8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол Улс авлигын индексээр 16 байраар ухарч, Хүүхдийн мөнгө олгож эхэлсэн өдөр

2018-02-22 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Түмэнцогт: Авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэх нь “Эрдэнэс Монгол” ХХК-д олон ач холбогдолтой

“Эрдэнэс Монгол” ХХК нь Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт “ISO Mongolia” компанитай өнөөдөр гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” компани нь MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авлигад өртөх эрсдлийг бууруулах, олон улсад IPO гаргах болон олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу ач холбогдолтой болох юм.

Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК нь компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр олон ажил хийж байгаа гэсэн. Уг ажлын хүрээнд тус шинэ стандартыг нэвтрүүлж буй нь ямар ач холбогдолтой вэ?

-Өнөөдөр авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 гэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг “Эрдэнэс Монгол” компани болон охин компаниуддаа хэрэгжүүлэхээр “ISO Mongolia” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь УИХ-аас баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Бид “Эрдэнэс Монгол” компани болон охин компаниудынхаа засаглалд анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд санхүүгийн удирдлага, худалдан авалт, авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байна. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын, хөдөлмөрийн аюулгүй байдлын, авлигатай тэмцэх менежментийн тогтолцооны гэх мэт ISO стандарт, дүрэм журмуудыг компанидаа шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байна. MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлснээр санхүүгийн менежмент сайжрахаас гадна худалдан авалтын үйл ажиллагаа ил тод болох ач холбогдолтой. Ингэснээр компанийн орлого ашиг, нэмэгдэх, ил тод болох давуу талтай. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” компанийн хувьд мэдээллийн технологид суурилсан удирдлагын менежментийн ERP системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ системийн хүрээнд санхүүгийн менежмент, худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр мэдээллийн тогтолцоонд суурилагдсан ажлууд хийгдэнэ. Манай компанид хийгдэх ажилтай авлигатай тэмцэх менежментийн тогтолцооны стандарт нь уялдаж өгч байгаа юм.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг Монгол улсын иргэн бүр эзэмшдэг. Энэ хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалахад энэ стандарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хувьцааг хөрөнгийн хоёрдагч зах зээлд арилжаалж эхлэх, зарласан хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх ажлууд хийгдэж байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийхэд ISO стандартыг нэвтрүүлэх ёстой гэх шаардлага байдаг. Тэгэхээр энэ бүхэнд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

-Олон улсад компанийн үнэлгээг сайжруулахад мөн нөлөө үзүүлэх байх. Тийм үү?

-MNS/ISO 37001:2017стандарт нь Стандарт хэмжил зүйн үндэсний төвд 2017 онд бүртгэгдсэн Монгол улсад нутагшчихсан стандарт. Энэ стандартыг нэвтрүүлж байна гэдэг нь гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх, зах зээлийн үнэлгээ нь томрох, хувьцааны үнэ ханш нь  нэмэгдэх ач холбогдолтой.

-Охин компаниуддаа уг стандартыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ?

-Уг стандартыг нэвтрүүлэхэд “ISO Mongolia” компанитай хамтран ажиллана. Ингэхдээ бэлтгэл ажлуудыг тэр дундаа судалгааг маш сайн хийнэ. Мөн санхүүгийн менежмент, хүний нөөцийн менежмент, удирдлагын үйл ажиллагаа, худалдан авалт гэх мэт одоогийн тогтолцоо болон бүтэцдээ үнэлэлт, дүгнэлт өгөөд яг хаана нь авлигын болон санхүүгийн менежментийн эрсдлүүд байна гэдгийг тодорхой болгоно. Уг эрсдлүүдээ тодорхой болгосны дараа ажлаа эхэлнэ.

-“Эрдэнэс Монгол” компани 11 жилийн өмнөх энэ өдөр албан ёсоор байгуулагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд танай компани хэр үр дүнтэй ажилласан байна вэ. Цаашид бодлогын томоохон ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн үүсгэн байгуулагдсаны 11 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол улсын их хурлаас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад “Эрдэнэс Монгол” компанийг үйл ажиллагаа явуулах, менежмент хийх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулсан. Энэ хугацаанд бид амжилттай ажилласан. 2017 оны эцсээр “Эрдэнэс Монгол” группийн хэмжээнд 400 гаруй  тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Энэ нь 2016 оноос нүүрсний зах зээлийн үнэ ханш нэмэгдсэн, манай эзэмшдэг Гашуун-Сухайт авто замын тээврийн эрч нэмэгдсэнтэй холбоотой. Мөн Багануур ХХК, Шивээ-Овоо ХХК ч төсөл, төлөвлөгөөгөө биелүүлж нүүрсний олборлолт, борлуулалтаа нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай компани нь 12 охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ойрын хугацаанд дэд бүтцийн төслүүд ялангуяа уул, уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тээврийн зардлыг бууруулахад анхаарч ажиллана. Тодруулбал, автозам, төмөр зам, цахилгаан станц, нэмүү өртөг шингэсэн боловсруулах чиглэлийн төслүүдэд анхаарч ажиллана. Ойрын таван жилд хэрэгжүүлэх төслүүдийн нийт үнийн дүн зургаан их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа. Том хөрөнгө оруулалтын хэрэгцээ байна гэсэн үг. Иргэд болон аж, ахуй нэгжүүдийн эзэмшдэг хувьцааг эргэлтэд оруулна. Мөн олон улсын зах зээлд IPO гаргах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд санхүүгийн тайлан, тэнцлээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар хийлгүүлээд дөрвөн жил болж байна. Компанийн үнэлгээ, ордуудын нөөцийн үнэлгээ, бизнесийн үнэлгээний ажлуудыг хийх бэлтгэл ажлыг хийж байна.

Монгол Улс авлигын индексээр 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ

2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг  Транспэрэнси Интернэшнл байгууллага зарлалаа.  Тус судалгаагаар  авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн зургаан жилд ахиц дэвшил  гараагүй  байна.Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөө бага, төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм нь  нь  сул хамгаалалттай орнуудад авлигын түвшин өндөр буюу авлигын индексийн оноо бага байна.

Авлигын төсөөллийн индекс нь тухайн орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг. Авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор  дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авилгатай орны тоонд ордог. Энэ жил авлигын төсөөллийн индексээр 50-аас доош оноо авсан улс орнуудаас гуравны хоёроос дээш оноо авсан улсуудын дундаж оноо 43 байна.

Сүүлийн 6 жилийн турш Кот Ивуар, Сенегал, Их Британи зэрэг улсуудын авлигын төсөөллийн индексийн оноо сайжирсан бол Сири, Йемен, Австрали зэрэг хэд хэдэн улсууд буурчээ.

2017 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 81 улсын оноо нь сайжирсан боловч 62 улсын оноо буурч, авлигын төсөөллийн индексийг Шинэ Зеланд, Дани Улс 89, 88 оноогоор тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали зэрэг улсууд нь хамгийн бага буюу 14, 12, 9 оноогоор сүүлийн байрт жагслаа. Хамгийн сайн гүйцэтгэлтэй бүс нутаг болсон Баруун Европын орнууд нь дунджаар 66 оноотой бол хамгийн муу үзүүлэлттэй бүс нутагт Сахараас урагш Африк (дундаж оноо 32), Зүүн Европ, Төв Азийн улсууд (дундаж оноо 34) багтжээ. Аль ч улс авлигаас бүрэн ангид байх боломжгүй ч гэлээ, оноогоороо дээгүүр жагссан улсууд нь нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний эрх, эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсууд юм. Авлигын төсөөллийн индексээрээ доогуур жагссан улс орнууд нь авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай,  сул дорой институцтай байдлаараа сул  оноо авсан байна. Харин Монгол Улсын хувьд 2017 онд 36 оноо авч 16 байраар ухарч 103 дугаар эрэмбэлэгдлээ. 

Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014  онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд,  2017 онд 36 оноотой 103 байранд орсон байна.Сүүлийн 5 жилийн үзүүлэлт зогсонги байдалд байгаа нь авлигын эсрэг  чиглэлд хууль эрх зүйн томоохон өөрчлөлт хийхгүй  байгаатай холбоотой байна.

Ч.Насанбат: Үндэсний бөхийн тамирчдад тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа

Допингийн эсрэг үндэсний төв бөхчүүдийг шинжилгээнд хамруулахад таван бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн. Энэ  талаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбатаас тодруулахад:.

"БСШУСЯ-наас бидэнд чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу бид үндэсний баяр наадмаас хойш томоохон барилдааны үеэр үндэсэндээ 35 допингийн шилжилгээний сорьж авсан. Шинжилгээг БНСУ-ын допингийн төв лабориторт  илгээдэг. Нийт  200 гаруй тамирчнаас сорьц авсан. Үндэсний бөхийн тамирчдад тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа. Энэ талаар Үндэсний бөхийн холбоо мэдээлэл хийх байх. Гэхдээ улсын баяр наадмын барилдаанаар биш шүү.  Үүнийг Үндэсний бөхийн холбоо ямар нэг мэдээлэл хийж, дүрмийн дагуу арга хэмжээ авах байх" гэлээ. 

СУДАЛГАА: Илүүдэл жин, таргалалтын асуудал ноцтой түвшинд хүрчээ

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн билээ. Өнөөдөр тус судалгааны эцсийн үндсэн үр дүн, тайлангаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ сургалтын байгууллага, хэвлэл мэдээлийн байгууллага  нийлсэн 150 гаруй төлөөлөгчдөд танилцуулсан юм. 

Судалгааны зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-аас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхийн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд МУ-ын нийгэм, эдийн засаг, хүн амын хооллолтын дадалд гарсан томоохон өөрчлөлтийг харгалзан холбогдох бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулахад оршиж байгаа юм байна. 

Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ. Ингээд тус судалгаанаас дараах онцлох ишлэлийг хүргэж байна. 

- 5 хүртэлх насны хүүхдийн 26.6 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь тус тус цус багадалттай.

-6-59 сартай хүүхдийн 27.7  хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь төмөр дуталтай. 

-Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл гэсэн судалгаа гарсан. 

-6-59 сартай хүүхдийн 61 хувь дуталтай, 28.9 хувь нь нөөц дутмаг, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь дуталтай, 20.2 хувь нь нөөц дутмаг. 

-15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц дутмаг байдалд байгааг илрүүлжээ.

- 5 хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь нь А аминдэм дуталтай, 60.1 хувь нь А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон гэсэн судалгаа гарсан байна. 

-Нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа. 

-Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.

-Илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ.

- 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй. 

- 6-11 насны хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай. 

- 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь нь тарган,  15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь нь тарган байгааг тогтоожээ. 

Монгол Улсын гадаад өр 27,4 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 27,4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өмнөх улирлаас таван хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Засгийн газрын гадаад өр 17 хувиар буюу нэг тэрбум 76 сая ам.доллараар өссөн дүнтэй гарчээ.

ЦЕГ: Чингис хааны онгоныг олсон гэдэг нь ташаа мэдээлэл

“Архелогичид Монголд Чингис хааны онгоныг оллоо” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагджээ. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулж үндэслэлгүй мэдээ болохыг олж тогтоосон байна.

Уг мэдээлэл нь 2014 оны 11 дүгээр сард Израйль улсын Тел Авив хотод төвтэй www.worldnewsdailyreport.com сайтад нийтлэгдсэнээс манай улсын нэгэн телевиз эх сурвалж авч мэдээ бэлтгэн 2015 онд үзэгчдэд хүргэж байжээ.

Тухайн телевизийн бэлтгэсэн “Чингис хааны онгоныг олжээ” мэдээг 2018 оны 02 дугаар сарын 14-нд “Цуурхал” гэх нэртэй фэйсбүүк хуудаст нийтэлсэн нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулжээ. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг шалгахдаа гадны эх сурвалжууд болон түүх, архелогийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажилласан бөгөөд энэхүү мэдээлэл худал болохыг эрдэмтэн, судлаачид ч баталсан байна.

Иймд иргэд энэ мэтчилэн баталгаагүй, албаны эх сурвалжгүй худал, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөсөн байна.

Хүүхдийн мөнгө олгож эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд сар шинийн өмнө ээжүүдийн мөнгийг олгож эхэлсэн. Мөн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээлснээр хоёрдугаар сарын “хүүхдийн мөнгө” өчигдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн гэв. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ноос хойш олгодог бөгөөд нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 13 тэрбум төгрөг олгож байгаа аж. 

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын өрөө барагдуулжээ

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35.5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35.3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, үлдэх 20.3 тэрбум төгрөгийг Тавантолгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүргийг манай компанид өгсөн.

Шүүхийн шийдвэр болоод Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд нь бүрэн биелүүллээ гэж тус компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Компани дампуурлын ирмэгт тулсан хүнд хэцүү үед хувийн хэвшлээ дэмжих шийдвэр гаргасан Засгийн газартаа талархаж байна. Бид 400 гаруй ажилчдаа цалин, орлоготой нь авч үлдэж чадлаа гэлээ.

Татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжийн нэг “Саусгоби сэндс” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадвартай болж, хүнд үеэ давж гараад улсын төсөв болон орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хариуцлагатай компани хэвээр үлдсэнд талархаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэн хэлж байлаа.

Тус компани 2018 онд 5.5 сая тн нүүрс экспортод гаргах, 800 мянган тн-ыг нь баяжуулж гаргахаар төлөвлөжээ.

Оюутны сургалтын тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэргээр орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм байна. 

Мөсний шинэ гүнж Алина Загитова гэж хэн бэ

"Пёнчан 2018" олимпын наадмын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд залуу од Алина Загитова 82.92 оноо авч дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Алина Загитова 82.92 оноогоор Е.Медведевагийн шинэчилсэн дээд амжилтыг ахиулж байгаа юм. Богино үзүүлбэрийг Алина Загитова 82.92 оноогоор тэргүүлж эхэлсэн бол Евгений Медведева 81.61, Канадын Кэйтлин Осмонд 78.87 оноогоор хоёр, гуравдугаар байрт бичигдлээ. Оросын хоёр тамирчны хэн түрүүлэхийг маргааш болох чөлөөт үзүүлбэрийн тэмцээн шийднэ.

ЗАЛУУ ОД АЛИНА ЗАГИТОВА ГЭЖ ХЭН БЭ

  • 2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотод төрсөн. 
  • Өдгөө 15 настай Алина Загитова өсвөрийн дэлхийн аваргын хошой алтан медальтай.
  • Өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн.
  • Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ сүүлийн хоёр жилийн турш ялагдаагүй байсан Евгения Медведеваг илүүрхэн, шуугиулсан.
  • Олимпын наадамд анх удаа оролцож байгаа.
  • Мөсөн 'тайзан' дээр таван настайдаа гарсан түүнийг Пёнчаны олимпийн шинэ од хэмээн нэрийдэж байна.
  • Гол өрсөлдөгч Евгения Медведеватай дотно найзууд. Тэд нэг дасгалжуулагчийн шавь нар

60 тэрбумын хэргийг олонд дэлгэсэн Г.Доржзодов гэртээ очжээ

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Г.Доржзодов гэх залуу МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа нууц бичлэгийг олон нийтэд цацаж шуугиан тарьсан билээ.

Тус бичлэг цацагдсанаас хойш МАН-ын гишүүд түүнийг дарамтлан, их хэмжээний мөнгө амалж, хаана дуудаж хэрхэн уулзсан талаар баримттай мэдээллийг ч олон нийтэд хүргэсэн юм.

Иргэн Г.Доржзодов хуулийнхны баривчилгаанаас зугтаж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 1 хүртэл дөрвөн сарын турш амьдарчээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн мэдээлснээр, тэрбээр эдүгээ гэртээ амьдарч буй юм байна.

ОНЦЛОХ ИШЛЭЛ: Архичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болдог

Архи таны бие эрхтэнд хэрхэн хэрхэн нөлөөлдөг вэ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаар суалгаа хийсэн байна. Тус судалгаанаас бид ОНЦЛОХ ИШЛЭЛ-ийг бэлтгэн хүргэж байна. 

СУДЛААЧИД АРХИ ХҮНИЙ УДМЫН САНД ДӨРВӨН ТӨРЛӨӨР НӨЛӨӨЛДГИЙГ БАТАЛЖЭЭ

  1. Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Хүүхдүүдийн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна.
  2. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг аж
  3. Үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагдсан зүйл
  4. Хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлнө. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж.
  5. Архичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг бөгөөд жирэмсэн эх согтууруулах ундаа уух бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.
  6. Тухайн хүний архи ууснаас хойших 2 минутын дараа архи нь ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг биемахбодын бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог болно.
  7. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна.
  8. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05 хувь болбол их тархины гадар ажиллагаанд өөрчлөлт орох бөгөөд 0.01 хувь болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүний хэсгийн үйл ажиллагаа хямарна.
  9. 0.02 хувь болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03 хувь болох үед хүн орчин тойрноо мэдрэхээ болино. Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ.
  10. 0.04 хувьд хүрвэл хүн ухаан алдана. 0.06 хувьд хүрвэл хүн үхдэг байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment