8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Батбаяр: АТГ-ыг татан буулгах бус үйл ажиллагааг нь илүү бэхжүүлэх ёстой юм

Сэтгүүлч Т.Хулан
2018-02-23 10:41:00

2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг Транспэрэнси Интернэшнл байгууллага зарлалаа. Монгол Улсын хувьд 2017 онд 100 оноо авахаас 36 оноо авч 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдэв. Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014  онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд,  2017 онд 36 оноотой 103 байранд орж байна.  Жилээс жилд ухарсаар буй уг үзүүлэлтийг хэрхэн урагшлуулах асуудлаар Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн О.Батбаяртай ярилцлаа. 

Манай улсын өрсөлдөх чадвар буурсан байна 

-Монгол улсын авлигын индекс 16 байраар ухарлаа. Сүүлийн хоёр жил эрчимтэй ухарч байна.  Ингэж байр ухрахад ямар хүчин зүйл нөлөөлөв?

-Өнөөдөр /2018.2.23/ дэлхий даяар авлигын индексийг зарлалаа.Авлигын индекс муутай орнуудыг ажиглахад хэвлэлийн болон иргэний эрх чөлөө муу байгаа нийтлэг төрх ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр авлигын индексээ сайжруулъя гэвэл хэвлэлийн эрх чөлөөг хумихгүй байх, иргэний нийгмийг бэхжүүлэх ёстой. Авлигын индексээр хэдэд жагссанд л хүмүүс анхаарал хандуулаад байна. Гэтэл уг дүнг гаргахад тухайн улс орны маш олон хүчин зүйлийг нь харсан байдаг.

Тухайлбал, Авлигын индекс нь доорх бүгдийг хэмждэг юм. 

  Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
-   ЗГ авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэвшүүлж байгаа
-   Зориудаар хүнд сурталыг бий болгож, авлигыг дэмжиж байгаа эсэх
-   Төрийн албанд томилгоо хийхдээ  ур чадварыг үнэлдэг , эсвэл танил талын томилгоо хийж байгаа эсэх
-   Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
-   Хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай эрхзүйн орчин байгаа эсэx
-   Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрхзүйн орчин байгаа эсэх
-   Төрийн үйл ажиллагааны мэдээлэл иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх
-   Бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол зэргийг хэмждэг. Маш энгийнээр хэлбэл, УИХ, Засгийн газар, Шүүх гэх гурвын засаглалын авлигын эрсдлийг 0-100 оноогоор үнэлчихэж байгаа юм. 100 оноо руу дөхөх тусам сайн. 

- Зарим хүмүүс авлигын индексийн үнэлгээг төдийлөн ойшоодоггүй. Ямар учиртай үнэлгээ гэдгийг нь ч мэддэггүй. Тэгэхээр энэ үнэлгээг ямар эх сурвалжаас гаргадаг юм бэ? 

-  Есөн эх сурвалжийн гаргасан үнэлгээнд үндэслэн авлигын индексийг гаргадаг. Нэгдүгээрт нь дэлхийн банкнаас улс орнуудын бодлогыг үнэлдэг. Тодруулбал, төрийн салбарын ил тод байдал, хариуцлага гэдгийг нь хардаг байх нь. Төрийн салбарын ил тод байдал гэдэг нь мэдээллээ иргэдэд ойлгомжтой хэлбэрээр өгч чаддаг эсэхийг нь хэлж байна. Хариуцлага гэдэг нь хариуцлагатай шийдвэрүүдийг гаргаж чаддаг эсэхийг хэлж байгаа юм. Мөн төрийн байгууллагуудын авлигыг мөн хянаж байгаа юм. Цаашлаад төрийн албан хаагч нь гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээдэг эсэх, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавиад мэдээллээ авч чаддаг уу гэдгийг нь харж байж уг үнэлгээг гаргаж байгаа юм. Гэтэл үүн дээр 4 оноо алдаж байна. Энэ бол гүйцэтгэх засаглалыг үнэлсэн үнэлгээ. Хамгийн энгийнээр хэлэхэд төрийн мөнгийг үр ашигтай зарцуулж чадаж байна уу гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Монгол улсад бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гадны иргэд, аж ахуй нэгжүүдээс судалгаа авдаг. Тэднээс судалгаа авч манайд бизнесийн үйл ажиллагаа явуулахад бизнесийн орчин хэр юм гэдгийг тодорхой болгож  байна гэсэн үг.Учир нь манайд ажилладаг гадныхан өдөр бүр төрийн үйл ажиллагаатай нүүр тулж байгаа. Үүн дээр бид 8 оноо алдсан. Энэ нь төр бизнес хийх үйл ажиллагаанд нэмэр бус нэрмээс болж байгааг харуулж  байна шүү дээ. Мөн тухайн орны эрсдлийг тал бүрээс нь гаргасан байгаа. Монгол улс эрсдэлтэй гэдэг дүн гарсан. Хэрвээ Монгол улс бизнес хийхэд эрсдэлтэй бол гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ. 

-    Манай улсын өрсөлдөх чадвар буурсан нь мөн анхаарал татаж байна? 

-    Өрсөлдөх чадвараар манай улс 2 оноо буурсан.  Уг Судалгаанд 333 шалгуурыг ашигладаг ба Өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн улсын эдийн засгийн бодлого нь бизнесийн хүрээнд компаниуд нь хэрхэн баялгийг бүтээн бий болгож улмаар тухайн улсын иргэдийн ирээдүй хэрхэн баталгаажиж байгааг хэмждэг.  Тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын бизнесменүүдээс боловсруулсан асуумжийн дагуу судалгааг явуулдаг. Өөрөөр хэлбэл манай компаниудын дэлхийд өрсөлдөх чадвар буурсан гэсэн үг. Манай компаниуд IPO гаргасан ч хувьцаа нь унаж байна. Тэгэхээр чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ёстой. Тендерийг бид чөлөөт өрсөлдөөнөөр олговол өрсөлдөөн өсч үнэ буурна. Эсрэгээрээ тендерийг улс төрчдийн хувийн компаниудад өгвөл чанаргүй зам, чанаргүй өрсөлдөөн бий болно. Түүнээс болж компаниуд шахалтад өртөнө. Сүүлийн хэдэн жил маш олон компани татан буугдлаа шүү дээ. Мөн манай шүүх засаглалд ажилладаг хүмүүс хараат бусаар шийдвэр гаргаж чаддаггүй гэдэг нь уг судалгаагаар гарсан. Бид шүүх засаглалаа хараат бусаар ажиллуулж чаддаггүй, улс төрчдийн гар хөл болгодог уу гэх үзүүлэлтээр 2 оноо алдсан

-    Улс төр нийгэм дэх авлигаар бид ямар үзүүлэлттэй гарсан бэ? 

-   Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнэсийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг. Авлигын түвшинг 0-10 оноогоор үнэлж, тухайн оронд бизнес хийж байгаа гадаад ба дотоодын бизнесменүүдээс ярилцлага хийж цуглуулдаг. Улс төрийн намуудын авлига, санхүүжилт, улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм ( crony capitalism ) тогтолцоог устгах шаардлагатайг харуулж байна. Монголд УИХ-ын гишүүд нь хувьдаа бизнестэй байгаа нь энэ төрөлд оноо буурахад нөлөөлнө. Бас нэгэн сонирхолтой мөртлөө шинэлэг үнэлгээ бий. Манай улс сонгуулийн ардчилалтай. Сонгуулиа ил тод явуулдаг. Гэтэл сонгууль дуусаад бусад элементүүдээ явуулдаггүй. Тухайлбал, зөвшилцөл, иргэдийн оролцоо, иргэдийн хяналт байхгүй. Үүн дээр бид 1 оноо дээшилсэн ч 100 онооноос 35 оноотой л байна.Энэ нь манай ардчилалыг жинхэнэ ардчилал мөн үү гэж эргэлзүүлэхээр байгаа юм. Жинхэнэ ардчилал бол зөвшилцөлтэй, тэмүүлэлтэй, либерал, оролцоотой байх ёстой. Энэ мэт олон зүйлээр үнэлдэг. 

Айлын үүдэн дэхь хоточ нохойг зодох бус асуудал айлд байгааг ойлгох хэрэгтэй

-    Манай улс жилээс жилд авлигын индексээрээ ухарч байна. Ер нь Авлигатай тэмцэх газар байх шаардлагатай юу гэдэг асуудлыг хүмүүс ярьж эхэллээ. Таны бодлоор Авлигатай тэмцэх газар байх шаардлагатай юу? 

-    Ази тивд АТГ-ыг бэхжүүлж байж амжилтад хүрдэг. Түүнийгээ бид хамгаалж, бэхжүүлэх ёстой юм. Хэрэв бид АТГ-ыг татан буулгачихвал авлигагүй болох уу гэдэг нь өөрөө асуудал юм. АТГ-ын яллаад явуулсан хэргийг прокурор, шүүх засаглал хэрэгсэхгүй болгоод байна шүү дээ.Айлын үүдэн дэхь хоточ нохойг зодох бус асуудал айлд байгааг ойлгох хэрэгтэй. АТГ-д асуудал байвал шийдээд цаашид илүү бэхжүүлэх ёстой юм. Тэгэж байж авлигатай тэмцэнэ. Хэрвээ АТГ бус шүүх, цагдаа нар авлигатай тэмцэх ажлыг хийвэл нөгөө самарна гэдэг шиг зүйл болно. Манай хуулийн байгууллагад ажилладаг хурандаа нар аюултай авлигад өртдөг гэдэг шүү дээ. 

-   Нөгөөтэйгүүр энэ тоо нь манай улсыг авлигад харьцангуй өндөр өртөж буйг илтгэж байна. Бид цаашид юу хийх ёстой юм бэ? 

Авлигын индексийг бууруулахын тулд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хуулийн таатай орчин бий болгох ёстой. Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах,  хууль тогтоох байгууллагын авлигын индексийг бууруулах ёстой.Мөн гүйцэтгэх засаглалын хувьд авлигтай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. 

-    Цаашид манай улс авлигын индексээр урагшлах хандлага байна уу? 

-    Ирэх жилээс өснө гэж бид таамаглаж байна. 2017 онд индекс бууруухад зээлжих зэрэглэлийн бууралт их нөлөөлсөн. 

-    Оффшорт хөрөнгөтэй хүмүүсийн мэдээлэл болон 60 тэрбумын шуугиан авлигын индекс буурахад нөлөөлдөг үү?

-    Нөлөөлнө. Улс төрчид болон төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчилтэй  ажиллаж буй нь нөлөөлнө. 

-  Монгол Улсад Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001:2016 стандартыг нэвтрүүлсэн. Энэ стандартыг Монголд нэвтрүүлсэнийг танай байгууллага дэмжиж байгаа юу?

-  Маш зөв. Ингэнснээр компаниуд бүгд авлигын эсрэг стандарттай болно. Уг стандартад тухайн байгууллагын ажилчид хэнээс бэлэг авч болохгүй, яаж ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.Энэ бол авлигаас сэргийлэх удирдамж юм. Рио Тинто гэх компаниуд бүгд ийм хөтөчтэй. Тийм учраас авлигалын асуудалд орооцолдоггүй. Тэр стандартыг бүх ажилчид нь дагаж мөрддөг. Энэ их чухал юм. Энэ стандарт Монгол улсад хэрэгжих ёстой. Төрийн болон төрийн бус байгууллагад ажиллагсад хоолонд орохгүй байх, бэлэг сэлт авахгүй байх гэх мэт бүх нарийн зүйлийг тус стандартаар заагаад өгчихсөн. Манай байгууллага энэ стандартыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Хэрвээ энэ стандартыг хэрэгжүүлж чадвал бүх байгууллага авлигаас урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр авлигал буурна.

-   Индекс буурч байгаа нь манай компаниуд гадны зах зээлд гаргахад ямар нөлөө үзүүлэх вэ? 

-   Дээрх үзүүлэлтүүдийг хардаг учраас нөлөөлнө шүү дээ. Мэдээж авлигын индекс буурах нь сөрөг нөлөөтэй. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
atg g tatan buulga uy ch hiideggui uymnuudad tosviin mongoor tsalin ogch yadagiin
2018/02/23 27.123.214.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment