Сүүлийн үед манай нийгэмд олныг цочироосон хэрцгий хэргүүд ээлж дараалан гарах болсон. Сүүлд гэхэд 19 настай П гэх хүүг 26 удаа хутгалж амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Монгол хүний ухаанд багтамгүй жигшүүрт хэрэг хийсэн этгээд өдгөө батлан даалтад гарсан байгаад талийгаач хүүгийн ээж гомдолтой байгаа юм. Уг хэргийн талаар талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэнтэй ярилцлаа.
-Хэрэг хэзээ гарсан бэ?
-2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Бичил хорооллын 19-р байрны ойролцоо байдаг грашийн ойролцоо болсон. Д.Буяннэмэх гэдэг залуу 37-98 гэсэн Приус 11 машинтай явж байсан юм билээ. Миний хүүг 20 гаруй удаа хутгалсан байсан.
-Өмнө нь тэр хүнийг талийгаач таньдаг байсан уу. Юунаас болж таны хүүг ингэж хэрцгийгээр хөнөөх болов?
-Таньдаггүй байсан гэсэн. Хэрэг болдог өдөр дэлгүүр дотор манай хүү утас зарна гэж ярьж байсан юм билээ. Тэрийг нь чагнаж зогсож байгаад яриад дууссаны дараа очиж танилцаад утас худалдаж авъя гээд дагаад гарсан гэсэн. Тэгээд тэр өдөржингөө цуг явсан байдаг.
Тэгээд орой нь юунаас болж заавал 20 хэдэн удаа хутгалж алах болсон шалтгааныг нь үнэндээ мэдэхгүй байна. Машиндаа хутгалсан юм шиг байгаа юм.
Нас барсан хойно нь Бичилийн ойролцоо машинаасаа унагаачихаад явсан юм шиг байна лээ. Тэгээд машинаа бариад явсан. Гэрэлгүй машин явж байхаар нь замын цагдаа зогсоосон гэсэн. Тэгэхэд “Би тэнд хүн хутгалаад хаячихсан. Би өөрөө ч хутгалуулчихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэр хүн алчихлаа гэдгээ мэдээд өөрөө өөрийгөө хутгалцан ч юм билүү. Алчихаад орхиод хэргийн газраас явсан байгаа юм. Миний хүүд анхан шатны ямар ч тусламж үзүүлээгүй. Хүү минь амиа алдах хүртлээ нэлээн зууралдсан юм шиг байсан. Хурууны үенүүдийг нь тасдсан байсан.
-Хүүг хэрцгийгээр хөнөөсний дараа гэмтлийн эмнэлэгт хэвтсэн юм уу?
-Д.Буяннэмэх гэмтлийн эмнэлэгт очоод хавсарсан гэмтлийн тасагт 13-14 хоног хэвтсэн байсан. Энэ талаар миний таньдаг хүн “Танай хүүг алсан гэх хүн гэмтлийн эмнэлэгт хөзөр тоглоод хэвтэж байна ш дээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн нүдээр үзэхээр очиход үнэхээр гэмтлийн эмнэлгийн хавсарсан гэмтлийн тасагт очиж хэвтсэн байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт байдаг цагдаад “Энэ чинь хүн алсан. Энэ хүнийг шөнө харж хоноорой би өглөө мөрдөн байцаагч авчирч хориулах арга хэмжээ авна” гэж хэлээд явсан. Тэгээд өглөө нь 7 цаг өнгөрөөд очсон чинь тэр шөнө Мөнхбаяр гээд хамаатны ах нь юмуу таньдаг хүн нь юмуу мэдэхгүй. Тэр эмч нь Буяннэмэхийг эмнэлгээс гаргасан байсан. Би Мөнхбаяр эмчтэй уулзахад “Манай өрөөнд байж байгаад явсан. Одоо байхгүй. Тэгээд яах гээд байгаа юм” гэсэн. Тэгээд цагдаа, прокурорт гомдол гаргаад тэр өдөр нь хорьсон. Хоригдсон өдрөө хорих ангийн эмнэлэгт очоод хэвтсэн байсан. Тэгээд уржигдар батлан даалтад суллагдчихлаа.
-Д.Буяннэмэх эмнэлэгт хэвтэх бэртэл, гэмтэлтэй юмуу?
-Энэ хүн эмнэлэгт их таньдаг хүнтэй юм байна. Хүн алчихаад гэмтлийн эмнэлэгт 14 хоног чөлөөтэй байсан. Хорих ангид очоод эмнэлэгт хэвтлээ. Хорих ангийн эмнэлэгт хэвтсэн мөртлөө хорих 461-р ангиас өвчний улмаас батлан даалтад гарах шаардлагатай гээд гарсан байна. Маш хүнд үхэх гэж байгаа юм шиг л. Одоо ч Баянгол дүүргийн цагдаа дээр очиход Д.Буяннэмэх зүв зүгээр байж л байгаа. Хорих ангиас БГД-ийн цагдаа руу ирээд бууж байхыг нь би машинд суугаад харсан.
Машинаас гүйж гараад л, цагдаагийн газраас гүйгээд л гараад ирж байна лээ шдээ. Хүнд өвчтэй шоронд байх боломжгүй хүн тэгж явах уу. Шүүх эмнэлгээр хүнд гэмтэлтэй гэсэн бичиг гаргуулсан байна лээ.
Гэхдээ тэр хүн огт гэмтээгүй байна гэж байхгүй. Мэдээж миний хүү хүнд алуулах гэж байгаа хүн өөрийгөө хамгаалж, үхэхгүй нь тулд хариу арга хэмжээ авсан байлгүй дээ. Зөндөө тэмцсэн юм шиг байна лээ. Тэр хутгыг нь чанга барьсан байсан. Хутгыг нь шувтарч авахдаа 4 хурууг нь таслах шахсан үенүүд нь ил гарсан байсан. Тэгэхээр миний хүү амь тэмцэж хутгатай ноцолдсон юм шиг байна лээ. Замын цагдаа зогсооход цустай хутгаа машиныхаа үрүүлний доор тавьсан байсан гэсэн. Өөрийгөө ч хутгалсан юм бил үү мэдэхгүй шдээ. Үхсэн хүн үг хэлэхгүй тийм учраас өөрийгөө хутгалсан гэж би ойлгож байгаа. Миний хүү бол хүн хутгалах нь битгий хэл мод, чулуугаар ч хүн цохиж үзээгүй хүүхэд. 19 жил болохдоо нэг ч хүүхэдтэй маргаж, зодоон хийж байгаагүй. Найз нөхдүүд нь ч “Хорхойд хоргүй амьтан байсан, Миний найз бид нартай маргаж үзээгүй” гэж хэлж байна. Хүнтэй зодолдож үзээгүй хүүхэд хүн рүү хутга бариад дайрахгүй л байх гэж би ойлгож байгаа. Буяннэмэх “би хутгалуулсан” гээд байгаа. Тэр өөрийгөө ч хутгалсан юм билүү.
-Буяннэмэх цагдаа нарт талийгаачийг хаана байгааг хэлж өгсөн үү. Хэчнээн хугацааны дараа талийгаачийг цагдаа нар олсон бэ?
-Баянгол дүүргийн замын цагдаа Мөрөн гэж залуу цагдаад дуудлага өгсөн юм билээ. Мөрөн машиныг нь бариад гэмтэл рүү явсан юм билээ. Хоёр цагийн дараа хүүг минь олсон.
-Ар гэрийнхэн болоод Буяннэмэх тантай холбоо барьсан уу?
-Ямар ч холбоо бариагүй. 20 сая төгрөгөөр хоёр өмгөөлөгч авсан гэсэн. Оршуулгын зардалд би өөрөөсөө 8-9 сая төгрөг зарцуулсан. Тэд нарын зүгээс надад 100 төгрөг ч өгөөгүй. Эхээс зургуулаа гэсэн. Ар гэрийнхэн нь мөрдөн байцаагчтай нь холбоо бариад байгаа гэсэн.
-Та өмгөөлөгч авсан уу?
-Би өмгөөлөгч аваагүй байсан. Өмгөөлөгч авах боломж бололцоо ч байхгүй. Уржигдраас эхлээд /01-24/ өмгөөлөгч авч байгаа.
-Гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан гэсэн. Энийг та юу гэж бодож байна?
-Хорих 461 дүгээр ангиас Буяннэмэх эрүүл мэнд нь хүнд гэсэн бичиг хийлгүүлсэн байна. Тэрийг нь үндэслээд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн ерөнхий шүүгч Цогтданзан батлан даалтад гаргах шийдвэр гаргасан гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир ерөнхий шүүгчийн гаргасан захирамжинд гомдол гаргах эрхгүй байдаг юм гэсэн.
-Хуулийн дагуу явж байгаа гэсэн үг үү?
-Хуулийн дагуу юм байлгүй. Ерөнхий шүүгчид тийм эрх мэдэл байдаг л юм байна. Энэ талаар Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо газруудаас асууж үзсэн. Тэгэхэд бид нар хариуцлага тооцох, буруу шийдвэр гаргасан байна гэж хэлэх боломжгүй гэсэн. Хууль зүйн хүрээлэн дээр хуульчдийн мэргэжлийн хариуцлагын хороо гэж байдаг гэсэн. Тэр хороонд хандаж болно гэсэн.
Би шүүгчтэй нь утсаар ярьсан. Тэгэхэд “-Чи надтай утсаар ярих, гомдол гаргах эрхгүй” гэсэн.
-Хэрэг болсон өдөр танай хүү ямар утас зарах гэж байсан юм бэ?
-“IPhone 5” гэдэг утас зарах гээд утсаар ярьж байхад нь Буяннэмэх хажууд нь сонсож байгаад л би авъя гэсэн юм шиг байгаа юм. Би тэр хоёр хоорондоо юу ярьсаныг хэлж мэдэхгүй байна. Үхсэн хүн үг хэлэхгүй. Дээр нь гэрч байхгүй. Хоёулаа өдөржингөө цуг явсан гэсэн.
- Хэрэг гарсан өдөр хэдээс хичээлтэй байсан юм бэ?
-Тухайн өдөр үдээс өмнө хичээлтэй байсан. Үдээс хойш ажил хийж байсан. Хичээлийн бус цагаар ажил хийдэг. 10-р хорооллын ойролцоо нэг газар ажиллаж байгаа гэж байсан. Өмнө нь “Түмэн плаза”-д ажиллаж байсан. Би ажилгүй байсан учраас хүү маань хичээлийнхээ хажуугаар ажил хийж байсан.
-Хүү тань ШУТИС-д ямар мэргэжлээр суралцдаг байсан бэ. Юу хүсч мөрөөддөг хүүхэд байв?
-Мебель модон эдлэл дизайны чиглэлээр сурдаг байсан ч өөрөө бол автын инженер болно ангиа солино гэж ярьдаг байсан. Өөрөө багаасаа машин барьдаг техникт их сайн хүүхэд байсан. Зуны амралтаараа хөдөө Булган аймагт очиж амарч жоохон байхдаа хурдан морь унаж байгаад сүүлд өөрөө хурдан морь уядаг болсон. Моринд их хайртай, сонирхолтой хүүхэд байсан.
-Таны хувьд ямар мэргэжилтэй хүн бэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт ажиллаж байсан. Одоо дарга нартайгаа маргалдаад шүүхээр явж байгаа. Би өөрөө эрхзүйч, нягтлан бодогч мэргэжилтэй.
-Ямар зүйл ангиар яллагдаж байгаа вэ?
-Эрүүгийн хэргийн 91.1 гэсэн зүйл ангиар явж байгаа. Уг зүйл анги нь санамсар болгоомжгүйгээс хүний амь насанд хүрсэн. Ял нь 15-аас дээш жилийн ялтай гэж сонссон. Сүүлийн үед би хуульч мэргэжлээр ажиллаагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир ерөнхий шүүгчийн гаргасан захирамжинд гомдол гаргах эрхгүй байдаг юм гэсэн.байгаа юмуу. Цаашдаа би юу болохыг мэдэхгүй байна.
-Хэрэг гараад хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явж байгаа вэ?
-Хэргийг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Уламбаяр гэж хүн мөрдөж байгаа. Энэ хүнийг би буруу шалгаж байна гэж хэлэхгүй. Ямар ч байсан энэ хүн өөрийн хийх ёстой зүйлээ хийж байгаа. Би мөрдөн байцаалтын талаар тодорхой зүйл ярих ёсгүй. Зохих шатандаа явж байгаа. Жаргал гэж прокурор шалгаж байгаа. Нэгэнт хүн алсан юм чинь хариуцлагаа хүлээх ёстой гэж бодоод би өмгөөлөгч аваагүй байсан. Ийм зэрлэгээр ганц хүүгээ алдсан надад дээшээ тэнгэр холдож доошоо газар хатуудаж л явна даа. Гэхдээ таньдаг хүнээрээ яриулж байгаад Ганбат гэдэг өмгөөлөгч авсан байгаа.
Ярилцсанд баярлалаа