8o
Улаанбаатар хот
mobile menu

Н. Баянмөнх: Японы барилгын инженерийн тэргүүн зэрэг хүртсэн анхны Монгол хүн болсон

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-02-08 08:58:00

Монгол залуус эзэмшсэн мэргэжил, ажил хөдөлмөрөөрөө дэлхийн өнцөг булан бүрт амжилт гаргаж эх орныхоо нэрийг гаргаж явна. Түүний нэг нь Арлын Японд сурч, ажилладаг Намсрайн Баянмөнх. Тус залуугийн хувьд  хэдхэн хоногийн өмнө Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг хүртсэн. Энэ зэргийг авч байгаа анхны Монгол хүн аж. Бид түүнтэй холбогдож, зорилго, тэмүүллийн  талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Юун түрүүнд та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана сургууль төгссөн бэ. Одоо та ямар компанид ажиллаж байна вэ?

-Сайн байна уу. Намайг Намсрайн Баянмөнх гэдэг. Японд ирээд 9 жил болсон байна. Эхнэр хүүхдийн хамт Нийгата хотод амьдардаг.  2014 онд Нийгата их сургуулийг барилга архитектурын мэргэжлээр төгссөн.Төгссөнөөсөө хойш Хонма корпорацид ажилд ороод 4 дэх жилдээ барилгын инженерээр ажиллаж байна.

-Японы барилгын салбарт инженерийн тэргүүн зэрэг хүртсэн танд баяр хүргэе. Энэ жил ойролцоогоор хэдэн хүн шалгалт өгсөн бэ?

-Маш их баярлалаа. Японы барилгын инженерийн тэргүүн зэрэгтэй Монгол хүн болсон. Энэ жилийн хувьд 29805 хүн шалгалт өгч 5537 хүн эцсийн шатанд тэнцсэн гэсэн хариу гарсан байна лээ.

-Таныг эхний шатандаа бараг 100 хувийн гүйцэтгэлтэй даалгавараа хийсэн гэж сонссон?

-Гайгүй бэлдэж чадсан болохоор сайн гүйцэтгэлтэй хийж чадсан. Эхний шатны шалгалт нь тест шалгалт байсан. Барилгатай холбоотой бүхий л суурь мэдлэгийг шалгасан асуултуудтай, их өргөн хүрээг хамарсан шалгалт байдаг. Нэг онцлог нь ихэнх тест зөв хариуг ол гэсэн байдаг бол эсрэгээ энэ тест буруу хариултуудыг олдог. Асуултаа сайн уншихгүй бол бүдрэх аюултай юм байна лээ.

-Шалгалтандаа хэрхэн бэлдэв. Шалгаруулалтын процесс хэрхэн явагддаг бэ?

-Барилгын ажил ерөнхийдөө орой 20-21 цагийн хооронд тардаг болохоор шөнө голдуу бэлдэж байсан. Хамт ажилладаг ахлах инженер маань бас намайг дэмжих үүднээс ажилчид тарсны дараа орой 18 цагаас хойш шалгалтандаа бэлдэх боломж олгосон болохоор их талархууштай хэрэг болсон. Өмнөх жилүүдийн шалгалтын арга барил, асуултуудыг судлаад шалгалтандаа бэлдсэн. Барилгын стандартын тоон хэмжигдхүүн шалгалтанд ихээр орж ирдэг болохоор цээжлэх зүйл их байсан. Цээжилсэн юмнуудаа хольж хутгахгүйн тулд цаг олдвол дахин дахин нягтлах маягаар л бэлдэж байсан. Хоёр шатны шалгалттай байдаг. Эхний шат түрүүн хэлсэнчлэн тестээр авдаг, хоёрдугаар шат нь бичгийн шалгалт байдаг. Хоёрдугаар шат ер нь жаахан хэцүү санагдсан.

-Японд энэ зэргийг авдаг шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Харин танд энэ зэргийг олгох болсон шалтгааныг та хэрхэн харж байна?

-Эхний шатны шалгалтандаа тэнцвэл хоёрдугаар шатны шалгалтаа өгөх эрхтэй болдог. Хоёрдугаар шатандаа тэнцвэл энэ зэргийг авах болзол хангадаг. Анх бол хариуцлага өндөртэй зэрэг болохоор гадаад хүнд энэ зэргийг ч тийм ч амархан өгөхгүй байхдаа гэсэн айдас байсан. Тийм болохоор шалгалтаа маш сайн дүнтэй өгөхийг хичээсэн. Эхний шатандаа бараг бүтэн оноогоо авсан маань тэнцэхэд их нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа.

-Энэ жил  Зам, гүүрийн инженерийн тэргүүн зэрэг авах зорилготой байгаа гэсэн. Цаашдын зорилго, мөрөөдлийнхөө талаар хуваалцахгүй юу?

-Тийм. Барилгын инженерийн зэрэг аваад их урамшсан болохоор зам гүүрийн инженерийн зэрэг авъя гэж зорилго тавьсан. Хичээгээд үзнээ. Энэ зэргийг авчихбал  цаашдаа их давуу тал болно гэж бодож байгаа.Чаддаг зүйлээрээ л Монголдоо юм хийж бүтээхийг хүсч байна. Тэгэхийн тулд л эдгээр зэргүүдийг өмнөх зорилгоо болгоод бага багаар өөрийгөө хөгжүүлээд явж байна. Нийслэл хотын төвд их гоёмсог өндөр барилга барьчих юмсан гэж мөрөөддөг. Анх японд ирээд токиогийн өндөр барилгуудыг хараад Монголдоо ийм барилгууд барина даа гээд их мөрөөдөж байсан.

-Япон барилгын чанартаа 50-100 жилийн баталгаа олгодог гэсэн. Манай улсад гэхэд Японы Засгийн газрын тусламжаар Нарны гүүр барьж, 100 жилийн баталгаа гаргаж өгсөн.Тэгэхээр  Японы барилга их чанарай байдаг юм шиг санагдсан?

-Гүйцэтгэгч компаниасаа шалтгаалаад баталгаа өөр өөр байдаг. Хуулиндаа бол эхлээд 10 жилийн баталгаатайгаар барилга барих ёстой гэж заасан байдаг. 10 жилийн хугацаанд гарсан хүний нөлөөгүйгээс үүссэн дээврээс ус алдах, барилгад хазайлт үүсэх гэх мэт эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч компани үнэгүй засах хуультай. Тийм болохоор эхнээсээ чанартай барилга барихгүй бол алдагдал их хүлээдэг. Япон чанарын цаана “хариуцлага” гэж зүйл харагддаг. Өөрөөр хэлбэл хариуцлага нь сайн чанарыг бий болгодог гэж боддог.

Дээр нь Япон улс газарт хөдлөлт ихтэй гэдгийг хүн бүхэн мэднэ байх. Томоохон газар хөдлөлт болж байшин барилга нурах болгонд барилгын хуулиндаа шинэчлэл хийж ирсэн түүхтэй юм байна лээ. Алдаанаасаа суралцаад улам л сайжруулдаг болсон. Токио дахь газар хөдлөлтөд тэсвэртэй өндөр өндөр барилгууд газар хөдлөлтийн үеэр найгаж байдаг мөртлөө ерөөсөө нурж унахгүй тийм технологиор баригдсан байдаг. Сүүлийн үеийн өндөр барилгууд нь ихэвчлэн энэ технологиор баригдаж байна.

-Манай улс хэдэн жилийн өмнөхөө бодвол орчин үеийн өндөр барилгууд маш ихээр сүндэрлэж байгаа. Цаашид манай улс энэ салбарыг илүү хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сайхан барилгууд их баригдсан байна лээ. Гэхдээ зарим барилга нь чанарын шаардлага хангахгүй байдаг гэсэн мэдээлэл уншиж байсан. Өөрөө очоод барилгын ажлуудтай танилцаж байж л юунд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг мэдэх байх. Монгол харих амралтаараа боломж олдвол барилгын ажлуудыг харж үзэе гэж бодож байгаа. Гүйцэтгэгч компаниуд хариуцлагатай ажил хийж, түүнийг улсын хяналтынхан сайн хянадаг болчихвол аяндаа чанаржаад ирэх байх л гэж бодож байна.

-Та Монголдоо ирж ажиллах уу. Эх орноо гадаадад амьдарч буй хүний нүдээр харахад хэр хөгжиж байна гэж хардаг вэ?

-Тэгэлгүй яахав. Сурах ёстой зүйлээ сураад харьж ажиллах бодолтой байгаа. Хөгжиж байгаа гэж бодож байна. Мэдээж салбар салбараасаа шалтгаалаад удаашралтай нь ч байгаа байх. Гадаадад сурч боловсорсон залуус олон салбарт амжилттай ажиллаж байгаа болохоор бага ч гэсэн хөгжиж байгаа гэдэгт итгэдэг.

-Таныг жилийн өмнө Японы залуу ажилчдын байгууллагаас зохион байгуулсан эссэ бичлэгийн  уралдаанд оролцож шагналт байранд шалгарч байсан гэж сонссон. Тус уралдаанд хэдэн хүн орсон бэ. Тус уралдааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ уралдаанд анх 2014 онд шинэхэн ажилтан болсон жилээ оролцож байсан. 1002 эссэнээс шагналт байранд шалгарч байсан. Харин өнгөрсөн жил энэ тэмцээн Японы эрүүл мэнд хөдөлмөр хамгааллын яамны сайдын нэрэмжит болж зохион байгуулагдаад ахиж оролцсон.  Нийт 1450 хүн оролцсоноос шилдэг 16 эссэний нэгээр шалгарч мөнгөн шагнал авсан.  Эссэ уралдаан болон илтгэлийн уралдаанд аль болох оролцохыг хичээдэг. Өөрийгөө хүмүүст амаар болон бичгээр илэрхийлэх чадвараа хөгжүүлж чаддаг.

-Сүүлийн үед манай залуус гадаадад, сурч боловсрол эзэмших хүсэлтэй болсон. Тэгээд залууст зөвлөгөө өгөхгүй юу?

-Зорилготой мөрөөдлөө дагаад гадаад явч сурах гэдэг их боломж гэж боддог. Өөрийгөө олж чаддаг юм шиг санагддаг. Тухайн сурч ажиллаж буй орныхоо сайн талаас нь суралцаад Монголдоо түүнийгээ түгээх, хэрэгжүүлэх сэтгэлтэй байх хэрэгтэй байх. Хичнээн мэдээ мэдээллээр Монголд бүтэж байгаа юм нэг ч байхгүй мэт харагддаг ч гэсэн ирээдүйгээ өөдрөгөөр харж хамтдаа хичээцгээе гэж уриалж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
аялагч
Ийм залуус эх оронд минь ус агаар шиг хэрэгтэй байна. Амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд төр засаг анхаараач.
2018/02/09 66.181.184.233
баярмагнай
мундаг юм аа
2018/02/08 66.181.187.238
залуу минь
амжилт хүсье
2018/02/08 66.181.187.238
  • Recent
  • Most Read
  • Most Comment