Г. Номуундарь охины хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясмангаас ийнхүү ярьжээ.
Тэрбээр "Дээрх 19 хүүхдийн 5 хүүхдээс нь гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан "..манай үеэл охин Н, болон найз А нар нь бас хүчиндүүлсэн..” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн. Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон байгаа. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна. Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа" гэжээ.