8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОМ-оо мэдүүлээгүй Б.Билэгт тэргүүтэй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

2018-02-27 13:46:00

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх хугацаа энэ сарын 15-ны өдөр дууссан. Энэ удаад улсын хэмжээнд нийт 40,073 төрийн албан хаагчаас хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авах ёстой байсан ба хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүрэн гаргаж бүртгүүлсэн байна.

Түүнчлэн төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан бүртгүүлэх ёстойгоос 271 хүн мэдүүлж нэг албан тушаалтан буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт тодорхой шалтгаангүйгээр мэдүүлгээ гаргаж өгөөгүй учир АТГ-аас хуульд заасан үүргийг нь сануулж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Бригадын генерал Б.Билэгт нь сүүлд ШШГЕГ-ын даргаар ажиллаж байгаад СЕХ-ны гишүүн болсон билээ. 

Түүнчлэн Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын хурлын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай Аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

Харин Төрийн банкны бүтээгдэхүүн хөгжил судлагааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захиралд Я.Батсайхан нар хуульд заасан хугацааг хожимдуулж хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлжээ.

Тиймээс дээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй ажээ.

Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол ямар хариуцлага хүлээлгэх вэ.

13.8.1. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

13.8.2. Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.3. Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.4. Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

13.9. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
shuud.l.halahgyu.yu.uur.yamar.shiitgel.baih.yam.be.bolij.uz.turiin.huuli.heregjuulehgui.albantushaaltan.bj.bolohgui.biz.dee
2018/02/28 66.181.180.91