8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Хуралдааныг олон удаа тасалсан гишүүнийг эргүүлэн татдаг болно

2018-02-09 16:05:22

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр /2018.02.09/ өргөн барилаа.

УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаад иргэд, олон нийтийн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн чуулганд оролцох сахилга, хариуцлагыг сайжруулах зорилготойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд тодруулга өгөхдөө “УИХ-ын Дэгийн тухай хуулийг судалсны үндсэнд хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй гэж үзлээ. Одоо мөрдөж байгаа хуульд хариуцлагын механизмыг бүхлээр нь заачихсан. “Сануулна”, “үг хэлэх эрхийг нь хасна” гэсэн ерөнхий заалтууд байдаг. Эдгээрийг илүү тодорхой болгож, үг хэлэх, асуулт асуух эрхийг гурав хүртэлх цагаар хасах, цалингийн тодорхой хувиар торгох гэхмэтчилэн заалтууд оруулсан. Цаашилбал, нэг чуулганы хугацаанд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гуравны нэгээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах хүртэл заалт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын гишүүн өөрийн биеэр ирж чуулган, байнгын хуралдаанд ирцээ бүрдүүлэх нь бусдын өмнөөс санал өгөх байдлыг засна гэж үзсэн” гэлээ.

Гадаадын улс орнуудын парламентын хуралдааны Дэгийн тухай хууль тогтоомжуудад хуралдаан тасалсан болон хоцорсон үйлдэлд тодорхой хариуцлага тооцдог.Тухайлбал, Австрали улсын сенатын гишүүн хоёр сарын турш хуралдаан тасалсан тохиолдолд суудлаа алддаг, ОХУ-ын Төрийн Думын гишүүн 30 хоног ажлаа тасалбал түүний бүрэн эрхийг цуцалдаг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад гишүүн Байнгын хорооны хуралдааныг гурван удаа тасалбал түүнийг хорооноос гаргах, 15 хүртэл хоног хуралдаандаа суухгүй бол цалинг хасна, 15-30 хоногт ажлаа тасалбал гишүүн эрх нь цуцлагддаг, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн санал өгөх хуралдаанд оролцоогүй бол 200 еврогоор торгож, түүнд олгох зардлаас хасах зэрэг зохицуулалтууд тус тус үйлчилдэг байна. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хоосон яриад байхаар тэгээд хуульчлаач дээ.НАМ-ын бүлгийн даргын хувьд та өөрөө ч бас хариуцлага хүлээх ёстой шүү дээ.
2018/02/09 119.40.99.15