8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Түмэнцогт: Авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэх нь “Эрдэнэс Монгол” ХХК-д олон ач холбогдолтой

2018-02-22 16:01:00

“Эрдэнэс Монгол” ХХК нь Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт “ISO Mongolia” компанитай өнөөдөр гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” компани нь MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авлигад өртөх эрсдлийг бууруулах, олон улсад IPO гаргах болон олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу ач холбогдолтой болох юм.

Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК нь компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр олон ажил хийж байгаа гэсэн. Уг ажлын хүрээнд тус шинэ стандартыг нэвтрүүлж буй нь ямар ач холбогдолтой вэ?

-Өнөөдөр авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 гэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг “Эрдэнэс Монгол” компани болон охин компаниуддаа хэрэгжүүлэхээр “ISO Mongolia” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь УИХ-аас баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Бид “Эрдэнэс Монгол” компани болон охин компаниудынхаа засаглалд анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд санхүүгийн удирдлага, худалдан авалт, авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байна. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын, хөдөлмөрийн аюулгүй байдлын, авлигатай тэмцэх менежментийн тогтолцооны гэх мэт ISO стандарт, дүрэм журмуудыг компанидаа шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байна. MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлснээр санхүүгийн менежмент сайжрахаас гадна худалдан авалтын үйл ажиллагаа ил тод болох ач холбогдолтой. Ингэснээр компанийн орлого ашиг, нэмэгдэх, ил тод болох давуу талтай. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” компанийн хувьд мэдээллийн технологид суурилсан удирдлагын менежментийн ERP системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ системийн хүрээнд санхүүгийн менежмент, худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр мэдээллийн тогтолцоонд суурилагдсан ажлууд хийгдэнэ. Манай компанид хийгдэх ажилтай авлигатай тэмцэх менежментийн тогтолцооны стандарт нь уялдаж өгч байгаа юм.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг Монгол улсын иргэн бүр эзэмшдэг. Энэ хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалахад энэ стандарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хувьцааг хөрөнгийн хоёрдагч зах зээлд арилжаалж эхлэх, зарласан хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх ажлууд хийгдэж байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийхэд ISO стандартыг нэвтрүүлэх ёстой гэх шаардлага байдаг. Тэгэхээр энэ бүхэнд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

-Олон улсад компанийн үнэлгээг сайжруулахад мөн нөлөө үзүүлэх байх. Тийм үү?

-MNS/ISO 37001:2017стандарт нь Стандарт хэмжил зүйн үндэсний төвд 2017 онд бүртгэгдсэн Монгол улсад нутагшчихсан стандарт. Энэ стандартыг нэвтрүүлж байна гэдэг нь гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх, зах зээлийн үнэлгээ нь томрох, хувьцааны үнэ ханш нь  нэмэгдэх ач холбогдолтой.

-Охин компаниуддаа уг стандартыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ?

-Уг стандартыг нэвтрүүлэхэд “ISO Mongolia” компанитай хамтран ажиллана. Ингэхдээ бэлтгэл ажлуудыг тэр дундаа судалгааг маш сайн хийнэ. Мөн санхүүгийн менежмент, хүний нөөцийн менежмент, удирдлагын үйл ажиллагаа, худалдан авалт гэх мэт одоогийн тогтолцоо болон бүтэцдээ үнэлэлт, дүгнэлт өгөөд яг хаана нь авлигын болон санхүүгийн менежментийн эрсдлүүд байна гэдгийг тодорхой болгоно. Уг эрсдлүүдээ тодорхой болгосны дараа ажлаа эхэлнэ.

-“Эрдэнэс Монгол” компани 11 жилийн өмнөх энэ өдөр албан ёсоор байгуулагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд танай компани хэр үр дүнтэй ажилласан байна вэ. Цаашид бодлогын томоохон ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн үүсгэн байгуулагдсаны 11 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол улсын их хурлаас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад “Эрдэнэс Монгол” компанийг үйл ажиллагаа явуулах, менежмент хийх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулсан. Энэ хугацаанд бид амжилттай ажилласан. 2017 оны эцсээр “Эрдэнэс Монгол” группийн хэмжээнд 400 гаруй  тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Энэ нь 2016 оноос нүүрсний зах зээлийн үнэ ханш нэмэгдсэн, манай эзэмшдэг Гашуун-Сухайт авто замын тээврийн эрч нэмэгдсэнтэй холбоотой. Мөн Багануур ХХК, Шивээ-Овоо ХХК ч төсөл, төлөвлөгөөгөө биелүүлж нүүрсний олборлолт, борлуулалтаа нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай компани нь 12 охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ойрын хугацаанд дэд бүтцийн төслүүд ялангуяа уул, уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тээврийн зардлыг бууруулахад анхаарч ажиллана. Тодруулбал, автозам, төмөр зам, цахилгаан станц, нэмүү өртөг шингэсэн боловсруулах чиглэлийн төслүүдэд анхаарч ажиллана. Ойрын таван жилд хэрэгжүүлэх төслүүдийн нийт үнийн дүн зургаан их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа. Том хөрөнгө оруулалтын хэрэгцээ байна гэсэн үг. Иргэд болон аж, ахуй нэгжүүдийн эзэмшдэг хувьцааг эргэлтэд оруулна. Мөн олон улсын зах зээлд IPO гаргах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд санхүүгийн тайлан, тэнцлээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар хийлгүүлээд дөрвөн жил болж байна. Компанийн үнэлгээ, ордуудын нөөцийн үнэлгээ, бизнесийн үнэлгээний ажлуудыг хийх бэлтгэл ажлыг хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл