8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Угжирсан асуудалдаа багалзуурдуулах вий дээ

2018-02-09 15:27:00

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар намрын чуулган хаалтаа хийж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. 

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд долоон аймаг, нийслэлийн дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдээс гаргаж байгаа санал санаачлагыг та бүхэн хэрэгжүүлж ажиллаасай гэж хүсч байна. Нийтдээ 12 мянга гаруй иргэдтэй уулзсан. Иргэд цалингийн нэмэгдэл, татварыг бууруулах, орон сууцтай болох, орон гэргүй иргэд гэр хүслээ. Бас төрийн албан хаагчдын ёсзүйн асуудлыг хөндөж байна. Иргэд ажилгүйдэл, ядуурлыг цогцоор нь шийдэх, зээлийн хүүг бууруулах асуудлаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа юм. Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулахыг шаардаж байна. Манай нийгэмд тулгамдсан асуудал овоорч, иргэд бухимдлаа илэрхийллээ. Ард түмнээс итгэл аваад сонгогдсон бол хуулиа хэлэлцэж, шүүдэг баймаар байна гэдгийг хэллээ. Засгийн газрын барьсан бодлого “Эдийн засагт үүр цайсан” гэж хөөрцөглөж суухад ОУВС-гийн төлөөлөгч эдийн засагт эрсдэл хэвээр байгааг улаан нүүрэн дээр нь хэлж байна.

Та бүхэн ажил хийхгүй, сандал ширээнд илүү ач холбогдол өгч тансаглаж байна.  Төр ахмад настныхаа нийгмийн баталгааг хангах үүргээ биелүүлж байгаа гэж хэлж болох уу. Тэтгэврийн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй. Миний зүгээс энэ чиглэлд УИХ яаралтай шийдвэр өгч ажиллуулахыг хүсч байна. Нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулж,  иргэдийг ажилтай болгох хэрэгтэй. Хариуцлага оногдуулдаггүй юм чинь юу ч шахсан яах вэ гэсэн хандлага байна. Төрийн албанд талцал туйлдаа хүрчээ. Сүхбаатар аймагт үндэсний эв нэгдэл алдагдаж, талцлыг дэвэргэж байна. Төрийн албаны ялзарлыг харсаар суух уу. Ядуурал Монголын тулгамдсан бүх асуудал, зовлонгийн үндэс. Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид 28 жил Монголд юу ч хийх хэрэггүй гэж сурталчилж ирсэн. Одоо сургамж авбал авахаар хохирлыг бид амслаа. Монгол хүнийг ажилтай болгоход шаардлагатай бүх зүйлийг хиймээр байна. Иргэдээ бодож, ард түмнээ хайрлаач гэж та  бүхнээс хүсч байна. Иргэдийнхээ өвчнөөс хүртэл мөнгө олох гэдэг албан тушаалтан одоо хүртэл бидний дунд байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд та бүхнээс халамж хүсээгүй, хуулийн засаглал, шударга ёсыг шаардаж байна. Иргэдэд хуулийг зөвөөр ойлгуулах тал дээр ган хийхгүй, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн аливаа үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Шүүхээр тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч буруутгах эрхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны мэдэлд тавьсан асуудал олон жил яригдлаа. Ямар ч шийд алга. Асуудлыг шийдэх бус тойрох гэсээр байгааг угжирсан асуудалдаа багалзуурдуулах вий дээ. Энэ мэт тодорхой асуудлыг шийдэхгүй байгаа нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг үгүйсгэж байна. Иргэд асуудлын шийдлийг биднээс шаардаж байгаа.  Бүтэн хоёр жил өнгөрч байхад төрийн хэвийн үйл ажиллагааг хангахгүй байна. Төрийн хэвийн үйл ажиллагааг хангахыг та бүхнээс хүсч байна.Цаашид ЕТГ иргэдээс ирүүлсэн санал, өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулж, өөрс дийн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.

Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна аа.

Уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан эдийн засгийн уналт, өсөлтийг улс төржүүлэн дан ганц өөрсдийн гавьяанаас хамаарсан үр дүн мэтээр сурталдсаар суутал тань ажилгүйдэл, ядуурал өдөр өдрөөр нэмэгдсээр байна. “Засгийн газрын барьсан бодлого эдийн засагт “үүр цайлгасан” гэж Сангийн сайд нь хөөрцөглөж дуусаагүй байхад хажууд нь суусан ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт юм. Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлт гэдэг нь цаашид ч эерэг хэвээр хадгалагдах баталгаа болж чадахгүй. Монголын эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа” хэмээн улаан үнэнийг хэлж байх жишээтэй. Энэ юу харуулж байна гэхээр ажил хийхээсээ хийсэн болж харагдах хүсэл чинь давамгайлаад байна аа.

Одоо тулгамдсан асуудлуудыг мөнгө бус, ухаантай царайлж улс төржих бус сэтгэл зүрх л шийднэ. Та бүхэн монголчуудынхаа төлөө, иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө сэтгэл гаргаж чадвал шийдэл олдоно. Мөнгө ч олдоно. Гол нь хүсэхгүй, хийхгүй байна. Сандал ширээнд илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зорчихыг зорилгоо болгож байна.

Цагаан сар болохоор л ахмадуудаа санаж, худал хөөрцөглөхийн оронд тэдэнд тустай бодитой шийдэл гаргах цаг иржээ. Өнөөдөр нийт тэтгэвэр авагч 3 хүн тутмын 2 нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Тэднийг сарын 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдар гэж тулгаж байна. Ийм байж төр ахмад настныхаа нийгмийн хамгааллын баталгааг хангах үүргээ биелүүлж байгаа гэж үзэж болох уу?

Эрхэм гишүүд, Та бүхнийг яаралтай Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг уриалъя. Богино хугацаанд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж чадвал ахмадуудын тэтгэвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэх боломж байгаа. Миний зүгээс цаашид тэтгэврийн шинэчлэлийг явуулахыг УИХ, Засгийн газраас шаардаж, чиглэл өгч ажиллах санал тавьж байна.

Хуримтлагдсан асуудлыг иргэдэд тустай талаас шийдвэрлэхийн оронд далимдуулж хялбар унац гаргах гэдэг зуршлаа таягдан хаях хэрэгтэй. Утааг далимдуулаад бэлэн байгаа зуухыг шахчих, сайжруулсан түлш нэрээр мөнгө цөлмөхийг санаархах гэх мэт явуургүй төслөөсөө татгалзаад нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулах, нэг ч гэсэн монгол хүнийг ажилтай болгох талаар санаа тавих цаг ирсэн байна.

Утаагүй зуух, сайжруулсан түлшийг гэр хорооллоор 10 жил хавтгай тараагаад амжилт олоогүйг ухаарахад тийм хэцүү биш баймаар....Утаа арилгах нэрээр хэдэн тэрбумаар мөнгө үрсэн байгууллага, албан тушаалтнууд тодорхой байсаар байхад толгойг нь илж өнгөрөөсөөр байх юм уу? Ийм нөхцөлд дараа дараагийн арга хэмжээнүүд чинь бас үр дүнгүй өнгөрөх эрсдэл бэлээхэн байна. Хариуцлага ногдуулдаггүй юм чинь юу ч шахсан, юу ч хийсэн яадаг юм гэх сэтгэлээр утааны асуудалд хандаж, амташсан хүмүүс нь одоо ч эрх мэдэлтэй байна.

Асуудлыг шийдвэрлэх аргаа, хариуцлагын тогтолцоогоо өөрчлөөч гэдгийг би хатуу сануулж хэлмээр байна. Төрийн албанд талцал, улс төржилт туйлдаа хүрч, ажлаа хэвийн хийж чадахгүйдээ хүртэл явцуурсныг би Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний албатуудын ёс зүйгүй үйлдлээс харлаа. Тэнд жинхэнэ үндэсний эв нэгдэл алдагдаж, талцлыг дэвэргэж, Монголын төрийг үнэгүйдүүлж байна. Өвчлүүлж байна. Яаралтай эмчлэх, хэвийн байдалд оруулах эсэхийг шийдэх хүмүүс нь та нар. Төрийн албаны ялзралыг ингээд харсаар суух юм уу, ямар нэг хариуцлага, сахилга батын тогтолцоо байна уу?

Ядуурал бол Монголд хуримтлагдсан бүх асуудал, зовлонгийн үндэс. Ядуурлыг ажлын байр бий болгож л арилгана. Ажлын байрыг бүтээн байгуулалт, дорвитой далайцтай төслүүд л бий болгоно. Яавал олон ажлын байр бий болгох вэ, яавал тэр нь тогтвортой урт хугацаанд орших вэ, яавал арай ахиу орлого гаднаас олох вэ үүнд сэтгэл оюунаа чилээгээд, шуурхай, далайцтай ажиллаж чадах эсэхээс тань улс орны хөгжил, иргэдийн амьдрал шууд хамаарч байна. Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид, гадны гар хөл бологсод 28 жил Монголд юу ч үйлдвэрлэх хэрэггүй, дэлхий хийчихнэ, зүгээр сууж бай гэж сурталдаж, ятгаж, хорлож ирсэн. Тэдний хүслээр Монголын бүх Засгийн газар ажилласаар өдий хүрсэн ч эдийн засаг сайжралыг олсонгүй. Одоо болоо юм биш үү? Сургамж авбал авахаар хохирол амслаа, хугацаа алдлаа. Мэдэмхийрэгчид, хийрхэгчдийг үл тоогоод монгол хүнийг ажилтай, орлоготой болгоход шаардагдах юу байна бүгдийг хийцгээе. Та бүхэн ингэж сэтгэж, зүтгэвэл миний зүгээс чадлаараа дэмжиж, уриалж, гар бие оролцоход бэлэн байгаа.

Иргэдээ бод, ард түмнээ хайрлаач гэж би та бүхнээс ахин дахин хүсэж байна. Арав гаруйхан настай хүү элэгний вирусын эсрэг эмийг эрх мэдэлтнүүд дамлан худалдаж байгааг, эм авахад эцэг, эхийнх нь орлого хүрэлцэхгүй байгааг, сайн эм гаднаас оруулж ирэх боломжийг эмийн худалдаанд хяналтаа тогтоосон эрх мэдэлтний бүлэглэл зориуд хязгаарлаж байгааг шүүмжлэн хэлж байна. Иргэдийнхээ өвчнөөс хүртэл мөнгө олох гэдэг албан тушаалтан байж болох уу? Ийм хүмүүст төрд ажиллах ёс зүй бий юу?

Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна гэдгийг ард түмэн хэлж, сануулж байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй. Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Хууль тогтоогчид нь хуулиудаа зөрчиж, элдвээр аяглах нь гаарлаа. Иргэд та бүхнээс халамж, бэлэн мөнгө нэхээгүй ээ. Тэд хуулийн засаглал, шударга ёсыг л шаардаж байна. Би саяхан Прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хуулийг сахиулах, болон хэрэгжүүлэх үүрэгтэй бүтцүүд хуулиа, зарчмаа хамгаалах, иргэдэд хуулийг зөвөөр ойлгуулах тал дээр ганхийхгүй, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль зөрчсөн, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн аливаа үг, үйлдэлд хариу өгөхгүй өөгшүүлж суудгаа боль гэж шаардсан. Шүүхийн шийдвэрийг хэн дуртай нь шүүн хэлэлцэх, буруутгах нь хуулиар хориотой, шүүхээр тогтоогдоогүй бол хэн ч байсан бусдыг гэмт хэрэгт буруутган цоллох эрхгүй. Ийм тулгуур зарчмуудаа хуулийн байгууллагууд хамгаалахгүй бол хууль яаж дээдлэгдэх юм бэ.

Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг гадны банкны зээлийн барьцаанд тавьж алдахад хүрч буй талаар олон жил ярьж шуугисан ч хэн ч хариуцлага хүлээгээгүй, асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Зээл авсан хүн, төрийн өмчөөр баталгаа гаргахад нь зуучилсан, дэмжсэн, баталгаа гаргасан албан тушаалтнууд нь тов тодорхой байхад, арбитрын шүүх дээр баримтаар нотлогдсоор байхад хэдий болтол хараагүй, сонсоогүй, юу ч болоогүй мэт мэлзсээр, мэлэрсээр суух юм бэ. Та бүхэн сайхан амлаж, бүх эрх мэдлийг авсан хэрнээ асуудлыг шийдэх бус булзаж, тойрох гэсээр байгаад ужгирсан асуудалдаа залгиулчихлаа. Эрдэнэт үйлдвэрийн орлого, санхүү шүүхийн шийдвэрээр барьцаалагдах болж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн болжээ. Яаралтай асуудлаа шийдээч, гэм буруутнуудад хариуцлагаа тооцооч.

Энэ мэт тодорхой асуудлыг шийдэхгүй байгаа чинь иргэдийн төрдөө итгэх, шударга ёс, хуулийн засаглалд найдах сэтгэлийг үгүй хийж байна. Шударга ёсыг хэрэгжүүлдэггүй Засаглал удаан оршдоггүй...

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх, төрийн албан хаагчид оффшор данс эзэмшсэн зэрэг асуудлуудыг удаашруулж, гацааж, шийдвэрлэхгүй байгаа нь иргэд биш шүү дээ. Иргэд эдгээр асуудлуудын шийдлийг Та бүхнээс шаардаж байна. Хууль тогтоогчид та бүхэн үргэлжлүүлээд хараад суух юм уу, хуулийн дагуу нэг мөр шийдэх юм уу гэдэг улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлэх цаг болж. Та бүхэнд бүх эрх мэдэл шилжээд бүтэн хоёр жил өнгөрлөө шүү дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж та бүхнээс шаардаж байна.

Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа. Үүнийг мушгин гуйвуулж эв нэгдлийг бусниулж байна, төрийн эсрэг турхирч байна гэх ундууцал илэрхийлж байгаа нь буруу. Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой. Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

Цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулан, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, мөн өөрийн цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.

Иргэдийн шахалт шаардлага, санал бодлыг цаг алдахгүй хүргэхийн тулд өнөөдөр чуулганы хуралдаанд оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа" гэв.

Үг хэлсний дараагаар гишүүд асуулт асуух гэсэн боловч Ерөнхийлөгч албаны уулзалттай хэмээн гишүүдийн асуултад хариулт өгөлгүй танхимыг орхин гарлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ГУЦ МУУ АЦ
ОРОС РУУГАА ЗАЙЛ
2018/02/13 202.179.27.140
R
Ene hun songogdood yag yu hiivee
2018/02/10 122.201.21.252
Songogch!!!
UIH-d suuhgui bol UIH-n gishuun baih shaardlagagui!!!! UIH-n gishuud ni UIH daa irj huraldahgui bol UIH tarah ni tumen zov!! Ene irstgui UIH-g tatan buulga!!!
2018/02/10 202.179.31.86
Zochin
Төрийн өндөр албан тушаалтан та бүгд л эвтэй байвал энэ эх орон ард түмэнд л тустай хэрэгтэй байх шүү. Та нар эрх мэдлээ булаалдахаа болиоч. Ард түмэнд буруу суртал ухуулга хийхээ зогсоо.
2018/02/10 66.181.186.97
Zochin
Хэнийг хэнээр багалзуурдуулах гээд байна.
2018/02/10 66.181.186.97
Zochin
Нэг засгийн газрын гишүүн шинэ машин аваад албан хэрэгцээндээ унаа л биз . Ерөнхийлөгч хүн ийм жижиг асуудалд цайны авгай нар шиг юм яриж явах ч гэж С. Эрдэнийн хэлсэн ярисныг тот шиг давтан яриад .,
2018/02/10 66.181.186.97
Zochin
Х. Баттулга ерөнхмйлөгч 6 сар гаруй 60 гэсэн тоо ярилаа . Улсын их хурлын инлэр дээрээс учир битүүлэг юм ярчихаад их хурлын гишүүд асуулт асууж хариулт авах гэхээр зугатах юм.
2018/02/09 66.181.186.97
Цнд
Ухаангүй ноёнд ургашгүй албат гэдэг л болж бн
2018/02/09 66.181.160.108
1
ойлгосон гэж бодлоо арай урд нийтлэл байна
2018/02/09 182.160.0.107
бсүх
Асуултанд хариу өгөхөөр асуудалд өртөчих гээд бна аа.Эрдэнэтэд очоод юу гэж бурахыг харъя их л сандруу гарлаа шүү дээ хө.Хурц шигээ цүнх дүүрэн баримттайгаа очихгүй бол их л хүнд байдалд орох байх даа
2018/02/09 103.212.116.97
ОРОСЫН ХҮРГЭН
ЯАГААД ЭРДЭНЭТИЙН 51 ХУВИЙН ЛУЙВАРТ РОСТЕХ,49 ХУВИЙН ЛУЙВАРТ РОСНЕФТЬ ОРОЛЦСОН ЮМ БОЛ?
2018/02/09 202.179.24.172
Unsigch.
Bohchuudee sutseer uls torchid bolgosoor yu hojiv???
2018/02/09 31.46.181.43
зочид
малын эмч нар шүлхий өвчин тараагаад байгаа нь үнэн үү тэд малын эмээ борлуулах арга хэрэглээд удаж байна хэзээ өвөл шүлхий энэ тэр гарч байлаа атг ажлаа хий
2018/02/09 202.21.103.46
зочид
мөнгөтэй шүү дээ ард түмний өмчийг зүгээр л бөхийн холбоогоор тоглуулаад байгаа төрийн түшээ нь хэн бэ?
2018/02/09 202.21.103.46
зочид
бөхийн өргөөг төр түрээслэж, аливаа хурал чуулган бөх концерт спорт гээд бүх тоглолтыг явуулах ёстой ганц бөхийн холбоо юү ве нямдорж тийм сүрхий юм бол бөхийн өргөөг хувиасаа , холбооноосоо барьчих
2018/02/09 202.21.103.46
зочид
ёстой төр засаг ажлаа хий хий хий хүн ичмээр нүүрээ угаагүй хүүхэд шиг даанч дээ 28 жил шүү
2018/02/09 202.21.103.46
зочид
бөхийн өргөөг төр өөртөө аваач бөхийн холбоо татвар төлдөг үү? гадна дотор засвар хийсэн үү 28 жил юү ч хийгээгүй ард түмэн мэднэ бөхийн өргөө бол ард түмний мөнгөөр боссон нийслэлийн соёлын төв болох
2018/02/09 202.21.103.46