банкинд барьцаанд тавьдаг том толгойтой том бүлэглэлийн тооцоолсон эцсийн үр дүн ч энэ байж мэдэх юм.  Монголын хуулийн байгууллага уг хэрэгт холбогдогчдыг олж хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Өөр оронд бол аль хэдийн асуудлыг шийдэж буруутай этгээдүүд хариуцлага хүлээж улсыг хохиролгүй болгосон байгаа. Гэтэл манайд бүх байдал эсрэгээрээ. Эрх баригчид өнгөрсөн жилээс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлыг сөхөж ярьж эхэлсэн нь 51 хувийг мартагнуулах гэсэн арга байж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Мэдээж тэр мөнгийг с.баяр ганзориг сугар нар оффшор дансандаа хийгээл үл хөдлөх хөрөнгө болгож гадаадад эргэлдүүлж бгаа шүү дээ.хулгай луйвар хийхээр сайхан амидардаг.ажил хөлөлмөр хийхээр ядуу тарчиг
2018/02/05 103.212.118.67
zochin
Bathuugiin hurungiig huraaj bituumjilj uriig ni tuluuleh heregtei sh dee. Ard tumnii tatvariin munguur hen negnii idej uusan mungiig tuluhiig herhevch zuvshuuruhgui. S.Bayariig avchir shalga.
2018/02/05 103.10.21.38
Лооеэ
Хэн сайн хулгай хийнэ тэр хүн Монголд сайхан амьдарна.Хулгай лувраа сайн хийцгээ монголчуудаа.Мөнгөтэй хулгайчуудад хууль үйлчлэхгүй.
2018/02/05 180.149.78.99