Дэлхийн ихэнх улс орнууд эдийн засаг нь тогтвортой байхад тус болно гэж үзээд төв банк гэдэг институцийг байгуулдаг. Ингэхдээ гүйцэтгэх үүрэг ролийг нь хуулиар тусгайлан зааж өгдөг жишиг тогтжээ. Өнөө үед хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудад төв банк үнийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах явдлыг үндсэн зорилтоо болгох нь түгээмэл байна. Тэгвэл эдийн засагт ажил эрхлэлт, ядуурал, ДНБ-ийн өсөлт, өрсөлдөх чадвар г.м. олон чухал асуудал байтал инфляцийг онцолж сонгоод төв банкинд хариуцуулдаг нь ямар учиртай вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Үнийн тогтвортой байдлын ач холбогдол
Инфляци нь эдийн засгийн өсөлт, ядуурал г.м. асуудлууд шиг үргэлж олны анхаарлын төвд байдаг сэдэв биш бөгөөд үнэ тогтвортой үед “мартагддаг” гэж хэлж болохоор үзүүлэлт. Харин үнэ тогтвортой байхаа больсон цагт л бид ямар чухал зүйл болохыг нь гэнэт ухаарах тохиолдол олон.
Тухайлбал, үнийн өсөлт 231 сая хувьд хүрч, 100 триллионы дэвсгэрт гүйлгээнд гаргахад хүрч байсан Зимбабве улсын 2008 оны туршлага гипер инфляци эдийн засгийг яаж сүйтгэдгийг харуулсан. Мөнгөн хуримтлалыг богино хугацаанд үнэ цэнэгүй цаас болгон хувиргах үнийн хурдтай өсөлт нь банк санхүүгийн системийг хэрхэн тогтворгүй болгодгийг өнгөрсөн жил 40% болон 800%-ийн инфляцитай байсан Аргентин, Венесуель улсуудын жишээ харуулж байна. Мөн Японы сүүлийн 30 жилийн түүхээс бараа, бүтээгдэхүүний үнэ эсрэгээрээ олон жил дарааллан буурч дефляци үргэлжлэх үед компаниуд хэрхэн хөрөнгө оруулалтаа танаж, ажиллах хүчээ цомхотгож байсныг ч харж болно. Үнэ тогтворгүй, савлагаатай байхын зовлонг Монголчууд ч туулж үзсэн бөгөөд 90-ээд оны эхэнд инфляци 300% давж, жилийн дотор үнэ 3 дахин өсөхөд иргэдийн хэрэглээ, худалдан авах чадварт хэрхэн дарамт учирч байсныг олон хүн нүдээрээ харсан.
Тэгэхээр, бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлт бол худалдан авалт хийж буй хэрэглэгчид, мөнгөө хадгалуулж буй хадгаламж эзэмшигчид, эсвэл хөрөнгө оруулалт хийж буй бизнесийн байгууллагууд гээд хэн бүхэнд шууд нөлөөтэй. Иймд үнэ тогтвортой байх нь нийгэмд ашигтай зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Үнэ тогтвортой байх нь эдийн засаг бүхэлдээ тогтвортой, үр ашигтай ажиллах суурь хөрс нь болох учраас л инфляци гэдэг энэ чухал асуудлыг хариуцсан эзэн заавал байх ёстой юм.
Инфляцийг яагаад заавал төв банк хариуцах ёстой гэж?
Төв банкууд үүссэн цагаасаа эхлэн мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг хамгаалах, засгийн газрын төлбөр тооцоог гүйцэтгэх, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах зэрэг үүргийг биелүүлж ирсэн. Харин төв банкууд инфляцийг “хариуцдаг эзэн” болсон нь харьцангүй саяхан тогтсон жишиг юм.
Түүх сөхвөл, XVII зуунд байгуулагдаж байсан анхны тѳв банкуудтай харьцуулахад энэхүү институци өнөөдөр танигдахгүй болтлоо хувьсан ѳѳрчлѳгдсѳн гэхэд болно:
- Орчин үеийн тѳв банкны анхны загвар гэгддэг Английн тѳв банк гэхэд 1600-аад оны сүүл үед хэмжээ томтой болохоос жирийн нэг арилжааны банк байв. Үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал г.м. одоогийн төв банкны үүрэг тэр үед байсангүй.
- Хараат бус байдлыг нь хуулиар баталгаажуулж, үндсэн зорилт нь үнийн түвшнийг тогтвортой байлгахад чиглэгдсэн тѳв банк дэлхийн II дайны дараах Германд л анх бий болсон байдаг. Үүний гол шалтгаан нь I дайны ѳр тѳлбѳрѳѳ мѳнгѳ хэвлэж санхүүжүүлсний улмаас гипер инфляцитай тулгарч, эдийн засгийн асуудал нь фашизм, цаашлаад дахин нэг дэлхийн дайн руу түлхсэн түүхээс авсан сургамжтай холбоотой байв.
Ер нь 1990-ээд он хүртэл ихэнх улс орнуудад төв банкууд засгийн газрынхаа харъяанд байсан бөгөөд 1980-аад он гэхэд ердөө 20 орчим төв банк л засгийн газраасаа хараат бус байв. Татварын мөнгөөр бүрддэг хязгаарлагдмал төсөвтэй засгийн газруудын хувьд өөрсдөө мөнгө хэвлэх эрхтэй байх нь мэдээж таатай зүйл. Гэхдээ сонгогчдынхоо өмнө улстөрийн амлалт биелүүлэхийн тулд ажиллаж буй институци мөнгө хэвлэх эрхтэй байх нь аюултай байв. Энэ нь мөнгөний бодлогод улстөр шууд нөлөөлж, улмаар үнийн тогтвортой байдлаа алдсан улс орнуудын алдаануудаас хялбархан ойлгогджээ. Иймд, үнийн тогтвортой байдлыг гагцхүү мөнгө хэвлэх эрхтэй тэрхүү байгууллагад өөрт нь хариуцуулж, хараат бус мөнгөний бодлого явуулах боломжийг нь хуулиар баталгаажуулж өгдөг болжээ.
Төв банк яагаад зөвхөн инфляцийг хариуцах ёстой гэж?
Тэгвэл төв банк инфляциас гадна эдийн засгийн бусад асуудлуудыг ч анхаарлын төвдөө байлгаж болохгүй юу гэдэг асуулт урган гарна. Нэг талаар, “Oлон асуудалд зэрэг анхаарлаа хандуулах нь эсрэгээрээ аль ч зорилгоо амжилттай биелүүлж чадахгүйд хүргэнэ” гэдэг энгийн логик төв банкны хувьд ч үйлчилдэг. Төв банк нэгэнт л бүх асуудлыг шийддэг ид шидтэн биш учраас тодорхой нэг асуудлыг л хариуцсан шиг хариуцах нь түүнийгээ амжилттай биелүүлэх үндэс юм. Үүнийг практик дээр баталсан судалгаа ч хангалттай олон байх бөгөөд, олон зорилт урдаа тавьсан төв банкууд үндсэн гол зорилтдоо ч хүрч чадахгүй байх тохиолдол түгээмэл байдаг.
Харин нөгөө талаар, макро эдийн засгийн маш олон чухал асуудлаас чиг үүргийнхээ дагуу төв банк шууд оролцоод, урт хугацааны шийдэл санал болгож чадах асуудал ховор. Жишээ нь, аль нэг салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх, хүн амыг өсгөх, мэдлэг ур чадварыг нь ахиулах тал дээр мөнгөний бодлого тусалж чадахгүй. Иймд эдийн засгийн өсөлт, ядуурал г.м. асуудлуудад төв банкны шууд оруулах хувь нэмэр нь хязгаарлагдмал. Мэдээж эдийн засагт эргэлдэж буй мөнгийг ихэсгэх замаар түр хугацаанд эдийн засгийг идэвхжүүлж болно. Гэхдээ энэ нь үнийн хөөсрөлийг үүсгэж, ирээдүйн хямралын шалтгаан болох эрсдэлтэй тул урт хугацаанд үргэлжлэх аргагүй гэдэг нь ойлгогдоно. Иймд төв банкууд өнөөдөр үнийн тогтвортой байдлыг л хангах замаар эдийн засагтаа хувь нэмэр оруулах нь түгээмэл байна. Харин давхар эдийн засгийн өсөлтийг бий болгохыг зорьсноор инфляцийг ч өдөөж, эцэстээ өсөлтийг ч үгүй хийх эрсдэлтэй юм.
Олон нийтийн хүлээлт ба төв банкны зорилтын биелэлт
Инфляцийг зорилтот түвшинд байлгахад нѳлѳѳлдѳг нэг гол хүчин зүйл нь зах зээл дээрх хүлээлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд г.м. зах зээлд оролцогчид юу гэж итгэхээс хамаараад тэдний хийх үйл хѳдлѳл тодорхойлогдож, энэ нь цаашлаад эдийн засагт юу болж өрнөхийг шийддэг учраас тэр. Иймд төв банк зах зээл дээрх хүлээлтийг хэрхэн оновчтой удирдах вэ гэдэг нь сүүлийн үед мөнгөний бодлогын гол анхаарах асуудал болж байна.
Нийгмийн зүгээс тѳв банкийг эдийн засагт бүхнийг чадагч ид шидтэн мэтээр тѳсѳѳлж, хэт ѳндѳр хүлээлт тавин магадгүй хуулиар хориглосон зүйлсийг хүртэл шаардах нь олон асуудлын эхлэлийг тавьдаг. Жишээ нь, хүн бүрт л мѳнгѳ хэрэгтэй ч төв банк бүгдэд хүрэлцэхээр мѳнгийг хэвлээд тараавал мөнгөн тэмдэгт өөрөө үнэ цэнэгүй зүйл болж хувирна. Ийм гэнэн зүйлийг мэргэжлийн эдийн засагчдын багаас бүрдсэн институци арай ч хийхгүй санагдах ч, бодит амьдрал дээр төв банк чухам энэхүү алдааг гаргасан тохиолдол цөөнгүй. Тэгэхээр, төв банк хүлээлтийг зөв удирдаж, инфляцийн зорилтоо биелүүлж чадах эсэх нь төв банкны зорилго зорилтыг, хэрэгжүүлж буй бодлогыг олон нийт ямар түвшинд ойлгож буйгаас ихээхэн хамаарна.
Иймд, төв банкууд үнийн тогтвортой байдлыг хангаж эдийн засагтаа зохих ёсны хувь нэмрээ оруулахын тулд зорьж буй зорилго, түүндээ хүрэхээр хэрэгжүүлж буй бодлогоо зөв тайлбарлаж ойлгуулах, үүнийгээ үр дүнтэй байлгахын тулд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхийг зорьдог болжээ. Түүнчлэн, нийгмийн хүлээлт улстөрийн дарамт болж төв банкин дээр ирэх үед хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь бүрдүүлэх хуулийн дархлаатай болохыг ч чухалчилж байна.
Б.Түмэнцэнгэл