8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Оюунцэцэг: Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнээс хорио цээртэй хортон шавж илэрсэн

2018-02-14 09:00:00

Сар шинийн баярыг угтаж нийслэлийн 9 дүүрэгт хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ахлах Х.Оюунцэцэгээс тодрууллаа. 

-Шалгалтын явцад 328 зөрчил илэрсэн-

-Сар шинийн баярыг угтаж нийслэлд хийгдэж буй хяналт шалгалтын үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/12  дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан  сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд НМХГ-аас 01/12 тоот удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүчний хяналт /цахилгаан, газрын тос, шингэрүүлсэн шатдаг хий/-ын чиглэлээр нийслэлийн 9 дүүргийн улсын /ахлах/ байцаагчид хийж гүйцэтгэж байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа. 

-Шалгалтаар ямар ямар зөрчил илэрсэн бэ. Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Шалгалтын явцад 328 зөрчил илэрсэн. Үүнээс 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Мөн холбогдох хуулийн дагуу Жигд Хүч ХХК, ОАСИ ХХК, Баян тэнгис ХХК, Дархан хан хоршоо ХХК зэрэг 6 аж ахуйн нэгжид 5500.0 мян/төгрөг, н.Ганболд, А.Өлзийбаяр, А.Ариунбаяр зэрэг 14 иргэнд 2100.0 мян/төгрөг, нийт 20 газарт 7600 мян/төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, Дотоодын хяналтыг хэрэгжүүлдэггүй, үйлдвэрлэлийн технологийн эрсдэл үүсэх горимд хяналт тавьдаггүй, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй, Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд гарал үүсэл тодорхойгүй, Үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь шошгололтын стандартын шаардлагыг хангаагүй, Ажилтан нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.  

Мөн хяналт шалгалтын явцад 8 зөрчил илрүүлж, арилгуулсан байна. Тухайлбал: ХАБҮЛЛ-ийн шинжилгээний дүнг үндэслэн нийт 13 нэр төрлийн 7,6 тн, 5320 ширхэг, 114.539.700 төгрөгийн дарсанд улсын байцаагчийн 02-09-03-183/05 тоот дүгнэлт үйлдэж, гаалийн горимоор устгуулахаар шийдвэрлэсэн.  Өнөөдрийн байдлаар  Улаанбаатар хотын нийт 13 гүний хяналтын бүсээр нийт 22 улсаас импортлогдсон, 576 аж ахуйн нэгжийн 19608,6 тн мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон боловсруулсан хүнсний чанар аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж ажиллаж байна.

-Зарим хүнсний бүтээгдэхүүнээс хорио цээртэй хортон шавж илэрсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?  

-Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 24 дээж /жимс, жимсгэнэ, хүнсний ногоо/-ийг ургамлын эрүүл ахуй, хүнсний хими, нян, хор судлалын шинжилгээнд тус тус хамруулахад 23 дээж нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан, 1 дээжинд хорио цээртэй хортон шавж илэрсэн.

Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр шаардлага хангаагүй гарсан 1 нэр төрлийн, 7 кг, 70,0 мян/төгрөгийн хар чавгыг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын устгалын цэгт устгасан.

 Мөн Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр НМХГ-ын төв лабораторид 87 дээж /хэвийн боов, согтууруулах ундаа зэрэг/-ийг хүнсний хими, нян, хор судлал, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулахад тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангаж байна.

 -Ил задгай болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг газруудаас худалдан авалт хийхдээ иргэд юуг анхаарвал зохистой вэ?

-Дээр дурдсан зөрчлөөс сэргийлэхийн тулд иргэд хэлэхэд  худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг, шошгожилт, үйлдвэрлэсэн он сар өдрийг нь сайтар харж, шалгаж авах хэрэгтэй.  Мөн болж өгвөл ил задгай худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь хаяг шошго гэдэг бол тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн он сар өдөр, хугацаа дууссан эсэх,  хүний биед гаж нөлөөтэй эсэх,  хаана үйлдвэрлэсэн, хаяг байршил, хадгалах горим, орц найрлага, тэжээлэг чанар гэх зэрэг мэдээллийг багтааж өгсөн байдаг. 

-Сар шинийн баярыг угтаж иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл өгнө үү?

-Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж, ард иргэддээ аюулгүй хүнс хэрэглэж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгож авахыг зөвлөж байна.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment