8o
Улаанбаатар хот
mobile menu

Нисэх буудлын ажилчид шинжилгээнд хамрагдлаа

2018-02-07 18:10:00

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол 2020” хөтөлбөрийг санаачлагч “Оном сан” ТББ-д Хэвлэл мэдээлэл, хуулийн хэлтсээс хүсэлт тавьсаны дагуу нисэх буудлын бүх ажилтныг хамруулах зорилготой элэгний B, C вирусын эрт илрүүлгийн шинжилгээ болон элэгний өвчлөл, урьдчилан сэргийлэлтийн талаарх сургалтыг энэ хоёрдугаар сарын 01-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Манай улсын хүн амын эрүүл мэндэд сүүлийн жилүүдэд хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал бол хавдрын өвчлөл, тэр дундаа элэгний хавдрын тархалт улам бүр нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолдог. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд элэгний вирусын архаг халдвартай 400 мянган хүн байдаг, харамсалтай нь тэдгээрийн 70 хувь нь вирусын халдвартай гэдгээ огт мэддэггүй аж. Сэтгэл түгшээсэн өөр нэг тоо баримт бол 100 мянган хүн тутамд элэгний хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа аж. Тийм ч учраас энэ бол үндэстний хэмжээнд аюулын харанга дэлдэж, төр засаг зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал болсон байна.

Элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын С вирусын голомтыг Монгол Улсад 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг зогсоох нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн гол зорилт юм билээ. Тус сангийн эмч, ажилтнуудын энэ удаагийн сургалт болон вирус илрүүлэх шинжилгээнд нисэх буудлын ажилтнууд үнэ төлбөргүй хамрагдсан юм. Сургалтын зорилго нь хепатитын вирусын цочмог болон архаг халдвараас урьдчилан сэргийлэх, вируст хепатитын өвчлөл, түүний үр дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй хэрхэн тэмцэх, өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар ойлголтыг дээшлүүлэхэд чиглэж байгаа аж. Нисэх буудлын гурван ээлжийн ажилтнуудыг бүрэн хамруулахын тулд тус сангийнхан гурван өдөр дараалан“Чингис хаан” ОУНБ-ын эмнэлгийн хэсэгт ажиллаж вирус илрүүлэх шинжилгээнд хамрууллаа. Гэхдээ шинжилгээ аваад зогсохгүй, С вирус илэрсэн тохиолдолд давтан буюу вирус тоолох шинжилгээнд үнэгүй, дараа дараагийн шатны эмчилгээнд хамруулах байдлаар тухайн хүнийг аль болох эрүүл болгохыг тус сангийнхан зорьж ажиллаж буйгаа сургалтын үеэр онцолж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment