8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Олимпийн шинэ одоор амьсгалсан өдөр

Сэтгүүлч Т.Хулан
2018-02-23 18:59:00

Баярын дараах хаврын урь орсон өдрүүд үргэлжилж байна. Ирж яваа цаг бидэнд дулаахан цаг агаар, урт өдрүүд, хүмүүсийн халуун харилцааг өгсөөр. Монголын энэ өдөр ямар үйл явдлууд болов гэдгийг Чухал.мн тоймлож байна. УИХ завсарлаж улс төрийн халуун үйл явдлууд хэсэг намжиж буй ч энэ өдөр арвин их үйл явдал, мэдээ мэдээлэлтэй өнжлөө. Ингээд өнөөдөр ямар үйл явдал улс орны хэмжээнд болов гэдэгтэй танилцана уу.

Г.НОМУУНДАРЬ ОХИН МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ

ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

Өөрийгөө хянах чадваргүй үедээ баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн хэмээн мэдэгдсэн Г.Номуундарь охины хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өглөө. Уг хэргийн талаар Г.Номуундарь өөрөө анх олон нийтэд ил болгон цахим сүлжээнд бичлэг хийн тавьсан билээ. Тэгвэл тэрбээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэв. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна. Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа гэж мөн мэдэгдсэн юм.

Ямартай ч олон нийтийн анхаарлын төвд ороод байсан уг хэрэг хохирогч гэх Г.Номуундариас шалтгаалан удааширч байгаа аж. Хэрвээ Г.Номуундарь уг хэргийг хуулийн байгууллагаар шийдэгдтэл идэвхтэй явбал хүчирхийллийн эсрэг тэмцсэн тэмцэгч охин болж олон нийтэд дурсагдахаар байв.

ЧУХАЛ.МН ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

О.БАТБАЯР: АТГ-ЫГ ТАТАН БУУЛГАХААС ИЛҮҮТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ БЭХЖҮҮЛЭХ ЁСТОЙ

ЧУХАЛ.МН мэдээллийн сайт өнөөдөр Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн О.Батбаярын ярилцлагыг онцоллоо. Өчигдөр тус байгууллагаас Монголын авлигын индексийг зарласан билээ. 2017 оны авлигын индексээр Монгол улс 16 байр ухарч 103 дугаар байранд ороод байгаа юм.

Ингэж байр ухрахад ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн цаашид юу хийх шаардлагатайг Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн О.Батбаяраас асууж тодрууллаа. Тэрбээр юу гэж ярьсаныг доорх мэдээллээс уншина уу. 

Манай улс жилээс жилд авлигын индексээрээ ухарч байна. Ер нь Авлигатай тэмцэх газар байх шаардлагатай юу гэдэг асуудлыг хүмүүс ярьж эхэллээ. Таны бодлоор Авлигатай тэмцэх газар байх шаардлагатай юу?

-    Ази тивд АТГ-ыг бэхжүүлж байж амжилтад хүрдэг. Түүнийгээ бид хамгаалж, бэхжүүлэх ёстой юм. Хэрэв бид АТГ-ыг татан буулгачихвал авлигагүй болох уу гэдэг нь өөрөө асуудал юм. АТГ-ын яллаад явуулсан хэргийг прокурор, шүүх засаглал хэрэгсэхгүй болгоод байна шүү дээ.Айлын үүдэн дэхь хоточ нохойг зодох бус асуудал айлд байгааг ойлгох хэрэгтэй. АТГ-д асуудал байвал шийдээд цаашид илүү бэхжүүлэх ёстой юм. Тэгэж байж авлигатай тэмцэнэ. Хэрвээ АТГ бус шүүх, цагдаа нар авлигатай тэмцэх ажлыг хийвэл нөгөө самарна гэдэг шиг зүйл болно. Манай хуулийн байгууллагад ажилладаг хурандаа нар аюултай авлигад өртдөг гэдэг шүү дээ.

-   Нөгөөтэйгүүр энэ тоо нь манай улсыг авлигад харьцангуй өндөр өртөж буйг илтгэж байна. Бид цаашид юу хийх ёстой юм бэ?

- Авлигын индексийг бууруулахын тулд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хуулийн таатай орчин бий болгох ёстой. Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах,  хууль тогтоох байгууллагын авлигын индексийг бууруулах ёстой.Мөн гүйцэтгэх засаглалын хувьд авлигтай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой.

- Монгол улсын авлигын индекс 16 байраар ухарлаа. Сүүлийн хоёр жил эрчимтэй ухарч байна.  Ингэж байр ухрахад ямар хүчин зүйл нөлөөлөв?

-Өнөөдөр /2018.2.23/ дэлхий даяар авлигын индексийг зарлалаа.Авлигын индекс муутай орнуудыг ажиглахад хэвлэлийн болон иргэний эрх чөлөө муу байгаа нийтлэг төрх ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр авлигын индексээ сайжруулъя гэвэл хэвлэлийн эрх чөлөөг хумихгүй байх, иргэний нийгмийг бэхжүүлэх ёстой. Авлигын индексээр хэдэд жагссанд л хүмүүс анхаарал хандуулаад байна. Гэтэл уг дүнг гаргахад тухайн улс орны маш олон хүчин зүйлийг нь харсан байдаг.

Тухайлбал, Авлигын индекс нь доорх бүгдийг хэмждэг юм.

-   Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
-   ЗГ авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэвшүүлж байгаа
-   Зориудаар хүнд сурталыг бий болгож, авлигыг дэмжиж байгаа эсэх
-   Төрийн албанд томилгоо хийхдээ  ур чадварыг үнэлдэг , эсвэл танил талын томилгоо хийж байгаа эсэх
-   Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
-   Хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай эрхзүйн орчин байгаа эсэx
-   Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрхзүйн орчин байгаа эсэх
-   Төрийн үйл ажиллагааны мэдээлэл иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх
-   Бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол зэргийг хэмждэг. Маш энгийнээр хэлбэл, УИХ, Засгийн газар, Шүүх гэх гурвын засаглалын авлигын эрсдлийг 0-100 оноогоор үнэлчихэж байгаа юм. 100 оноо руу дөхөх тусам сайн.

ТЭРБЭЭР МӨН МОНГОЛЫН АВЛИГЫН ИНДЕКС УРАГШЛАХ ТААМАГТАЙ БАЙГАА ГЭЖ МЭДЭГДСЭН ЮМ.

САЛБАРЫН САЙДЫН ОНЦЛОХ МЭДЭГДЭЛ

Д.Сумъябазар: Шатахууны үнэ дөрөвдүгээр сараас буурна

Шатахууны үнэ 100-130 төгрөгөөр өсөөд долоо хонож байна. Тэгвэл шатахууны үнээ нэмсэн компаниудад хариуцлага тооцохоо Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар " Аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал нэлээд төвөгтэй байна.Үнийн зөвлөлийг би өөрөө удирдах нь зүйтэй гэдэг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байгаа. Шатахууны үнийн асуудалд төр зохицуулалт хийх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ өнөөдөр зохицуулалт хийх барьц алга байна. Төрийн зүгээс шатахууны үнэ нэмж байгаад хариуцлага тооцно. Мөн “Роснефть” компанийнхантай үнийн асуудлаар уулзаж, ярилцана. Шатахууны импортын энэ сарын үнэ нь 43 ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр одоогийн байдлаар шатахууны үнэ буурахгүй байх магадлалтай. Харин гуравдугаар сард импортын үнэ 10-15 ам.доллар, дөрөвдүгээр сараас 40-50 доллараар буурах магадлалтай байгаа. Мөн зургаадугаар сард “Роснефть" компанитай гэрээгээ шинэчлэхдээ 20-40 ам.доллароор буулгах талаар ярилцана. Тэгэхээр цаашдаа шатахууны үнэ буурах хандлагатай байгаа" гэлээ.

1072 ХУВЬЦАА АМЬ ОРЛОО

Өнөөдөр Засгийн газар хуралдаж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ яг ямар шийдвэрт хүрсэн талаараа одоогийн байдлаар олон нийтэд мэдээлээгүй байна. Уул, уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын хэлж буйгаар 1072 ширхэг хувьцаагаа зөв бүртгэж авсаны дараагаар эргэлтэд оруулах ажлыг эхлэх аж. 

Тэрбээр "Бүртгэж авах ажлыг санхүүгийн зохицуулах хороо хийнэ. Хувьцаагаа зараад эхлэх юм бол гадна, дотны янз бүрийн хүмүүс худалдаж аваад яг ягаан тасалбар болно. Үүн дээрээ бид болгоомжтой хандах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний төлбөр тооцооны төв, Хөрөнгийн бирж гээд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гаргана. Таван толгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа. Харин 15 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшилд бий. Үүнийг бүртгэх шаардлагатай. Иргэдэд давуу эрхийн хувьцааг ямар үнэтэйгээр яаж гаргах талаар сайтар ярина" гэсэн юм.

ШИНЭ ОД

ХҮН төрөлхтөн Алина Загитова гэх шинэ одоо хүлээн авсан өдрүүд үргэлжилж байна.  БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн наадмын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын багийн тамирчин 16 хан настай Алина Загитова гэх охин алтан медаль хүртсэн нь олны анхаарлыг татаад байна.

Түүний өнөөдөр үзүүлсэн чөлөөт үзүүлбэрийг толилуулж байна.

СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛЭМ МЭДЭЭ

Энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нэгэн айлын хашаанаас нярай хүүхдийн цогцос олдсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт энэ сарын 12-ны өдөр нэгэн иргэнээс “Манай хашаанд нярай хүүхдийн цогцос байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн дарга, алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч үзлэг хийхэд 53 см өндөртэй, 3400 гр жинтэй, эмэгтэй нярай хүүхдийн цогцос олджээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас нярайн эхийг эрэн сурвалжилж эрүүгийн хуулийн 10.4 “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөн нярайн эхийн талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг таван сая хүртэлх мөнгөн дүнгээр урамшуулж, өндөр нууцлалын дор мэдээллийг худалдан авах юм байна. Жич 99230163, 88029904 дугаарын утсаар мэдээлэл өгч болно. 

Ийнхүү өнөөдрийн онцлох мэдээллийг хүргэлээ. Уншигчид та бүхэн сайхан амраарай.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл