8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АНХДУГААР ЧУУЛГАН” –Д ОРОЛЦСОН ТӨЛӨӨЛӨГЧДӨД МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

2017-11-22 18:40:00

Монголбанкнаас “Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган”-ыг Орхон аймагт 1 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд “Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд” сэдвийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран амжилттай зохион байгууллаа. Чуулганд Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Хөгжлийн банк, арилжааны банкууд, Эрдэнэт үйлдвэр болон бусад томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо. Монголбанкны санал, санаачлагыг дэмжин хамтран зохион байгуулсан болон хүрэлцэн ирж оролцсон бүх байгууллагуудад талархал илэрхийлье.

Энэхүү эдийн засгийн чуулганы зорилго нь тухайн цаг үед болон ойрын ирээдүйд эдийн засаг, макро бодлогод тулгамдаж буй сорилт, асуудлуудыг бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, эдийн засгийн бусад гол тоглогчид хамтран судалгаа, шинжилгээнд суурилан хэлэлцэж, тодорхой асуудлаар нэгдсэн ойлголттой болох жишгийг тогтоох явдал байв. Анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдаж, энэхүү зорилгодоо хүрлээ.

Чуулганаар өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн бодлогын хэрэгжилт, түүнээс авах сургамж, 2018 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв, сорилтууд,  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, цахим мөнгө болон криптовалют зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн. Чуулганд оролцогчид Монголын эдийн засагт нааштай үр дүн гарч, сэргэж байгаа энэ үеийг ашиглан хүлээгдэж буй сорилтуудыг амжилттай даван туулах арга хэмжээг хугацаа алдахгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал байгааг онцлов. Эдийн засагт дараах том сорилтууд тулгарч байгаа дээр санал нэгдэв:

  • Энэ оны 10 дугаар сараас өмнө мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэхттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх замаар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэг (APG)-ийн ‘эрчимтэй хяналт’-аас гарч, ‘саарал жагсаалалт’-нд орохгүй байх;
  • Монгол Улсын гадаад өрийн дарамтыг бууруулах, шийдвэрлэхэд чиглэсэн, харилцан уялдаатай шат дараатай арга хэмжээ авах;
  • Монголчуудын ядуурал, өр зээл хэт хурдацтай өсч өрхийн санхүүд хүндрэл бий болгож байгаад анхаарал хандуулж, холбогдох бодлогын арга хэмжээг авч эхлэх;
  • Байгалийн баялагийг эдийн засгийн хөгжилд ашиглах: одоогоор нээн илрүүлээд байгаа томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хөрөнгийг бүрдүүлэх, сайн засаглал, институцийг бүрдүүлэх, байгалийн баялагаас орж ирэх орлогыг улс орны өрсөлдөх чадварыг дэмжих, экспортын төрөлжилтийг бий болгох чиглэлд хөрөнгө оруулалт хийх.

Чуулганд оролцогчид “Эдийн засгийн бодлогын чуулган”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх дээр санал нэгдэв. Жил бүрийн эхэнд эдийн засаг, макро бодлогод тулгамдаж буй сорилт, асуудлуудад шийдэл хайх, бодлогын боломжит хувилбаруудыг судалж хэлэлцэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.  

Энэхүү зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүд, хэлэлцүүлэгийн тэмдэглэлийг “Мөнгө, Санхүү, Баялаг” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэн ойрын хугацаанд нийтэд мэдээлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл