Саяханы хэдэн өдөр нефть импортлогч компаниу шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэж АИ 92, 80 шатахууныг зарахгүй гүрийж АИ 95 бензиний үнийг дур мэдэн нэмж худалдаалсан. Тэд шатахууны хомсдолыг бий болгож хэдэн өдөр иргэдийг бухимдуулсан билээ. Эцэст нь Засгийн газрын дийлж АИ 92, 80 шатахууны онцгой албан татварыг тэглүүлж чадсан юм.
Иргэд шатахуун авч чадалгүй бухимдахдаа Оросын Роснефть компанийн салбарыг Монголд ажиллуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Харин Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барихгүй бол цаашид бүтэхгүй юм байна гэж мэдэгдсэн. Тэгвэл энэхүү үйл явдлыг Оросууд овжиноор мэдэрсэн бололтой. Тодруулбал, ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирсэн бөгөөд энэ өдрүүдэд холбогдох албаныхантай уулзаж байна.
Манайхан дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсон энэ үед манай улсын шатахууны дийлэнхийг хангадаг "Роснефть” компани ямар хэлэлцээ хийж байгаа нь сонирхол татаж байгаа юм.
Мөн хайгуул хийх асуудлаар хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл ч байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сард Давосын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг. Уг уулзалтын гол зорилго нь түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнэ бууруулах чиглэлээр хамтран ажиллах чиглэлд санал солилцсон явдал байв.
ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, “Роснефть” компанид уг асуудлаар Монгол Улстай хэлэлцээр хийх чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть”-ийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж эхэлсэн нь энэ юм.
Энэ талаар Д.Сумъяабазар сайд “Хэлэлцээр үргэлжилж байгаа. Хоёр тал байр сууриа нэгтгэсний дагуу албан ёсоор мэдээлэл хийнэ. Хэлэлцээрийн явцад мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгөөд буй.
Т.Энхэлээ