8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бэхбаяр, Т.Тулга нар Иранд төрийн дууллаа эгшиглүүлэв

2018-02-11 10:20:00

Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн тэмцээн хоёрдугаар сарын 8-9-нд Табриз хотод боллоо. 38 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, Иран, Казахстан, ОХУ,  Энэтхэг зэрэг 17 орны 160 тамирчин 10 жинд өрсөлдсөн юм.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор дөрвөн тамирчин зодоглосноос 57 кг-ын жинд МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.  Түүнчлэн 92 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртжээ.

Бөхийн орон Ираны дэвжээнд манай бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.

57 кг: Э.Бэхбаяр Ираны дэвжээнд 1/4 шигшээд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Армений Михран Жабуряныг 10:0-ээр, хагас шигшээд эзэн орны Хамид Халилиг 12:0-ээр, шигшээд Надер Хажиханиг 11:0-ээр тус тус ялсан юм. 
Бэхээ гавьяат Герман, Испанийн Гранпри, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Тахтийн цом, “Монголиа Опен” гээд ДБНХ-ны календарт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ээс 11 дэх түрүүгээ хүртэж байна. 


65 кг: Т.Тулга тэгшитгэлд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Украины Василий Шуптарыг 8:2-оор, 1/4 шигшээд ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Болгарын Борислав Новачковын төрсөн дүү Филипп Новачковыг 11:0-ээр, хагас шигшээд Гүржийн Шота Партенадзег 4:4-өөр, алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Мортеза Гиясиг 5:0-ээр ялснаар олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс анхны алтаа зүүсэн.



92 кг: Ө.Батзул 1/8 шигшээд Гүржийн Луза Церцвадзетэй 14:6-гаар, шөвгийн наймд эзэн орны Амир Арсалан Татариг 9:3-аар ялсан ч хагас шигшээд эзэн оны Арашк Мохебид оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Жавид Садыковыг 5:0-ээр ялсан юм.

125 кг: М.Лхагвагэрэл 1/8 шигшээд Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр (12:1) ялж, шөвгийн наймд эзэн орны Жафар Шамснатери 0:5-аар ялагдсан. Дагах барилдаанд Гүржийн Роланди Андразиг 5:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Тажикистаны Абдурашид Гольжановыг 10:0-ээр ялав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл