Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд баруун аймгуудын зарим нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
27, 3-р сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 3-р сарын 1-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.