Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 51 сая ам долларыг зээлсэн байдаг. Энэхүү хөрөнгийг "Жаст"-ын Ш.Батхүү зээлсэн бөгөөд 51 сая долларыг төлж чадаагүйгээс үүдэн уг асуудал Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж Монгол улсын Засгийн газраас үндсэн зээл болон 51 сая доллар хүү алданги болон бусад төлбөрийн хамтаар нийт 103 сая доллар нэхэгдэж байгаа юм.
Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь Авлигатай тэмцэх лобби бүлгийн гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нарын гишүүд мэдээлэл хийлээ.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ҮЕИЙН УДИРДЛАГУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Бид Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Мөн Ерөнхийлөгчид хандан тодруулга мэдээ өгөхийг хүссэн албан хүсэлтийг хүргүүлсэн. Энэ дагуу тэднээс хариулт ирсэн. Эрдэнэт үйлдвэрийг битүүжлэх, эд хөрөнгийг хураах шийдвэрийг Английн Арбитрын шүүхээс гарсан. Тэгэхээр уг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага бий боллоо. Уг асуудлыг АТГ шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг Засгийн газраас өгсөн. Гэхдээ нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр Жаст групп-т баталгаа гаргаж өгсөн нь тодорхой болоод байна. Эрдэнэт үйлдвэрийн баталгаатайгаар Стандарт банкнаас мөнгө зээлсэн нь тодорхой боллоо. Хоёрдугаарт, Стандарт банкнаас зээлсэн Жаст групп бус Эрдэнэт үйлдвэрийн данс руу орсон байна. Тэгээд Эрдэнэтийн данснаас нэгэн компани руу янз бүрийн нэрээр гүйлгээ хийгдэж гарсан байна. Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн гүйцэтгэх удирдлагууд уг зээлийг авахад Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргаж өгөн гарын үсгээ зурсан байна. Уг нь гүйцэтгэх удирдлагууд 10 сая доллартай тэнцэх хэмжээний хэлцэлд гүйцэтгэх гарын үсэг зурах ёстой. Түүнээс дээш мөнгөний хэлэлцээрт ТУЗ-аас зөвшөөрөл авч гарын үсэг ёстой байтал тэгээгүй байгааг нь Засгийн газраас ирүүлсэн хариултаас тодорхой байна" гэлээ.
Үүнээс үүдэн Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд төлөх ёстой 103 сая доллар дээрээ нэмээд өдрийн 900 долларын хүүгийн төлбөрт унаж байгаа аж. Өдөрт л 900 долларын хүүгийн төлбөр гарч буй учраас уг асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос хийх шаардлагатай байгааг тус гишүүд сануулав.
Хамгийн ноцтой нь уг хэргийг үйлдсэн этгээдүүд хариуцлага хүлээлгэх тэдэнд хэрэг үүсгэн шалгах хөөн хэлэлцэх хугацаа дуусах нөхцөл байдалд оржээ. Уг хэрэгт 2013 онд Эрүүгийн хэрэг үүсгэж 2015 онд АТГ- руу шилжүүлсэн. Гэтэл аль аль нь уг хэргийг нуун дарагдуулсан олон нийтэд мэдэгдээгүй өнгөрүүлжээ. Ямар санаатай уг хэргийг нуун дарагдуулсаныг бид хууль хяналтын байгууллагаас асуух ёстой, аль таван жилийн өмнө үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна хэмээн Х.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдлээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Эцэс сүүлдээ төр бусдын хариуцлагагүй үйлдлийн өмнөөс хариуцлага хүлээдэг болох нь. Хариуцлагагүй үйлдэл гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй болох нь. Хариуцлагагүй байдал хавтгайрсан байна. Тийм учраас бид томоохон албан тушаалтнуудын нэр холбогдоод нуун дарагдсан хэргүүдийг цаашид ил болгохоор ажиллана. Бид энэ хариуцлагагүй нөхцөл байдлын эсрэг, авлигын эсрэг дөрөвдүгээр сард жагсаал зохион байгуулна. Цаашид Засгийн газрын нууцын зэрэглэлтэй хэргүүд болон томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон хууль хяналтын байгууллагад нуун дарагдаж чимээгүй болсон хэргүүдийг бид сөхөх болно. Бид Стандарт банкнаас зээлсөн мөнгө арай ч Эрдэнэт үйлдвэрээр дамжаагүй байх гэж бодож байсан. Арай ч ийм авлигын хэргийг хийгээгүй байх гэж болсон. Харамсалтай нь мөнгө нь Эрдэнэтийн данс руу ороод буцаад гарсан байна. Тэгэхээр Монголын ард түмнийг хуурах гэж оролдсоны хэрэггүй. Эрдэнэт төлбөрийг төлөх нь ойлгомжтой байна. Төр авлигачдын хэргийг үүрэх ёсгүй. Авлигчдын тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй. Бид аливаа хэргийг үнэн зөвөөр нь олон нийтийн анхаарлын төвд оруулах болно. Ингэснээр булхай луйвар хийх боломж нь буурна гэж үзэж байгаа" гэлээ.
УГ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ БОРЛУУЛААД ЯАРАЛТАЙ ЭНЭ ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
- МАН засаглаж байх үед энэ хэрэг гарсан. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн нар хариуцлага хүлээх ёстой гэж та бүхэн үзэж байгаа юу?
- Л.Оюун-Эрдэнэ: Аль нам байх нь хамаагүй. Авлигалын хэрэг үйлдсэн л бол хариуцлага хүлээх ёстой. Нам гэдэг зүйлийг гишгээд эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө явахаас өөр аргагүй.
- Өрийг Эрдэнэтийнэрсдлийн сангаас төлөх юм уу. Засгийн газраас төлөх юм уу?
-Л.Оюун-Эрдэнэ: Улсын хамгийн том бүтээн байгуулалтыг хэдэн нөхөд банкинд барьцаалчихсан. Үүнээс болж улс орон хохирч болохгүй. Уг хэргийг үйлдсэн хүмүүсийн хөрөнгийг хураагаад яаралтай өрийг нь төлүүлэх ёстой. Хоног тутамд хүү алданги тооцогдож байна. Төр хэн нэгний тавьсан өрийг төлдөг хогийн сав биш шүү дээ. Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэхийг Эрдэнэт үйлдвэрт даалгасан ч удирдлагууд нь хоёр тийшээ харж суучихаад зөрчилдөж байга гэх мэдээлэл бий. Улс төрийн энэ мэт зөрчилдөөнөөс болж уг асуудал бүр хүнд байдалд орох вий дээ. Засгийн газар өөрөө уг асуудалд оролцоод яаралтай шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Т.Хулан