Шилэн кабелын холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурван үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно сүржин рекламдсаар “Юнител” группийн охин компани “Юнивишн” хэдэн жилийн өмнө нээлтээ хийж байв. Ингэснээрээ энэ төрлийн үйлчилгээгээрээ монголд анхдагч болж, хэрэглэгчдийг хуйлруулж чадсан юм. Гэвч энэ хугацаанд итгэл хүлээлгэж, сонгосон хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүртэл үйлчилж чадсан билүү. “Хэрэглэгчдээсээ илүү их мөнгө авдаг”,“Хэрэглэгчид нь ШӨХТГ-т гомдол гаргасан байна”, “IPTV гацалтын гайхамшгийг харуулж байна”, “Зурагт интернэт нь гацчихлаа”, “Интернэтийн хурд нь зохих хэмжээндээ хүрэхгүй байна” гээд л тоочвол тоймгүй. Хамгийн сүүлд гэхэд л Юнивишн-ы төхөөрөмж дэлбэрсэн. Азаар тэр айлд хүн байгаагүй. Гэвч эзгүй хойгуур нь дэлбэрэлт аль нэг газар оч үсэргэж, галын аюул учруулсан бол яах вэ? Үнэндээ энэ компанийн төхөөрөмж нь найдваргүй. Радиатор нь зүгээр нэг утасны цэнэглэгч аятай.
Гэвч “Юнивишн” компани ирэх сарын эхний өдрөөс эхлэн интернэтийн хэрэглээг нь хязгаарлаж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал өмнө нь 29 900 төгрөгийн багцын интернэтийн хурд нэг мб, хэрэглээ хязгааргүй байсан. Тэгвэл шинэчлэлтээр гурван мб хурдаар 100 гб интернэт ашиглах, 39 900 төгрөг-200 гб интернэт, 54 900 төгрөг – 300 гб интернэт, 89 900 төгрөг – 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож хэрэглээг хязгаарлажээ.
Анхдагч хэмээн тунхагласнаар чамгүй хэрэглэгчтэй болж амжсан тус компанийнхан иргэдийн итгэлийг олж, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болоод дата багц нэрээр хулхидалт хийх гэж байгаад иргэд дургүйцэж байна. Зарим уурссан иргэд эхнээсээ холбогдох байгууллагуудад нь хандаад эхэлжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан энэ асуудлыг шалгаж байна.
“Юнивишн”-ий өөрсдийгөө рекламддаг гол зүйл болох IPTV буюу телевизийн шууд эфирээр дамжиж буй нэвтрүүлгийг түр зогсоох, гараад өнгөрснийг нь нөхөж үзэх, хуулж авах технологи юм. IPTV нь өргөн зурвасын интернэт ашиглан тоон телевизийг ердийн телевизорт хүлээн авч үзэх боломж олгодог. Түүнчлэн хэрэглэгчид нь IPTV-г хүлээн авч буй сүлжээгээрээ дамжуулан өндөр хурдны интернэт болон суурин утасны үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах учиртай юм. Өөрөөр хэлбэл, IPTV нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдолгүй байх төдийгүй холбогдох хурд нь өндөр байх шаардлагатай байдаг. Хэрэв тухайн цэгт очиж байгаа хурд нь хангалтгүй байвал хэрэглэгчийн зурагт гацдаг гэсэн үг.
Түүнчлэн бүх үйлчилгээ нь интернэтэд суурилсан учир интернэтийн урсгал тасарвал телевиз, суурин утас, интернэтийн үйлчилгээг ашиглах боломжгүй болдог. Үүнд л гол учир байгаа юм. Тиймээс л “Юнивишн”-ий хэрэглэгчид гайхамшигт амлалтад нь хууртсандаа бухимдахаас өөр яалтай билээ. Одоо дээр нь интернэтийн хэрэглээг нь хязгаарлачихаар юу болох вэ?
Хамгийн сонирхолтой нь Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудалд оролцох эрхгүй гэнэ. Зөвхөн “Юнивишн” ч биш “Скаймэдиа” зэрэг бусад кабелийн телевизийн үнэ тарифын асуудалд ХХЗХ-оос шууд нөлөөлөх эрх байдаггүй гэнэ. Өрсөлдөөний тухай болон Харилцаа холбооны тухай хуулиар телевизийн олон сувгийн үйлчилгээнд давамгай болон зүй ёсны монополь компанийн үнэ тарифт л хяналт тавьдаг гэж байна. Тэгэхээр “Юнивишн” компани монополь эрхээ ашиглан хэрэглэгчидээ шулах үйл ажиллагаагаа тулгаж байгаа хэрэг үү.
Тэгвэл нэгэнт “Юнивишн” компанитай гэрээ байгуулчихсан иргэд гэрээгээ цуцлаж, оператор компаниасаа татгалзахаас өөр сонголт бий гэж үү!