8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Цэндмаа: Хог хаягдлаа дарж, булшлах аргыг манай улсад технологийн дагуу хийдэггүй

2018-02-09 08:33:00

-Булсан хог хаягдлаас гарч буй хорт хийг хянах мэргэжилтэн ч байхгүй-

“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын  гүйцэтгэх захирал П.Цэндмаатай ярилцлаа.

-“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаасаа онцолбол?

-Манай байгууллага өнгөрсөн 13 жилийн хугацаанд нэлээд олон ажил амжуулсан байна. Мөн хийхээр төлөвлөсөн ойрын болон урт хугацааны нэлээд олон ажил байна. Байгууллагдаад 13 жил болохдоо 20000 гишүүд, дэмжигчтэй, 206 хоёрдогт түүхий эдийн цэг, 45 гишүүн байгууллагуудтай, хог хаягдлыг дахин боловруулдаг 13 үйлдвэртэй хамтарч ажиллаж байна.  Манай гишүүд Монгол Улсийн 21 аймгийг хамруулан хог хаягдлыг эх үүсвэр дээрээс цуглуулах, ангилан ялгах, хадгалах,  тээвэрлэх, дахин боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож баялаг бүтээж байна.

Жишээлбэл: Манай холбоонд Хаягдал аккумлъятор дахин боловсруулж хар тугалган гулдмай хийж хятад руу экспортолдог, хөнгөн цагаан хайлшыг дахин боловсруулж усан онгоцны жин тэнцвэржүүлэгч хийж япон, солонгос, хятад руу экспортолдог.моторын ажилласан маслыг дахин боловсруулан , цэвэршүүлсэн моторын тос , мазут, евро 4 стандартын түлш үйлдвэрлэх,  Хогны уут,  улавч үйлдвэрлэн буцаагаад зах зээлд оруулах, хаягдал шил, хаягдал картон цаасыг боловсруулах зэрэг дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд гишүүнчлэлтэй байдаг.

-Хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд  булах уу, эсвэл, ангилж ялгаад дахин боловсруулах уу?

-Ер нь дэлхий нийтээрээ хог хаягдлыг булахаас аль болох татгалзаж байна. Улаанбаатар хотын хувьд ч гэсэн 2020 он гэхэд ландфиллын талбайгаас татгалзах зорилт тавьсан. Хог хаягдлаа дарж, булшлах аргыг манай улсад олон улсын технологийн дагуу хийдэггүй. Учир нь булсан хог хаягдлаас гарч буй хорт хийг хянах мэргэжилтэн ч байхгүй.  Улаан чулуутын төвлөрсөн хогийн цэгийн ландфиллын талбайг 2009 онд хааж, Нарангийн энгэрт Япон улсын буцалтгүй тусламжаар төвлөрсөн хогийн шинэ цэгийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулан, ландфиллын булалтыг хийж эхэлсэн. Хотын хог хаягдлыг булах талбайн хэмжээ тогтоосон бүсээс давсан байдалтай байна. Хуванцар хог хаягдал, гялгар уут нь дунджаар 100-1000 жилийн дараа байгальд шингэдэг.

-Гялгар уутны буруу хэрэглээ нийгэмд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөл талаар?

-Хотын хог хаягдлыг булах талбайн хэмжээ тогтоосон бүсээс давсан байдалтай байна-

-Гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдрын өвчлөл, ургийн гажиг болон ходоодны өвчлөл үүсэхэд нөлөөлдөг бол байгальд хаягдсан гялгар уут нь хөрсийг бүрэн үхжүүлдэг сөрөг нөлөөтэй. Ингэхээр иргэдийн эрүүл мэндээс гадна, байгальд маш олон зуун жилийн турш усталгүй байдаг.

- “Эко парк” байгуулах ажил энэ хавраас эхэлнэ гэж дуулсан. Уг төслийн хүрээнд дахин боловсруулах хэчнээн үйлдвэр барих вэ?

-“Эко парк” төслийн хүрээнд Нарангийн энгэр болон Цагаан даваан дахь хоёр төвлөрсөн хогийн цэг дээр түүхий эдийг хагас боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Одоогоор “Эко парк”-ийн барилгын зураг төслийн ажил дээр явж байна.

Уг төслөөр Нарангийн энгэрт нийт 81.47 га талбайд есөн дахин боловсруулах үйлдвэр, Цагаан даваанд 92.6 га талбайд нийт 10 үйлдвэрийг шинээр байгуулахаар зураг төслөө гаргасан. Энэ ажилд 28 аж ахуйн нэгж төслөөр оролцож байна. Үүнд 19 үйлдвэр баригдана.

Ингэснээр суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна гэсэн үг юм.

Мөн энэ төслөөр Монголд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй хог хаягдал ангилан ялгах, цахилгаан электрон хог хаягдлын, хаягдал шил дахин боловсруулах, барилгын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах, органик хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг таван чиглэлийн цоо шинэ үйлдвэрийг байгуулна.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн түүхий эдийн цэг ажиллаж байна вэ. Эдгээр цэгүүд хуванцар савыг иргэд болон аж ахуй нэгжүүдээс худалдан авдаг уу?

-Нийслэлийн хэмжээнд нийт 206 хоёрдогч түүхий эд авах цэг үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс 10 гаруй нь томоохон бөөний цэг. Жижиг цэгүүд нь бөөний төв рүүгээ нийлүүлж, бөөний төвөөс дахин боловсруулах үйлдвэрлэл рүү нийлүүлэлтэд гардаг. Ийм урсгал системтэйгээр манай гишүүд нийслэл хотын хэмжээнд үүсдэг 1,4 сая тонн хог хаягдлын 24 хувийг дахин боловсруулж байна. Үлдсэн хувь нь боловсруулагддагүй гэсэн үг. 

-Нийслэл хотын хэмжээнд үүсдэг 1,4 сая тонн хог хаягдлын 24 хувийг дахин боловсруулж байна-

-Хог хаягдлыг дахин боловсруулж түүхий эд баялаг, бүтээгдэхүүн болгоход тулгамдсан асуудал юу байна вэ?

-Гол хөдөлгөх хүч нь төрийн бодлого, урамшуулал. Хог хаягдлын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд баталсан. Дагаж мөрдөх журам холбогдох баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэгт нь манай байгууллагаас төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран оролцож байна. Дотооддоо үйлдвэрлэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнийг гадаад улсаас оруулж ирвэл татвар өндөр тавих шаардлагатай.

-Иргэд хогоо ангилан хаядаг болох нь үйлдвэрлэл явуулахад тус дөхөмтэй гэж та ярьж байна. Үүнтэй уялдуулан ямар ажил хийж байна вэ?

-Иргэдэд “Экологийн боловсрол” олгох зорилготой төсөл хөтөлбөрийг 2016 оноос эхлэн нийслэлийн Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын 40 сургуулийг хамруулан “Хоггүй сургууль-эко орчин” аянг амжилттай зохион байгуулсан. Одоо ч энэ ажил маань хэвшил болж хүүхдүүдийн анги танхим, орчиндоо хаяж буй хогийг дахин боловсруулах үйлдвэр рүүгээ нийлүүлж байгаа. 2017 онд нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгээр 200 гаруй сургуулийн сурагчдад эко боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна. Хүүхдүүд багаасаа хог хаягдлыг ангилан ялгаж, баялаг болдог гэдгийг ойлгох нь чухал.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь буюу аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, гэртээ үүсч буй хог хаягдлаа зөв ангилан ялгачихвал дахин боловсруулах үйлдвэрээс боловсруулагдан гарах бүтээгдэхүүний үнэ, чанарт нөлөөлнө. Бохирдсон хогийг ялгаж, дахин угааж цэвэрлэх гээд ажиллагаа ихтэй. Японд иргэд нь ундааны саваа угааж цэвэрлээд хогийн саванд хийх жишээтэй.

Энэ менежментийг бий болгох үүднээс багш нараар дамжуулан сурагчдад, сурагчдаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаад сурчихвал байгаль орчин бохирдохгүй гэдгийг ойлгуулахын тулд албан байгууллагуудад зориулсан журам гаргасан. Түүнчлэн хог хаягдлын талаар мэдээллийн сан үүсгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл