8o
Улаанбаатар хот
mobile menu

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н. Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой тохиож байна

2018-02-06 14:47:43

Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,  Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг  Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой тохиож байна. Уг ойд зориулж Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо "Мөнхөд дурсагдах гавъяатан" нэртэй үзэсгэлэн болон "Эерэг өөрчлөлт" сайн үйлсийн аяныг эхлүүллээ.

Н.Янжмаа агсны үйл хэрэг, амьдралын замналыг харуулсан тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Д.Сүхбаатар, Н.Янжмаа нарын төрөл төрөгсөд болох Д.Сүхжаргалмаа, Ц.Хүрэлсүх, Сүхбаатар судлаач О.Баатар нар оролцлоо.

Их жанжин Д.Сүхбаатарын гэргий гэдгээрээ ард түмэнд илүүтэй танигдсан тэрээр Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг  юм. “Н.Янжмаа нь XX зууны эхэн үеийн  эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан бөгөөд  эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, “Мөнхөд дурсагдах гавъяатан”.  Төрийн алба хашиж буй хүн өөрийгөө золиослож зүтгэдэгийн жишээ нь Н.Янжмаа гуай бөгөөд өнөө үеийн бид түүнээс үлгэр жишээ авах учиртайг гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. 


 

Н.Янжмаагийн нэрэмжит “Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аян нь Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх 100 сайн үйлсийн эхлэл аж. Нийгмийн халамж, анхаарал шаардлагатай тодорхой зорилтод бүлгүүд байдаг. Тэдэнд материаллаг гэхээсээ илүүтэй оюунлаг амьдрах чадвар, амьдралын дархлаа суулгах дэмжлэг тэдэнд хэрэгтэй гэдгийг НАМЭХ-ныхон олж харжээ. Тиймээс энэ чиглэлийн сайн үйлсийн аяныг хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл гэсэн шаталсан хэлбэрүүдээр үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон нь энэ юм. 

Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ. Нэмэндэйн Янжмаа 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга,  Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. 1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийг манлайлж явжээ. Тэрээр УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд АИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Н.Янжмаа эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар  МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга  зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment