8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаяр: Уралдаанд түрүүлсэн шилдэг шүлгээр дуу хийнэ

2018-02-13 18:34:00

МУГТ, УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр эхнэр Т.Баясгаландаа зориулан хайрын шүлгийн уралдаан зарласан. Тэгвэл уралдаанд шүлэг хүлээн авах хугацаа маргааш буюу Валентины өдрийн 24.00 цагт өндөрлөх юм байна. Харин уралдааны хариу гуравдугаар сарын 8-ны өдөр гарах аж. Уг уралдааны шүүгчээр яруу найрагч Р.Эмүжин, Ц.Бавуудорж, Н.Гантулга, СГЗ, улсын начин Г.Эрхэмбаяр нар ажиллах юм байна. Уралдааны шалгаруулалтын үр дүнгээр шилдэг гурван байрыг шалгаруулахаар болсон ч төлөвлөснөөс олон хүн оролцож буй учир есөн байрыг шалгаруулахаар болжээ. Уралдаанд ирүүлсэн шүлгүүдийг ур чадвар, илэрхийлсэн санаа, утга уянга зэрэг шинж чанаруудыг нь харгалзаад 1-5 оноогоор шүүх аж.

Уралдааны шалгаруулалтын талаар Кёкүшюзан Д.Батбаяр шүүгчдийн хамтаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би гэр бүлийнхээ хамтаар Японы Окинава аралд амрах үеэрээ өөрийн фэйсбүүк хуудаснаа

“Окинава далай сайхан байсан ч

Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ

Баясгалант бүсгүйчүүд олон боловч

Баясаа минь наддаа сайхан” гэсэн мөртийн хамтаар зургаа оруулсан. Би энэ хэдэн мөрт шүлгээ олны дунд ийм том давалгаа үүсгэнэ гэж бодоогүй. Гэтэл энэ шүлэг маань олны анхаарлыг ихээхэн татаж магтаал, шүүмжлэл аль алийг нь ихээр хүртлээ. Тиймээс би фэйсбүүкт хайрын шүлгийн уралдааныг зарлахаар болсон. Уг шүлгийн уралдаанд хүмүүс төсөөлж байснаас минь идэвхтэй оролцож байна. Фэйсбүүк ашигладаггүй хүмүүс ч уг шүлгийн уралдаанд оролцож байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй шүлгийг ирүүлсэн байна. Шилдэг шүлгийг би өөрөө шалгаруулчихъя гэж бодсон ч маш олон шүлэг ирсэн учраас мэргэжлийн шүүгчдээр шүүлгүүлж шалгаруулахаар боллоо. Мөн хүмүүс хүч хөдөлмөрөө  ихээхэн зарцуулж бичиж буй учир би бусдын хөдөлмөрийг шударгаар мэргэжлийн түвшинд шүүх ёстой гэж үзсэн учраас шалгаруулах үйл явцад яруу найрагчидтай хамтран ажиллахаар болсон юм. Уралдаанд шүлгээ ирүүлсэн нийт оролцогчдодоо баярлалаа” гэлээ.

Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяраас доорх ярилцлагыг авлаа.

- Шүлгийн уралдаанд зөвхөн фэйсбүүк хэрэглэгчид бус Монголын өнцөг булан бүрээс хүмүүс бүтээлээ ирүүлж байгаа гэж сонссон?

- Манай найзууд Увс аймгийн нэг суманд очиход нэгэн ах “Ах нь шүлэг бичсэн юм. Шүлгээ явуулах гэсэн чаддаггүй. Та бүхэнд фэйсбүүк хаяг байвал Д.Баярын хаяг руу явуулж өгч тус болооч” гэж хэлсэн гэсэн. Энэ мэт олон хүн оролцож байгаа. 80 настай хүн утсаар залган зохиосон шүлгээ хэлж өгөхөд нь би тэмдэглэж авах жишээтэй. Хүмүүс захиагаар хүртэл шүлгээ явуулж байгаа.

- Гэргий тань шүлгийн уралдаан зохион байгуулах таны санааг яаж хүлээж авсан бэ?

- Эхнэртээ гэнэтийн бэлэг барих зорилгоор энэ уралдааныг зохион байгуулсан. Гэхдээ хүмүүсийн анхаарлыг их татаж буй учраас сюрприз маань задарчихлаа. Эхнэрт маань сюрприз болж чадаагүй ч хайраар цэнэглэгдсэн олон арван залуу, настан буурлуудаа гэгэлзүүлж чадсан. Тиймээс би их баяртай байна. 

- Та өөрөө шүлэг зохиох авъяастай юу?

- Хүүхэд насандаа хааяа шүлэг бичдэг байсан. Би гуравдугаар ангидаа

Эхний сүү шиг цав цагаан

Энэхэн орчлонгийн хамгийн цагаан

Анхны цас будран орлоо

Айлын хүүхдүүд хөгжин баярлана

Нартайд орсон тэр цас

Надад, чамд баяр авчирна гэсэн шүлгийг зохиож байлаа. Ховд аймаг дахь хөгшин ээжийнхээ Монгол гэрт энэ шүлгийг бичиж байснаа санадаг юм. Окинавагийн шүлгийг гэнэт л бичсэн.

- Шилдэг шүлгийг дуу болгоно гэж та хэлсэн. Энэ талаараа яриач?

- Ийм олон шүлэг ирж буй учир би их баярлаж байна. Хүмүүс их идэвхтэй  оролцож байна. Хамгийн гоё шүлгээр дуу хийж яагаад болохгүй гэж. Дуугаа би өөрөө дуулж ч болно. Гэхдээ миний Япон дахь ажил эхлээд байгаа учраас завгүй л байгаа. Ингэж их далайцтай уралдаан болно гэж бодсонгүй. Гэхдээ хүмүүс их оролцож байгаа учраас би их баяртай байгаа.

Харин шүүгчдийн хувьд ийм байр, суурьтай байна.

Яруу найрагч Р.Эмүжин: Зорилго нь таалагдаж буй учир шүүгчээр ажиллахаар болсон

- Энэ яруу найргийн уралдааны талаар цахим орчинд их шуугицгаах шиг боллоо. Эгэл жирийн монгол залуу Д.Батбаяр эгэл жирийн гэргийдээ зориулан бичсэн шүлгээ өөрийн цахим хуудаснаа тавихад залуус дагаж хайр сэтгэлээр амьсгаллаа. Өнөөдөр монгол залуус эмэгтэйчүүдээ хайрлаж, хайрлуулж чадаж байна. Хайр сэтгэлээр нийгэм давалгаалж чаддаг юм байна. Ангаж, цангаж ч байсан юм байна. Зорилго нь таалагдсан учраас би шүүгчээр ажиллахаар зөвшөөрсөн. Хайр сэтгэлийн давалгаанд залуусыгаа уриалж оролцуулж чадлаа. Хосуудын бие, биендээ илэрхийлэх гэсэн хайрыг ил гаргах санааг гаргасан уралдаан болж байна.  

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж: Их баяртай байна

- Нийгэм их давалгаа, цалгиа ихтэй, хурдтай, дуулиантай байна. Энэ үеэр хүмүүс нэгэндээ хайрын шүлэг бичих ийм боломжийг гаргаж өгсөн Д.Батбаяртаа талархаж буйгаа илэрхийлье. Залуусынхаа зүрх сэтгэл рүү хандсан сайхан ажил болж байна. Уралдаанд мэргэжлийн түвшинд бичсэн гэхээр чин сэтгэлийн шүлэг их ирсэн байна. Тиймээс бид зохих түвшинд мөн чанарт нь нийцүүлж шүүх болно.

Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга: Монголын яруу найргийн талбарт хайрын шүлгийн давалгааг үүсгэж чадаж байна гэж харж байгаа

- Уралдаан гэхээсээ илүүтэй  Монголын яруу найргийн талбарт хайрын шүлгийн давалгааг үүсгэж чадаж байна гэж харж байгаа. Хосууд бие, биенээ хайрлах тэр дундаа ханиа хайрлах санааг уриалж өгч чадсан ажил болж байна гэж харж байна.

Улсын начин, СГЗ Г.Эрхэмбаяр: Дуу болохоор шүлгийг харж байна

- Нилээн далайцтай, сайхан ажил болж байна. Миний хувьд сайхан дуу болчихоор шүлгийг л харж байна. Сайхан шүлгүүд төрөхийн зэрэгцээ хэдэн хүн баярлах юм байна.

Шагналын санг танилцуулахад  шилдэг есөн байрыг шалгаруулахаар болсон гэдгийг дээр дурдсан. 

Нэгдүгээр байр: Японд сүмо үзэх тасалбар.

Хоёрдугаар байрт: IPhone X гар утас

Гуравдугаар байрт: Sumsung S7 гар утас тус, тус шагнах юм.

Харин тусгай байр эзэлсэн шүлгүүдийн эзнийг MONEL брэндийн 32 инчийн Led  телевизээр шагнаж урамшуулахаар болжээ.
 



 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл