8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхбаяр: Улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн дансны гүйлгээг байнгын эрчимтэй хяналтад байлгана

2018-02-08 15:39:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас дээрх сэдвээр зарим зүйлийг тодрууллаа. 

- Иргэний хувийн дансанд дахь мөнгө нууцын зэрэглэлтэй байдаг. Тэр утгаараа сэжиг бүхий гүйлгээг олон нийтэд ил болгож зарладаггүй. Энэ хуулиар сэжиг бүхий гүйлгээг олон нийтэд зарлах гэж байгаа юм уу? 

- Эрчимтэй хяналтад ямар гүйлгээг байнга байлгах ёстой вэ гэх асуудлыг хуульд нарийвчилж нэр зааж оруулж өгч байна. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн гүйлгээг байнгын эрчимтэй хяналтад байлгана.

-Тодорхой нэр, албан тушаал дурдаж болох уу?

-Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна тэдэнтэй ойрын хамаарал бүхий хуулийн этгээд багтана.

-Томоохон тендерийн эрх авсан аж ахуйн нэгжийн гүйлгээг хянах боломжтой юу?

-Хувийн аж ахуйн нэгжүүд орохгүй. Хэрэв тэдний гүйлгээ үнэхээр сэжигтэй, хянах шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагаас шалгаж болно. Энэхүү хуулийн гол онцлог нь зөвхөн санхүүгийн мэдээллийн албанд банк, банк бус санхүүгийн байгууллагад мэдээлэл ирсэн тохиолдолд л хянадаг байсныг өргөтгөж аливаа худалдан авах болон арилжааны шинжтэй гүйлгээнд оролцож байгаа хуульч, нотиаратч, алт үнэт эдлэл худалдан авч буй этгээдүүдийг хяналтад оруулж өгч байгаагаараа онцлогтой.

-Банк, санхүүгийн байгууллага нь өөрсдөө оффшор бүсээс хөрөнгө татсан тохиолдолд яах вэ. Ер нь энэ бүхнийг яаж хянах вэ?

-Хүний болон аж ахуйн нэгжийн гүйлгээг хэт өргөжүүлэх нь муу талтай. Учир нь, Монголын банк санхүүгийн байгууллагад хэн ч итгэж мөнгөө хадгалуулахгүй. Хэн дуртай нь хянадаг байдлыг хавтгайруулвал банк санхүүгийн байгууллага болон иргэд хоорондын итгэлцэл нь байхгүй болно. Тиймээс энийг мэргэшсэн тусгай банк санхүүгийн мэдээллийн алба хянана. Өөр этгээд оролцохгүй.

-Оффшор бүс нутгаас мөнгөө авч ирэх хугацааг нь сунгалаа. Одоогоор мөнгөө татсан хүн байна уу?

-Хүч дутаад байх зүйлгүй. Гол нь шүүхийн өмнө нотлох баримттай эсэх асуудал л чухал юм. Хүний гэм буруутайг зөвхөн шүүхээр л шийддэг. Жишээ нь, Бат гэдэг хүн энд ийм данстай байна гэдгийг баталгаажуулсан тамгатай цаас, баримт хэрэгтэй болно. Тэрийг хадгалж байгаа оффшор банкнаас баримт хэрэг болоод байна аа даа. Тэр баримтыг авч байж л хүнийг шүүхийн өмнө яллана. Тэрнээс зүгээр нэг иргэний амаар, эсвэл хэвлэлд гарсан сонины мэдээллээр хүнийг яллаж болохгүй. Энэ утгаараа нотлох баримтыг баталгаажуулах асуудал нь гарцаагүй олон улсын гэрээ хэлэлцээрээр хийгдэж байж энэхүү ажил илүү эрчимтэй явна. Энэ ажил бол ганцхан Засгийн газрынх биш. Прокурор, АТГ, Хууль зүйн, дотоод хэргийн яам бүгд хамтдаа хийх ажил юм. Тухайлбал, Хууль зүйн, дотоод хэргийн яамнаас өнгөрсөн онд Хонконг, Маккаотэй эрүүгийн эрх зүйн салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар болсон. Өнөөдөр гарын үсэг зурах төвшинд явж байна. Үүний ачаар тэнд оффшор данстай байж мэдэх этгээдийн баримтыг албан ёсоор харилцан мэдээлэл солилцож авдаг болох гэж байна.

Т.Хулан

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл