8o
Улаанбаатар хот
mobile menu

Ад үзэгдсэн алслагдсан бүсийнхэн

2018-02-08 11:47:21

Өвөл болохоор л мода болдог утааны сэдэв өнөө жил бүр ч эрчээ авч байна. Үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн утаатай тэмцэх ажил шийдэл хайхаасаа илүүтэй буруутныг олж цээрлүүлэх их аян дайнд бүх нийтээрээ мордоцгоов. Сүүлдээ энэ хэнээрхэл амьдрал хайж хотод ирсэн хөдөөнийхөнг хөөж явуулах хийрхэлд автав.

 Нийслэлийг чиглэсэн их нүүдэл хотын утаа, түгжрэл, гэмт хэрэг зөрчил нэмэгдэж, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж дутагдахад нөлөөлсөн нь үнэний хувьтай. Гэвч хуруу биш хошуу нэмэн хашгиралдах популистуудын хэлж байгаагаар хөдөөний иргэдээ хүчээр хөөж тууснаар хотын асуудал шийдэгдэхгүй.

 Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, амьдрах, оршин суух газар нутгаа өөрсдөө чөлөөтэй сонгох иргэдийнхээ эрхэнд ингэж зэрлэгээр халдвал улс орон юу болох билээ. Тэгээд одоо яах вэ? Гарц бас дахиад л гарц үгүйлэгдэж байна.

Хамгийн гол шийдвэрлэх ёстой асуудал болох төвөөс алслагдсан, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын иргэдэд бүс нутгийн нэмэгдэл олгох, банк, санхүү, татвар, зээлийн бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үе үеийн УИХ, Засгийн газар дорвитой анхаарч чадсангүй.  

Алслагдсан бүсийн иргэд авч байгаа цалин, олж байгаа орлогогүй шахам байж хотынхоос үнэтэй бензин шатахуун хэрэглэж, нийслэлээс илүү үнэтэй гурил будаа идээд сууж хэр удаан тэвчих вэ? Энэ байдлаас болж хот бараадсан, оюутан хүүхдээ дагаж орон суурин газар чиглэсэн тэднийг утаа гаргалаа гээд нутаг цөлөхийн оронд төрсөн аймаг сумандаа төвшин амьдрах баталгааг нь төр эхлээд хангах ёстой баймаар.

Хананаасаа халуун хүйтэн усаа авч, орон нутагтаа орон сууцанд амьдрах хүсэлтэй хөдөөнийхөн олон. Төрсөн нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, төрөлх аймагтаа ажил бизнес явуулах бодолтой хүмүүс ч цөөнгүй бий. Даанч тэд барилга байшин барих гэхээр барилгын материалын үнэ ханш хотынхоос хавь илүү үнэтэй, гол орц болсон цементийн үнэ дааж давшгүй дараа болсоор байна.  Олон ч жил олон ч Засгийн газар амлалтандаа оруулсан цементийн үйлдвэр барих ажил баруун бүсэд сураг алдраад удаж буй. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар баруун гурван аймгийн хэрэгцээг хангах цементийн үйлдвэрийг хаана, яаж байгуулах асуудлыг шийднэ гэж ам өчиг өгч байлаа. Дараад нь 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гаргасан ч амь орж биелэлээ олсонгүй. Уг тогтоолд баруун бүсийн хэрэгцээг хангахын тулд цементийн үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж тусгасан ч огт хэрэгжсэнгүй.

Хаа байсан 1600 гаруй км-ийн цаанаас өртөг ихтэй цемент тээвэрлэх үү, эсвэл хилийн чанадаас импортын татварын нэмэгдэлтэй  өндөр үнэтэй цемент худалдаж авах уу гэдэг сонголтын өмнө сөхөрсөн баруун бүст  жилд 250 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих ажлыг зохион байгуулахыг тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан ч ажил бололгүй үлгэр болов. Баруун бүсийн цементийн үйлдвэр баригдсанаар ажлын байр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болж эдийн засгийн чадавхи сайжирна гэж хэн хүнгүй горьдсон нь ийнхүү талаар болов хөөрхий. Үүнээс үүдэн амины сууцаа хямд барих, үйлдвэр аж ахуйн нэгжээ өргөтгөн сайжруулах баруун бүсийн иргэдийн мөрөөдөл замхарч, өртөг зардал нь тэнгэрт хадсан үнэтэй тусч байна.

Өнгөрсөн онд ид ажлын улиралд барилгын салбарын амин хэрэглээ нь болсон цементийн үнэ богино хугацаанд өмнө байгаагүй дээд хэмжээндээ хүртэл өсч, барилга угсралтынхан, гүйцэтгэгч компаниудыг багагүй сандаргаад авсан. Долоо хоногийн хугацаанд цементийн үнэ асар хурдацтай өсч, албан бусаар тн нь 240 мянган төгрөгт хүрч байв. Энэхүү үнийн өсөлт алслагдсан бүсэд улам ч үнэтэй тусч, барилгын төсөл хэрэгжүүлэгчид, угсран гүйцэтгэгчдэд чамгүй алдагдал авчирсан шарх өнөө ч эдгээгүй.

Иймээс олон жил яригдаж байгаа барилгын материал үйлдвэрлэлийн бүсчилсэн хөгжлийн асуудлыг дахин хүчтэй ярьц, даацтай түргэн шийдэх цаг нэгэнт болжээ. Өнгөрсөн онд Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед баруун бүсэд 350 мянган тонн портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр болсон гэх ч дахиад л сураг алдрах тийшээ болов. Энэ нь баруун бүсийн барилга, бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай төсөл гэдгийг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос удаа дараа сануулж байгаа ч нааштай хариу сонсогдсонгүй.

Дайран дээр давс гэгчээр алслагдсан бүсийнхэн тээврийн зардлаас болж үнэтэй цемент авдаг асуудал дээр өнгөрсөн оноос цементийн импортын татвар нэмэгдсэн нь барилгын өртөгт шууд нөлөөлөх болжээ. 2014 онд 146 мянган тн цементийн хэрэгцээтэй байсан баруун бүс өнөөдөр жилдээ 200 мянган тонн цемент хэрэглэх болж эрэлт огцом нэмэгдэж байна. Цаашид энэ тоо 250-350 мянган тонн болж өсөх тооцоог ч салбарын холбооноос гаргаад байна.

Алслагдсан бүсийн иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газраас даацтай цөөхөн юм хүсч байгаагийн нэг нь олон жил мөрөөдөн суугаа цементийн үйлдвэр. Баруун бүсээс сонгогдсон БХБ-ын сайд Х.Баделхан ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй гэдэгт найдана. Бүсийн нэмэгдэл хөнгөлөлтийг хүлээсээр бүсээ чангалж олон оныг үдсэн алслагдсан бүсийн иргэдийн хувьд нутагтаа амьдрахад хямд үнэтэй шатахуун, бага үнэтэй барилгын материал багагүй дэм болно. Бүсийн нэмэгдэл олгож чадахгүй юмаа гэхэд үнийн нэмэгдэл үүрүүлж бүү зовоогооч. Ядаж шатахуун нь хотынхтой адилхан үнэтэй, гурил будаа нь ижилхэн ханштай, цемент нь бага өртөгтэй байхад анхаараач. Хотод шавалдсан энэ их хүнээ хөдөө рүү даллахын тулд бага татвар авч, зээлийн хүүг нь илүү бууруулаач. Орон нутагт нь хэрэгтэй үйлдвэр байгуулж, олон ажлын байр шинээр бий болгож туслаач.  

Шувуу хүртэл нуурын сайханд нь буудаг атал аятай тухтай нөхцөл нь бүрдээд, алба татвараас хөнгөлж чөлөөлөөд, үнийн дарамтыг нь үлдэн хөөчихвөл агаарын сайхан хөдөөдөө амьдрахыг ард олон чинь илүүд үзнэ шүү дээ.       

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment