8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: Нэг үеэ бодвол манай бүлгийн гишүүд эвлэх уур амьсгалтай болж байна

Сэтгүүлч Т.Хулан
2018-02-09 07:25:00

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

Хабрид засаглалын тогтолцоонд амьдарч байна

-   Намрын чуулган өнөөдөр завсарлах гэж байна. УИХ намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаа баталж чадсан уу?

-  Улс төрийн халуун уур амьсгал дунд намрын чуулган хуралдлаа. МАН анх удаагаа өөрсдийнхөө байгуулсан Засгийн газраа огцруулж шинэ Засгийн газрыг эмхэлэн байгууллаа. Нэг үеэ бодвол манай намын бүлгийн гишүүд харьцангуй эвлэх уур амьсгалтай болж байгаа болохоор би дахин энэ асуудлаар яримааргүй байна. Намрын чуулганы хугацаанд гадны банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж эдийн засгаа өөд татахад чиглэсэн олон хууль тогтоомж, төсөл хөтөлбөрүүдийг батлан гаргалаа. Хамгийн сүүлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэлээ. Энэ бол олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас манай улсад тавьдаг шаардлагуудын нэг нь. Мөн олон улсын шаардлага гэхээс илүүтэй банк санхүүгийн байгууллагаа эрүүлжүүлэхэд ач холбогдолтой. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд чуулган завсарлаж байна. Намрын чуулганаар өөр олон асуудлыг хэлэлцэх шаардлагатай байсан гэж хувь гишүүний хувьд үзэж байгаа. Тухайлбал, бид  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хойш тавих ёсгүй. Үндсэн хуулийг өөрчлөх ажлыг зөвхөн парламент хийдэг харьцангуй ойлголтыг эргэж харах шаардлагатай. Үндсэн хууль бол Монгол улсын 1.5 сая км квадрат газар нутаг дээрх 3.2 сая иргэний хамтран амьдрах гэрээ. Тодруулбал, чи ийм эрх мэдэлнэ, би ийм үүрэг хүлээнэ гэдгээ нэг бүрчлэн тохирох суурь гэрээ. Тиймээс гэрээгээ өөрчлөх гэж байгаа бол гэрээнд оролцогч талуудаасаа асуух ёстой.

- Хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Та нэн тэргүүнд яг ямар өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ёстой гэж үздэг вэ?

- Хамгийн эхэнд УИХ-аас ард нийтийн санал асуулга явуулах ёстой. 1945 оноос хойш ард нийтийн санал асуулга явуулаагүй. 1945 оны ард нийтийн санал асуулга бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг баталгаажуулсан түүхэн шийдвэр байсан. 1992 онд Үндсэн хуулийг баталснаас хойш 25 жил өнгөрсөн байна. Энэ Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Тоталитар дэглэмээс хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн Үндсэн хуулийнхаа үүргийг гүйцэтгэсэн. Хүн бүр хувийн өмчийн талаар ойлголттой болоо. НҮБ-ээс батлагдан гарсан хүний эрхийн түгээмэл тунхаглал болон дагаж гардаг иргэний болон улс төр, нийгэм эдийн засгийн фактад заагдсан суурь эрхийн талаар хүн бүр өөрийн гэсэн үнэлэмж, ойлголттой болсон. Энэ нь  уг Үндсэн хуулийн түүхэн үүрэг. Бид цаашид хөгжье гэвэл хөгжлийн Үндсэн хууль руу орох ёстой. Хөгжлийн Үндсэн хууль гэдэг нь парламентын засаглалаар явах уу эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэдгийг ард нийтийн санал асуулгын үр дүнгээр шийдэх тухай юм. Үүнийг иргэнээс асуух замаар шийдэх ёстой. Энэ ажил намрын чуулганаар шийдэгдсэнгүй. Хаврын чуулганаар шийдэгдэх байх гэж найдаж байна. УИХ-ын хэсэг гишүүд энэ талаар судалгааны ажил хийгээд явж байна. Бидний ихэнх нь хабрид машин унаж байна. Хабрид гэдэг нь эрлийз гэсэн үг шүү дээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийг  төр, эрхийн онолын эрдэмтэд,Үндсэн хууль судлаачид хабрид засаглалтай хууль гэж үздэг. Парламентынх юм шиг мөртлөө ард түмнээсээ гардаг хоёр органик засаглалтай. Энэ нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хоорондоо толхилцсон. Цаашид ч толхилцох шинжтэй. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь маш их зүйл ард түмэндээ амлаж сонгогддог. Эргээд амлалтаа хэрэгжүүлэх төсөв, аппарат, эрх мэдэл байдаггүй. Ийм л хабрид засаглалын тогтолцоонд амьдарч байна. Үүнийгээ бид нэг тийш цэгцлэх цаг болсон. Иргэдээсээ асуух замаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

- Эдийн засагт ач холбогдол өгөх томоохон төслүүдээ энэ намрын чуулганы хугацаанд хэлэлцэж чадсангүй. Томоохон төслүүдээ хөдөлгөх тал дээр та ямар байр, суурьтай байдаг вэ?

- Тийм. Эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах ажлыг явуулж чадсангүй. 20 гаруй жил ярьсан олон том төсөл хөтөлбөр байдаг. Эгийн голын усан цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэр, Хэрлэн говь, Аж үйлдвэрийн парк, Алт цэвэршүүлэх үйлдвэр гээд олон төсөл хөтөлбөрөө эхлүүлж чадахгүй байна. Бид одоо татвар төлдөг цөөхөн хэдэн байгууллагынхаа нурууг нь холготол татвараа авч байна. Гэтэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй төсвийнхөө эрэлт шаардлагад нийцсэн татварын бааз суурийг нэмэгдүүлж чадахгүй байна. Бид эх үүсвэр нь шийдэгдсэн тавдугаар цахилгаан станцын төслийг 14 жил ярилаа. Энэ мэт том төслүүдийнхээ асуудлыг цэглэх цаг нь болсон. Мөн сахилга хариуцлагатай холбоотой асуудал их чухал боллоо.

Засгийн газар 2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласан. Засгийн газрын бүтцийн байгууллагууд шалгаад 1.3 их наядын зөрчлийг нь илрүүлчихсэн Хөгжлийн банкны асуудал, 3.5 их наядын зөрчилтэй Монгол банкны асуудал, Эрдэнэт үйлдвэрийн “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгсөн асуудал яагаад өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдэхгүй байна вэ. Монгол улсын Ерөнхий прокурор хуулийн дагуу УИХ-д жилд нэг удаа ажлаа тайлагнах ёстой. Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар тайлан тавих ёстой. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдсон хоёр жилийн хугацаанд Ерөнхий прокурор нэг ч удаа тайлангаа тавьсангүй. Энэ бол УИХ-ын өмнө хүлээсэн Ерөнхий прокрорын үүрэг. Саяын миний хэлсэн томоохон хэргүүд аль түвшиндээ явж байгааг иргэд олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ мэт ажлууд хийгдсэнгүй.

Зөрчлийн хуулиа уншаад яг ямар заалт нь болохгүй байгааг авчирж харуул

- Эрүүгийн хуульд томоохон өөрчлөлтийг оруулна гэсэн. Яг ямар өөрчлөлт орох юм бэ?

- Ирэх гуравдугаар сарын 3, 4-ны өдөр миний санаачлагаар Найрамдал зусланд шүүх, прокурор, цагдаа, өмгөөллийн байгууллагын хамтарсан 350 орчим хүнийг хамруулсан вакум зөвлөгөөн зохион байгуулна. Энэ зөвлөгөөнөөс хоёр үр дүн гарах ёстой. Нэгдүгээрт, хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулийн талаарх буруу ойлголтоо нэг мөр цэгцэлье. Хоёрдугаарт, гарцаагүй өөрчлөх шаардлагатай хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар хууль хэрэгжүүлж буй практикийн ажилтнуудаас саналыг нь авна. Үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-  Зөрчлийн тухай хуулийг амьдралд нийцэхгүй хууль гэж олон нийт шүүмжилж байгаа. Энэ хуульд өөрчлөлт орох уу?

-  Эрүүгийн хуульд өөрчлөлт орсоны дараа Зөрчлийн хуулийг хэлэлцэнэ. Би нэг л зүйл хэлье. Зөрчлийн хэм, хэмжээ гэх нэг ч зүйлийг УИХ шинээр тогтоогоогүй. Хуучин байсан хуулиудын хариуцлагатай холбоотой заалтуудыг нэг хуульд оруулж өгсөн. Улсын байцаагч нар өөр, өөрсдийнхөөрөө зөрчлийг шалган шийдвэрлэж иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчөөд байсан. Тийм учраас нэг хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэдэг болгох гэсэн юм. Тэгэхээр Зөрчлийн хуулийг шүүмжилж болно. Хуулиа уншаад яг ямар заалт нь болохгүй байгааг авчирч харуул. Хууль тогтоогчоос шинэ хэм, хэмжээ тогтоосон юу ч байхгүй.  

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл