8o
Улаанбаатар хот
mobile menu

Аудиторуудын онцгой нөхцөлийн нэмэгдэл цалинг 35 хүртэлх хувиар тогтоон хуульчиллаа

2018-02-09 09:23:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай”  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий аудитороос 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргад, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын Төсвийн байнгын хороонд тус тус төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай саналаа ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий аудитороос ирүүлсэн саналын дагуу Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Төрийн аудитын тухай хуульд зааснаар төрийн аудитын байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаардаг бөгөөд төрийн тусгай албан хаагчийн цалин хөлс нь Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заажээ. Төрийн тусгай албан хаагчийн нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжоор тогтооно гэж заасан боловч төрийн аудитын байгууллагын албан хаагчийн нэмэгдлийг хууль тогтоомжоор тусгайлан зохицуулсан зохицуулалтгүй байгаа аж.

Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, төрийн алба хаасан хугацааны албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр байхгүй тул төрийн бусад байгууллагын жишгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгож ирсэн байна.

Тэгвэл уг хуулийн төсөлд, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-35 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувь байхаар тусгажээ. 

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment