8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн дарга мөн үү

2018-02-09 13:24:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай хуулийг хэлэлцэж эхлэв. Уг төслөөр  Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар заажээ.  Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаадын иргэдийн бүтцийг ОХУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, БНХАУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй байхаар заажээ.  Цагаачлуулж болох гадаадын иргэд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй,  Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй,  бусад аймагт 2-оос дээшгүй байхаар байршуулахаар тусгажээ.

Уг хуулийн төслийг цагаа олсонгүй хэмээн Д.Тэрбишдагва нарын зарим гишүүд шүүмжлэлтэй хандсан юм. Ингээд Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх уг хуулийн төслийг дэмжсэнгүй.  Хуулийн төсөл дэмжигдээгүйд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихээхэн бухимдав. 

Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн  сайд Ц.Нямдорж "Ирцээ бүрдүүлээд саналаа хураа. Алийн болгон ирц бүрдэхгүй Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг унагаах юм. Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн дарга мөн үү. УИХ-ын гишүүдэд хариуцлага байх ёстой шүү. Яахаараа УИХ-ын гишүүдийг ирцээ бүрдүүлэх гэхээр Засгийн газрын гишүүдийг ирцээ бүрдүүл гэж ацаглаад байгаа юм. Томилолтоор яваагүй бол чуулганы танхимд кнопоо дараад сууцгаа. С.Бямбацогт та нар, хаашаа алга болчихдог юм. Төсөл унасны дараа орж ирлээ. Гишүүдийн ирцээ бүрдүүлж, санал хураалтад оруулаач ээ. Дахин санал хураалт явуул.

УИХ-ын дарга М.Энхболд "Энд нийт 26 гишүүн байгаагийн дөрөв нь Засгийн газрын гишүүн байна. Би санал хураахын өмнө ирцээ бүрдүүл гэсэн. Бүх юманд УИХ-ыг буруутан болгож болохгүй шүү" хэмээв.

Ингээд Ц.Нямдорж гишүүний дагуу өмнөх санал хураалтыг хүчингүй болгох санал хураалт явууллаа. Гэвч түүний санал дэмжигдээгүй тул өмнөх санал хураалт хүчинтэй үйлчлэв. Ингээд тогтоолын төслийг буцаалаа.


Дараагаар нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд баталлаа. УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. 

Үүнд:

      1/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

     2/” Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

     3/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

     4/” Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

     5/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

      6 /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

      7/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

      8/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       9/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

      10/ Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

      11/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

       12/ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

       13/ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       14/ Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

     15/” Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

       16/ Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,

       17/ Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       18/ Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       19/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       20/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,

       21/ Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

       22/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,

       23/ Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       24/ Бусад.

Т.Хулан    

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дарга сул бна . Дэмбэрэл дарга сайн удирддаг байсан. Эхнээс нь татах хэрэгтэй!!!
2018/02/10 103.229.123.194
иргэн
Буруутан болох ёстой юманд л Нямдорж буруутгасан байна,энэ ирц бүрддгүй архаг дутагдал бол хууль зөрчсөн хэрэг мөн,үнэн хэрэгтээ үүнд УИХ биш,дарга М.Энхболд л буруутай биздээ.
2018/02/09 66.181.190.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment