8o
Улаанбаатар хот
mobile menu

Намрын чуулганыг ажил таслалтаараа УИХ-ын гишүүн Б.Наранхүү, С.Жавхлан нар тэргүүлжээ

2018-02-08 09:45:00

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ИРЦ САЙЖИРСАНГҮЙ 

Намрын чуулган маргааш завсарлах гэж байна. Энэ хугацаанд УИХ хэр чадамжтай байж чадав, хэлэлцэхээр төлөвлөж байсан чухал хуулиудаа хэлэлцэж чадсан уу, УИХ-ын тойрсон анхаарал татах ямар үйл явдлууд болов гэдгийг дүгнэх цаг өнөөдөр. Намрын чуулганы хугацаанд М.Энхболдын танхимын гишүүд хурлаа тасалж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхлэх тохиолдол ховор байв. Энэ удаагийн намрын чуулганыг ажил таслалтаараа УИХ-ын гишүүн Б.Наранхүү, С.Жавхлан нар тэргүүлжээ. 

Мөн намрын чуулганы хугацаанд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авна гэдгээ сануулсан юм. Цаашлаад Ерөнхийлөгчийн хэд, хэдэн хоригтой, Б.Хурцын хурц асуудалтай хурал л болж өнгөрлөө. 

Харин ирэх хаврын чуулганаар доорх хуулиудыг хэлэлцэж батлахаар  төлөвлөжээ. 

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
  2. "Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
  4. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  5. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
  7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
  8. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  9. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  11. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  12. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  13. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  14. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  15. "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  16. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,
  17. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  18. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  19. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  20. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
  21. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
  22. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,
  23. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Эдгээр хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж хугацаандаа амжуулан батлах эсэх нь УИХ-ын гишүүдийн хэр идэвхтэй байхаас шалтгаална. 

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд доорх саналыг гаргасан юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Төрийн одонг цэгцлэх хэрэгтэй.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэмжиж байна. Эдийн засгийн талаарх бодлогыг түлхүү оруулах хэрэгтэй гэдэг Д.Эрдэнэбат гишүүний саналтай нэг байна. Сошиал ертөнцийн тухай асуудлыг бид ярьдаг. Энэ ертөнц хэрээс хэтэрч байна.  Нийгмийг дотор нь маш их хагалж, бутаргаж байна. Одоо цагийн хүүхдүүд үргэлж сошиал ертөнцтэй харьцдаг. Тиймээс залуу хойч үе минь хүн болж төлөвших нөхцөл нь хэцүүдлээ. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй байна. Дараагийн асуудал нь, төрийн одонг цэгцлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт шуудай шуудайгаар нь “Алтан гадас” тарааж байна гэж байна. Хурал хийж байгаад тампуугаар нь “Алтан гадас” өгч байна гэж байна. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

УИХ дээр орж ирж байгаа зарим хуульд эрүүл саруул талаас нь харах хэрэгтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төсвийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой

-Дэмжих ч зүйл байна, дэмжихгүй ч зүйл байна. 44 хуулийн жагсаалт асуудлын шийд биш. Цэвэр агаарын тухай хууль байхгүй байна. Өнөөдөр Засгийн газар УИХ-ын шийдвэрийг зөрчиж байна. Мөн татварыг буцаасантай холбоотой Төсвийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Хуулийн хугацаанд хийх тул ээлжит бус чуулган зарлах байх. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад шууд оруулж ирэхийг дэмжихгүй байна. Харин УИХ-ын дэгтэй холбоотой асуудлыг оруулж ирэхийг дэмжиж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь УИХ дээр хэлэлцээд буцаагдсан байхад Улсын бүртгэлийн болон Эд хөрөнгийн эрхийн, Иргэний эд хөрөнгийн хуулийг оруулж ирсэн нь буруу. Тиймээс би дээрх гурван хуулийн төслийг хасах саналтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ

-Төрийн хямрал гудамжны хямрал болж үргэлжлэх нь. Бүх зүйл тодорхойгүй байна. 65 суудалтай эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөх ч юм шиг, үгүй ч юм шиг. Батлах ч юм шиг, батлахгүй ч юм шиг. Эрхзүйн тодорхойгүй байдал үүсгэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар батлах асуудал оруулж ирж байна. Дараагаар нь Ард нийтийн санал асуулга оруулна гэнэ. Үндсэн хууль өөрчилвөл бусад хуулиуд  үзэл санаатай нь нэг байх ёстой. Шинэ Үндсэн хуулийн үзэл санааны баримт  батлагдвал нэг өөр.  Хариуцлагын асуудлаа ярихгүй бол УИХ-д итгэдэг хүн байхгүй болсон. Бусдын кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүддээ хариуцлага тооцохгүй юм уу. Энэ бүхнийг ярьж хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ. Засгийн газар эдийн засгаа дэмжиж, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй юм уу. Хэрвээ хэлэлцэх асуудлаа дуусгасан бол энэ их хурал тарах хэрэгтэй. Бид нийгмийн тэмцлээ дийлэхгүй шүү.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Шинэ Үндсэн хуулийн тухай яриа байхгүй

-Шинэ Үндсэн хууль гаргахгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулна. Шинэ Үндсэн хуулийн тухай яриа байхгүй. УИХ-ын тогтоол гараад Үндсэн хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруул гэсэн үүрэг өгсөн. Үүнийг намрын чуулганы хугацаанд амжаагүй. Тиймээс хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж байна. Бүх зүйл хуулийн дагуу явж байна. Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хууль уялдаатай.  Энэ хууль 2020 оноос  хэрэгжих юм. УИХ-ын гишүүний хариуцлага, чадамжтай холбоотой хуулиуд тавигдсан. Бид төслийг нь боловсруулж байна. Олон түмний хүлээгээд байгаа хариуцлагын асуудлыг оруулж ирнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал эргэж буцах зүйлгүй. Шууд явна. УИХ дээр шүүгдээд  батлах эсэхэд ард түмний санал асуулга явуулна. Эдийн засгийн асуудалтай холбоотой хууль оруулж ирээгүй байна гэж байна. Өргөн мэдүүлэгдсэн хуульд гол шалгуур тавьсан. Тухай бүрт нь асуудлыг, шийдээд явна гэж оруулж ирсэн.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment