8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дорнод аймагт 10 настай хүү алга болж, Увс аймагт хүчтэй газар хөдлөлт болсон өдөр

2018-02-21 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

СУРВАЛЖЛАГА: Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх гэсэн сүсэгтэн олон хийдүүдэд ачаалал үүсгэж байна

Өнөөдөр шинийн зургааны өдөр. Арвандолдугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн шинийн зургааны энэ өдөр сүсэгтэн ард засал номоо хийлгэхээр гандан, хийдийг олноор зорьж байна.  Монголчууд шинийн 15-ны өдөрт багтаан тухайн жилийнхээ засал номоо хийлгэхийг зорьдог. Энэ уламжлалын дагуу уг өдрүүдэд гандан, хийдээс сүсэгтэн олны хөл, хөдөлгөөн тасрахгүй байна.Шинийн 15-ны өдөр засал номоо хийлгэснээр буян арвижиж, амьдралын замыг засдаг хэмээн бурханы номонд айлддаг билээ. 

Жил бүрийн өдийд хамгийн их ачаалалтай өнждөг Гандантэгчинлэн хийд болон Зүүн хүрээ Дашчойлон хийдийг зорилоо. Гандантэгчинлэн хийд буюу бидний хэлж заншсанаар Төв гандан энэ өдрүүдэд сүсэгтэн олны хөлд дарагдаж байна. Энгийн өдрүүдийнхээс харьцангуй ачаалал ихтэй байгаа нь засал номоо хийлгэхээр зорьж буй сүсэгтэн олны дугаарлалтаас харж болно. Төв гандан нь шинийн нэгнээс 15-ныг хүртэл өдөр бүр ерөөлийн ном хурах аж.  Онцлоход, тус хийд нь шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурах юм байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэд, хэдэн хийдүүд ном хурахдаа албан ёсны үнэ ханш тогтоосон байдаг.Гандантэгчэнлин хийдэд хамгийн өндөр үнээр Алтанганжуурыг уншуулж болох юм.  Нэг удаа уншуулахад л 20 000 төгрөгийн тасалбар бичүүлэх учиртай юм. Харин хамгийн багадаа 500 төгрөгөөр хийморийн сан тавиулж болно. Алтанганжуурыг насны буянаа арвижуулах, санасан хэргийг бурхны номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг, бүтэн жил уншдаг том ном билээ. Гандантэгчинлэн хийдийн хувьд үнэ ханшаа нэмээгүй байна.

ДАШЧОЙЛОН ХИЙД СҮСЭГТЭН ОЛНЫ ХӨЛД ДАРАГДЖЭЭ 


Үүний дараа Зүүн хүрээ Дашчойлон хийдийг зорилоо. Тус хийд нь өнөөдөр /2016.2.19/ сүсэгтэн олны  хөлд дарагджээ. Биднийг очиход засал номоо хуруулах иргэд тус хийдийн ном бичүүлэх хэсэгт урт дугаарлалт үүсгэсэн байлаа. Ачаалал ихтэй байгаа учир тус хийдээс хэд, хэдэн бичээчийг нэмж ажиллуулж байна. Сүсэгтэн олон өдөр бүр 09.00-18.00 цаг хүртэл айлтгал номоо бичээчид бичүүлэх боломжтой юм байна. Иргэдийн айлтгахаар бичүүлсэн номыг маргааш нь унших хуваарийн дагуу унших бөгөөд сүсэгтэн олон өөрийн биеэр ирж ном хурахад сүсэглэн залбирч болох юм.  Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн цагаан сарын хурал 2-р сарын 11-ээс эхлэн 3-р сарын 2-ны өдрийг хүртэл хурах аж. Мөн сүсэгтэн олны айлтгал, номыг цагаан сарын ачаалал ихтэй үед цаг тухайн үед нь хуваариа өөрчлөн уншиж буй бөгөөд бичээчид бичүүлсэн айлтгалын номыг хойд том дуганд цагийн хуваарийн дагуу уншиж байгаа аж. 

Сүсэгтэн олон айлтгал номоо бичээчид бичүүлэн унших хуваарын дагуу хүрэлцэн ирж айлтгал номоо уншуулах бөгөөд хойд талын том дуганы зүүн талд байрлах жижиг дуганд засалч лам нар сүсэгтэн олны засал сэлт болох / Нашдүрсэм, Гүймиг, Мэнгэ, Суудлын засал, Харш жилийн засал/ гэх мэт заслуудыг хийлгэх боломжтой юм байна. 

Тухайн засалд бэлдэж ирэх зүйлсийг бичиж тавьсан байх бөгөөд зааврын дагуу бэлдэж ирэх юм байна. Зүүн хүрээ Дашчойлон хийд нь шинийн 5-ны өдөр 09.00 цагийн хооронд урд дугандаа Цогчин, 13.00 цагт Их Ерөөл хуржээ. 

ЗҮҮН ХҮРЭЭ ДАШЧОЙЛОН ХИЙДИЙН ТАМГЫН ЛАМ Ц.АЛТАНХҮҮ: ШИНИЙН 15-НЫ ӨДӨР ҮЙЛДСЭН БУЯН ИХ САЙХАН АРВИЖДАГ 


-    Зүүн хүрээ Дашчойлон хийд энэ өдрүүдэд ямар ном хурж байна вэ? 

-    Манай хийд өнгөрсөн тахиа жилийн өвлийн сүүл сарын 25-аас эхлэн хуучин номыг хурж, сахиусаа тахиж байна. Энэ хурлууд шашин номын зан үйлийн дагуу болж байна. Билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 25-наас хуучин номын хуралд сахиусаа тахиад битүүний шөнө Лхамаа хураад шинийн нэгнээс их Ерөөлийг хурж байна. Мөн өглөөний уншлага Цогчин номоо хурж байна. Шинийн 1-ээс 15-ны хооронд өдөр бүр Цогчин, Их Ерөөлийг хурна. 

-    Сүсэгтэн олны мөргөл, ном их байна уу? 

-    Уламжлал ёсоор шинийн 1-ээс 15-ны өдрийн хооронд сүсэгтэн олон арвин, дүүрэн ирж мөргөл хийх, буян номоо хийх мөн шинэ номынхоо заслыг хийлгэж байна. Энэ уламжлалаараа сүсэгтэн олон хийдээр арвин, дүүрэн ирж номоо уншуулж байна. Мөн мөргөл, эргэл хийж гороолж байгаа.Энэ мэт урьдын адил сүсэгтэн олон буян номд шамдаж байгаа. 

-    Хүмүүс шинийн 15-ны өдөрт багтаан жилийн заслаа хийлгэхийг зорьдог. Энэ ямар учиртай юм бол? 

-    Шинийн 15-ны өдрүүдэд буян номд шамддаг нь учиртай. Энэ өдрүүдэд бурхан багш ирж шид бүтээлийг үзүүлдэг. Тиймээс бурханы шашинтай орнууд энэ баярыг тэмдэглэдэг. Энэ хугацаанд үйлдсэн буян их сайхан арвиждаг. Олноороо буян хийх нь илүү их үрждэг гэх бодол, итгэл байдаг. Нөгөөтэйгүүр шинэ сар гарч буй учраас сарын эхэнд хүмүүс засал номоо хийлгэнэ гэж шамддаг. Гэхдээ заавал 15-ны өдөр гэлтгүйгээр улирал бүрийн эхэнд заслаа хийлгэдэг уламжлал бий.  -    Шинийн 15-аас хойш ч мөн заслаа хийлгэж болно биз дээ? 

-    Шинийн 15-ны өдөр багтаагүй ч үүнээс хойш ирж засал номоо хийлгэх, мөргөл эргэл хийж болно. Зурхайн номонд дурдсанаар улирал бүрийн эхэнд заслаа хийлгэж болдог


Засал номоо хийлгэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс байдаг. Харин бурханы номонд засал гэдэг нь хүний бие, сэтгэл санаа эрүүл мэнд, ажил үйлс, аливаа бүхэнд эерэг нөлөө өгөх, бурхан шашны нууц тарнийнномын их хүч, тарни бясалгалын ид шид, био эрчим хүчний ховстолтоор хүнд үйлчлэхийг хэлдэг байна.                                                                                                                                                                                                                         Эх сурвалж: Будда.мн

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ ЛАМ Д.ЦОГТБААТАР: ЖИЛ НЬ ОРЖ БУЙ ХҮМҮҮС ОНЦГОЙЛОН ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ 

-Ямар жилтнүүд онцгойлон засал ном хийлгэх ёстой вэ?

-Энэ жил нохой жилтнүүдийн хувьд жил орсны засал хийлгэх шаардлагатай. Жил орсон буюу 13,25,37,49,61,73,85 настай хүмүүс гүмэг буюу гай барцад арилгах засал хийлгэх хэрэгтэй. Хэрэв нохой жилтэй эмэгтэй хүмүүс усан суудалд суусан байвал мөн дээрх заслыг хийлгэнэ. Жил нь орсон хүмүүс тухайн жилдээ сүлд хийморь тааруу байдаг тул сүлдээ дуудуулах зайлгүй шаардлагатай. Шороон нохой жилд луу, үхэр, хонь гэсэн жилтнүүдийн харш жил гарч байна. Тийм учраас их харш жилийн дүнсэр, бага харш жилийн шишид гэсэн засал хийлгэнэ. 12 жилийг дотор нь эр эм, жил гэж ангилдаг. Энэ жилийн тухайд эм жилтнүүд суудлын өнцгийн заслыг хийлгэнэ. Суудлын засал гэдэг нь аливаа гай барцад, өвчин зовлонгоос холуур байна гэж зурхайн ухаанд бичсэн байдаг.

-Ямар жилтнүүдэд сайн жил тохиох вэ?

Нохой жилтэй ивээл жилтнүүд буюу бар, морь жилтний хувьд энэ жил сайн жил тохиож байна. Эдгээр жилтнүүдийн аливаа санасан хэрэг саадгүй бүтэх төлөвтэй. Харин энэ жилд хийморь лундаа доройтох хэд хэдэн жил бий. Үүнд хулгана, луу, бич, бар, морь нохой жилтнүүд багтсан. Монголчууд бид чинь буян хишгийн талдаа их анхаардаг. Тэгвэл энэ жил төрсөн оны сүүлчийн тоо 2,3-аар төгссөн онд төрсөн хүмүүст их зарлага ихтэй жил тохиох байх. Эдгээр онд төрсөн хүмүүс томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхдээ сайн судалгаа хийх хэрэгтэй. Харин төрсөн оны сүүлчийн тоо нь зургаа 6,7,8,9 –өөр төгссөн бол  олз омогтой сайн жил байх болох байх. 

ИРГЭН Д.ОЮУНГЭРЭЛ: ТОГТСОН ҮНЭ ТАРИФЫН ДАГУУ Л МӨНГӨӨ ТӨЛДӨГ

 - Үр хүүхэд, хань ижил, нийт ард түмнийхээ төлөө хэд, хэдэн ном хуруулахаар бичүүллээ. Номууд тогтсон үнэ тарифтай байдаг. Түүнийг нь төлөөд л уншуулдаг. Унших үед нь ирж даган баясдаг. Өнгөрсөн жил хувь ламаар номоо уншуулж заслаа хийлгэсэн. Сүсгээрээ л мөнгө өгсөн. Харин энэ удаа Төв гандандаа заслаа хийлгэх гэж байна. Ачаалал ихтэйг эс тооцвол сайхан л байна. Аль болох 15-ны өдөртөө багтаан заслаа хийлгэхийг хичээдэг шүү. 

Д.Сугар: Шүүхийн шийдвэрт миний нэр байвал би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзана

"ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭХЭД МИНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ БАЙХГҮЙ"

Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 51 сая доллар зээл авснаас үүдэж, уг маргаан Арбитрын шүүх дээр  дээр хэлэлцэгдэн, манай улсын тал ялагдал хүлээгээд буй. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна хүүгийн алданги бусад төлбөртэйгээ нийлэн нийт 102 сая ам.долларыг төлөхөөр байгаа юм.

2013 онд Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан зээл авсан талаар мэдээлэл гарсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзориг нар "Эрдэнэт" үйлдвэрийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьсан, гарын үсэг хуурамч гэсэн янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гардаг. Тухайн мэдээлэл гарч эхэлсэн даруйд УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Эцэс сүүлдээ Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтныг хорьж байсан. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Жаст” групп гадаадын банкнаас зээл авахдаа ТӨХ, “УБТЗ” компанийн дарга нарын өмнөөс хуурамч баталгаа гаргасан. Төрийн өмчит компаниудын өмнөөс хуурамч бичиг, баримт бүрдүүлж, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээсэн хэргээ ганцаараа үүрч хоригдож байсан.

Харин Стандарт банкнаас 140 сая ам.доллар зээл авахдаа бүрдүүлсэн материал ямар нэгэн хураамч гарын үсэг болон, бусдын гарын үсгийг дууриалгаж зурсан зүйл алга. Монголын засгийн газар нэр бүхий албан тушаалтануудад зээл авахад баталгаа гаргаж өгсөн нь нотлогдож байна гэсэн дүгнэлт гаргаж, Стандарт банкны талд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Харин дээрх эрхэмүүд өнөөдрийг хүртэл гарын үсэг зурж баталгаа гаргаж өгөөгүй хэмээн хэлдэг. Стандарт банкнаас зээл авахад  баталгаа гаргасан гэх хэрэгт нэр холбогдоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар тус зээлийн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа  “Арбитрын шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр олон сая долларын төлбөр төлөх болсонд харамсч, санаа зовж байна. Ийм байдалд хүргэхэд миний буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр байвал би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” хэмээн хэлсэн байна.

Д.Батбилэг: Тавантолгойн цахилгаан станцыг бариад МCS компанид шилжүүлнэ

Тавантолгойг түшиглэн 450 мваттын хүчин чадалтай цахилгаан станц барина гэж буй. ТЭЗҮ болон бусад судалгааг хийсэн бөгөөд гагцхүү хөрөнгө санхүүгийн ажил л хүлээгдээд байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус станцыг барихад шаардлагатай хөрөнгийн баталгааг Оюутолгой компани хийх шаардлагатай байгаа аж. Оюутолгой компанийн зүгээс батлан даалт хийхээс татгалзаагүй гэнэ. Хэрвээ уг цахилгаан станцийг барихгүй бол Оюутолгой Хятадаас жилийн 160 сая доллараар эрчим хүч худалдан авсаар байх юм. Энэ талаар Тавантолгой төслийн нэгжийн захирал Д.Батбилэгээс тодрууллаа.

- Тавантолгойд цахилгаан станц барих ажил ямар шатандаа явж байна вэ?

- 2013 онд Тавантолгой төслийн баг байгуулагдсан. Энэ хугацаанд ТЭЗҮ болон санхүүжилтийн бүх судалгааг хийсэн. Хөрөнгө оруулагч Оюутолгой компаниас батлан даалт өгвөл 2018 оны долдугаар сард төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бүрэн боломжтой.  Тавантолгойг түшиглэн 450 мваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барих ёстой.Одоо барьж эхэлбэл 2022 онд дуусна.  Тэрбум долларын өртөгтэй. Хөрөнгийн баталгааг гол худалдан авагч Рио Тинто компани гаргах ёстой. Энэ талаар манай хамтарсан консорциум Рио Тинто компанитай гэрээ хэлцлүүд хийгээд явж байна. 30 жилийн хугацаанд нэг тэрбум долларын батлан даалт гаргана гэсэн боловч хугацаа багасаад 15 жил болгох шаардлагыг санхүүгийн байгууллагуудаас тавьж байгаа. 15 жил боломжтой хугацаа гэж үзэж байна. Энэ цахилгаан станц баригдсанаар “Оюу толгой” компани Өвөрмонголоос эрчим хүч авч буй үнээс харьцангуй хямдаар авах боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн ордын нүүрсийг ашиглаад, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр манай улсад ашигтай. Олон ажлын байр бий болох, төлөх татвар гээд үр ашиг ихтэй.30, 40 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой. Ганц Оюутолгой компанийг төдийгүй Цагаан суваргын уурхай, өмнийн бүсэд хийгдэх бүтээн байгуулалтыг эрчим хүчээр найдвартай, хэвийн хангах боломж бүрдэнэ. Цаашлаад төвийн бүсэд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх боломжтой том цахилгаан станц.

- Рио Тинто баталгаа гаргахгүй гэвэл ажил зогсох уу?

- Ажил амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Яриа хэлцлүүд хийгдээд явж байна.Манай хөрөнгө оруулагчид станц барихад шаардлагатай мөнгийг олон улсын байгууллагуудаас авахад бэлэн байгаа. Гадна банк, санхүүгийн байгууллагаад зээл өгөхөд нээлттэй байна. Ганцхан хөрөнгийн баталгаа л шаардаж байгаа юм. “Рио Тинто” компани одоогийн байдлаар манай төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй. Хамтраад ажиллаж байна. Тийм болохоор Оюутолгой ХХК өөрийн ашиглалтаа талбайдаа цахилгаан станц барина, манай төслийг дэмжинэ аль нэгийг нь шууд хэлэх боломж алга. Ямар ч байсан цахилгааны үнийн болон батлан даалт гаргах хэлэлцээрийг нягт хийж байгаа гэдгийг хэлж чадах байна. Өмнө нь ч уулзсан. Дараагийн уулзалтын товыг тогтоосон. Тийм болохоор Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

- “Оюутолгой” ХХК-тай хийж байгаа хэлэлцээр хэр нааштай явна вэ. Хэрвээ тус компани өөрийн талбайд, өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барина гэвэл энэ төсөл хэрэгжих боломжгүй болох юм биш үү?

- Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан гурван хувилбараас сонгох эрх нь Оюутолгой компанид байгаа. Өөрийнхөө талбайд  станц барина гэвэл болно. Аль нь ч байсан Монгол Улсад л хэрэгтэй. Гагцхүү хугацаа давчуу байна. Засгийн газрын тогтоол гараад, мэдэгдэл хүргүүлснээс хойш дөрвөн жилийн хугацаа яваад эхэллээ. Тэд энэ хугацаанд өөрийн талбайдаа цахилгаан станцаа бариад, эрчим хүчээ хангана гэдэг хэцүү шүү дээ. Тэднийх ТЭЗҮ-ээ ч хийгээгүй байгаа. Хэлэлцээр одоогоор хийж байна. Тийм үр дүнтэй гэж хэлэхэд эрт байгаа.

- Оюутолгой компанийн зүгээс Монголын тал Тавантолгойн цахилгаан станцын төслөө явуулсан бол бид эрчим хүчээ авах боломжтой байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Өнгөрсөн хугацаанд төслийг урагшлуулах боломж байсан уу?

-Би 2016 онд төслийн нэгжийн захирлаар томилогдсон. Ажил авсны дараа 2016 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулагч болох  “Марубени”, “MCS” компанийн  төлөөллийн хамтаар “Рио Тинто”-гийнхонтой Сингапурт уулзаж, цахилгааны нэг кВт-ын үнээ хэдэн төгрөг байхыг ярилцсан. Тэр уулзалтын үеэр гол гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж, тэнд танилцуулсан юм. Станцыг Солонгосын “Doosan” компани барина. Олон улсад цөөнгүй станц барьсан туршлагатай компани. Станцад ашиглах гол тоноглол болох гурван зуух “Doosan”-ы буюу Солонгост үйлдвэрлэсэн зуух байна. Харин дөрвөн турбин генератор нь Чех улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж байна. Өнөөдөр бид эрчим хүч нийлүүлэх үнээ тохиролцчихсон гэж ойлгож байгаа.  Тийм мэдээлэл байнга ирж байна, надад. Гагцхүү батлан даалтын асуудлаа л шийдчихвэл болно. Бид 15 жилийн хугацаанд гадны банкнаас зээл авна. Энэ хугацаанд “Рио Тинто” манай Тавантолгойн цахилгаан станцид эрчим хүчний төлбөрөө саадгүй төлнө гэсэн баталгаа гаргаж өгөх юм. Ийм баталгаа л байхад бүх асуудал шийдэгдэнэ.

- Өмнө нь баталгаа гаргаад өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан санагдах юм. Тэр бичиг нь хүчингүй болчихсон юм уу?

- Намайг ажил авснаас хойш тийм бичиг ирээгүй. Намайг ажил авахад, 2016 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байсан. Тэгээд сонгууль болсон. Сонгууль болсон учраас бүх зүйл хүлээлтийн байдалтай байлаа. Харин Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, тодорхой хэмжээнд урагшилж байна.

- Станц барихад шаардлагатай тэрбум ам.долларын хэдэн хувийг “MCS” компани гаргах ёстой юм бэ?

- 30 болон 70 хувиар нь хувааж гаргана. 70 хувийг нь “Марубени”, 30 хувийг нь “MCS” компани гаргана. Харин Тавантолгойн цахилгаан станц төслийн компанийн 34 хувийг  “MCS”,  66 хувийг нь  “Марубени” эзэмшиж байгаа.

- Тавантолгойн цахилгаан станцыг барьсаны дараа хувийн хэвшилд шилжүүлэх юм байна гэж ойлголоо. Тэгэхээр MCS компанийн мэдэлд шилжих юм уу? 

- Энэ цахилгаан станц нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл. Монголд байхгүй шинэ хувилбар буюу буцааж төлөх ёстой төсөл юм. Төр зөвхөн татвараа авна. 

- Монголын анхны хувийн цахилгаан станц болох юм уу? 

- Тийм. 

Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна

ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД 10 НАСТАЙ ХҮҮ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН БАЙНА.

Тодруулбал, тус сумын Цогтсүмбэр багт иргэн М /10 настай, эрэгтэй/ хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, 6 автомашинтай оройны 19:00 цагаас сумын төвд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олоогүй тул хоёрдугаар сарын 21-ний өдрийн 02:55 цагт эрэн хайх, ажиллагааг түр зогсоож, өглөө 07:00 цагт дахин үргэлжлүүлэн хайж эхэлжээ.

Мөн өчигдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн харъяат иргэн Ө /39 настай, эрэгтэй/ 02.17-ны өдрийн 02:00 цагт Баян-Уул сумаас Цагаан-Овоо сум руу “Верна” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 14:00 цагт хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автошашинтай 1:35 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:35 цагт Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ автомашинтайгаа шатаж нас барсан байсныг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ

Улиран одож буй гал тахиа жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг тодорхойлсон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон идэвх зүтгэл, гар сэтгэл нийлсэн нөр хөдөлмөрийн үр дүнд амжилт арвинтай ажилласныг компанийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар яриандаа  онцоллоо.

-Хуучин оны ажлаа дүгнэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн он үйлдвэрлэл, эдийн засгийн ямар үр дүнг авчирсан бэ?

-Өнгөрсөн 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олны хувьд  өндөр бүтээмжийн жил байлаа. Бизнесийн байгууллагын хувьд гурван том зорилт  дэвшүүлсэн. Энд техник технологийн өндөр үзүүлэлттэй байх, ашигтай ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Бид энэхүү зорилтоо өндөр үзүүлэлттэйгээр давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн онд хүдэр дэх зэсийн агуулга урьд өмнө байгаагүй доод хэмжээ буюу 0,495 хувьтай байсан ч манай уурхайчид металл авалтыг хамгийн өндөр түвшинд хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, зэсийн металл авалтыг 89,3 хувьд хүргэсэн нь үйлдвэрийн түүхэнд байгаагүй өндөр амжилт юм. Ингэснээр бид 6000  гаруй тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмалыг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүх төрөл дээр 100-аас дээш хувиар давууллаа. Үүнд,  хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,9 хувиар, хүдэр боловсруулах төлөвлөгөөг 101,7 хувиар, металл авалтын төлөвлөгөөг зэсээр 103 хувиар, молибденоор 129,1 хувиар тус тус давуулан биелүүллээ.  Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд тогтвортой байхад эдийн засгийн үзүүлэлт дагаад сайн биелдэг. Эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд гадаад зах зээл дээрх зэсийн үнэ ханшаас ихээхэн хамаардаг  хэдий ч нөгөө талаар үйлдвэрлэлийн хүчин чадал гол нөлөөтэй. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш 2017 онд төлөвлөснөөс өндөр байв. Бид ойролцоогоор нэг тонн зэс 5480 ам.доллар гэж төсөөлж байсан ч оны сүүлийн улиралд нэлээд өссөн. Жилийн дунджаар авч үзвэл, нэг тонн зэс 6162 ам.доллартай тэнцэж байлаа. Энэ нь бидний төлөвлөснөөс 682,7 ам.доллараар өндөр гэсэн үг. Үүнээс шалтгаалаад манай борлуулалтын орлого 131 хувиар давж биеллээ. Зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш байвал Ашигт малтмал ашигласны төлбөр 11 хувиар, 6000 ам.доллараас дээш гарвал 12 хувиар тус тус нэмэгддэг. Энэ үзүүлэлт төлөвлөж байснаас 68,7 тэрбум төгрөгөөр буюу 124,2 хувиар давж биеллээ. Мөн татварын өмнөх ашиг төлөвлөж байснаас зургаа дахин буюу 403,1 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэн.  Өнгөрсөн онд борлуулалтын орлого,  бүтээгдэхүүний биет хэмжээ өссөнөөс 69,2 тэрбум төгрөгөөр,  борлуулсан бүтээгдэхүүний зардал буурснаас ашиг  51,7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн бид ерөнхий болон удирдлагын зардлыг 8,4 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа.  Борлуулалтын орлого, ашиг нэмэгдэхэд  хамгийн эерэг нөлөөлөл нь баяжмалын үнийн өсөлт байв. Ингэснээр бид цэвэр ашгийн төлөвлөгөөг 283,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, нийт цэвэр ашгийг 320,9 тэрбум төгрөгт хүргэж чадлаа. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэж дүгнэвэл, үйлдвэр өөрийн  техник технологийн боломжийг өндөр түвшинд сайн ажиллууллаа. 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь  Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой    жил боллоо.

Эрдэнэт үйлдвэр улс болоод орон нутгийн өмнө нийгмийн өндөр үүрэг хүлээдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд тус үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийт 580 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг мөн үйлдвэрийн түүхэнд байгаагүй түүхэн өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр манай үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд  металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг олон түүхэн амжилтыг 2017 онд гаргалаа.

-Эдгээр түүхэн амжилтанд гол нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

-Хамгийн гол нь бид өнгөрсөн онд хэмнэлтийн горимыг  үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 4500-5000 ам.доллар байх үеийн хэмнэлтийн  горимыг мөрдөж ажилласан. Зэсийн өөрийн өртөгийг  4782 ам.доллар гэж төлөвлөж байсан бол 4460 ам.доллар буюу нэг тонн цэвэр зэсийн тооцоот өртөгийг 322 ам.доллараар бууруулж чадлаа. Ингэснээр  хэмнэлтийн бодлого үр дүнтэй хэрэгжсэн. Нөгөө талаар, үндэсний үйлдвэр болсон тул хамтарсан үйлдвэр байснаас илүү  хамтын ажиллагаагаа нягтруулж, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулсан гэж хэлж болно. Энэ хүрээнд олон арван журам, заавар аргачлал шинэчилсэн болон шинээр боловсруулан мөрдлөг болгон ажиллаж байна.

-Шинэ онд санхүү, эдийн засгийн чиглэлээр ямар зорилт хэрэгжүүлэх вэ?

-Бид  2018 онд үйлдвэрлэлийнхээ өнөөдрийн хүрсэн хүчин чадлыг буулгахгүй байхыг зорьж байна. Зэсийн хүдэр дэх агуулга багасаж байгаа тул 0,480 хувьтай байхаар бид төлөвлөсөн. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа цэвэр зэсийн хэмжээг буулгахгүй байлгах зорилттой ажиллана. Энэ нь 131390 тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилд манай үйлдвэр  зэсийн баяжмалын чанарыг буулгахгүй байх зорилттой ажиллаж байна. Металл авалтыг нэмэгдүүлэх, чанарыг бууруулахгүй байх бодлого барьж ажилласнаар зэсийн баяжмалын чанарыг 23 хувиас буулгаагүй. Энэ зорилт мөн үргэлжилнэ. Түүнчлэн ТУЗ-өөр дэмжүүлсэн    2017-2031 онд компаниа хөгжүүлэх үндсэн чиглэлээ, түүнд тусгагдсан  зорилт, өмнөх онд олсон ашиг орлогоо шинэ онд хадгалан үлдээх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Ц.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэв үү

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл чих дэлсэж эхлэв. Тодруулбал, ТЕГ, УЕПГ-аас улсын нууц задруулсан хэргээр түүнд ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Одоогоор ямар асуудлаар эрүү үүсгэсэн нь тодорхоогүй байгаа юм байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх 2 байгууллагаас энэ талаар мэдээлэл өгөхгүй, гаргахгүй байгаа гэдгийг онцолжээ

Б.Бат-Эрдэнэ: Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан

Өвлийн “Пёнчан-2018”  олимпд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдыг зогсож буй зураг цахим орчинд тархаж олон нийтийн шүүмжлэл өртөөд байгаа билээ.

Тодруулбал, тамирчдын зогсоож өөрсдөө сууж хүндэтгэл үзүүлдэг, ямар учиртай ингэж зогсоож байгаа юм бол, уралдааны дараа ингэж зогсоож байна гэх мэтийн мэдээлэл гарч байсан. 

Тэгвэл энэ зургийн талаар  Монголын баг тамирчдыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлбар хийсэн байна. Тайлбараа өөрийн твиттер хуудаснаа оруулж ийнхүү жиргэсэн байна. 

Монголын баг тамирчдыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тэрээр “Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв. Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм амралтын нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” гэжээ.  

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрөгч хоногт үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших худалдааны төвийн хажуу талаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ш-ийн савхин цүнхтэй эд зүйлийг Төв аймгийн харьяат 18 настай, эрэгтэй Э нь бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улиастайн хуучин эцэст дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийн дагуу шалгаж иргэн Г-ын “IPhone-5” гар утсыг Төв аймагт оршин суух хаягтай 18 настай, эрэгтэй М нь дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Казах хэлний цагаан толгойг латин үсэгт шилжүүлнэ

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казах хэлний цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх шинэ зарлигт гарын үсэг зурсан байна. Казахстаны төрийн тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард цагаан толгойг 2025 он хүртэл латин үсэгт шилжүүлэх зарлигт гаргасан билээ. Энэ нь орос хэлтнүүд, орос хэл болон бусад хэлний эрхийг огт хөндөөгүй хэмээн тэрбээр тодотгож байлаа.

Казах хэл 1920-иод оныг хүртэл араб бичиг үсэг ашиглаж байсан ч цагаан толгойгоо латин үсэг рүү шилжүүлжээ. Ингээд  1940 оныг хүртэл латин үсэг ашиглаж байснаа 42 үсэгтэй кирилл үсэг рүү шилжүүлсэн байна.   

Увс аймагт 4.12 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Цагаан түнгэ” гэдэг газар өчигдөр үүрээр 04:02 цагт газар хөдөлжээ.Сумын төвөөс хойд зүгт 24 км-т 4.12 магнитудын чичирхийлэл болсон ч иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж тус сумын ЗДТГ-ын дарга мэдээлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment