8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: Боловсролын салбарт тулгамдсан, дэмжлэг хэрэгтэй асуудлууд маш их бий

2018-02-28 14:31:00

Монгол улсын хөгжилд тэр дундаа боловсролын салбарт ахиц, дэвшил авчрах чуулга уулзалт өчигдөр боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хөгжүүлэх, дэлхийн жишигт ойртуулахад нөлөө үзүүлэхүйц төсөл хөтөлбөрүүд цөөнгүй. Гэвч үүнийг ажил хэрэг болгох, хийж хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал их. Иймээс донор байгууллагуудаас дэмжлэг авах зорилгоор чуулга уулзалтыг зохион байгуулдаг.

БСШУСЯ-аас энэ удаад донор байгууллагуудыг нэг дор цуглуулж, өргөн хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Жайка, Дэлхийн банк, НҮБ, ЮНЕСКО зэрэг хамтран ажиллагч томоохон донор байгууллагууд бүгд оролцсон юм. Ингэж донор байгууллагууд бүгд нэгэн дор уулзалт зохион байгуулах уламжлал сүүлийн 10 жилд тасраад байсан нь ийнхүү дахин сэргэлээ.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа: Боловсролын салбарт тулгамдсан, дэмжлэг хэрэгтэй асуудлууд маш их бий

Манай яамны зүгээс энэ уулзалтад маш их ач холбогдол өгч байгаа. Монгол орны хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн байгууллагуудын хүндэт төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байна. Энэ зөвлөлдөх уулзалт сүүлийн 10 гаруй жилд завсарлаад байсан юм. Бид энэ жилээс эхлэн зөвлөлдөх уулзалтыг цаашид тасралтгүй зохион байгуулах бодолтой байгаа. Боловсролын салбарт тулгамдсан, дэмжлэг хэрэгтэй асуудлууд маш их бий. Бид хоорондын харилцаа холбоогоо улам бүр сайжруулах шаардлагатай байна. Боловсролын салбарын асуудлууд анхан шат буюу цэцэрлэгээс эхэлнэ. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудал нэн түрүүнд тавигдана. Азийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын 42000 хүүхдийн суудал нэмэгдэж байгааг энд дуулгамаар байна. Хүүхдийн хоол хүнсний асуудал, шинжлэх ухааны салбар тэр дундаа судлаачид, шинэ бүтээлийг дэмжих асуудал үндсэндээ орхигдсон.Мөн бүх нийтийн эрүүл мэнд, спортын боловсролыг дээшлүүлэх гээд бидэнд хамтдаа шийдвэрлэх асуудлууд маш их байна. Тиймээс донор байгууллагууд маань бидэнтэй тогтвортой хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбацогт: Түнш байгууллагуудынхаа хоорондын уялдаа холбоог сайжруулах нь бидний гол зорилго

БСШУСЯ-аас өнөөдөр гадаадын түнш байгууллагуудыг идэвхжүүлэх уулзалтыг зохион байгуулж байна. Үүнд бидэнтэй идэвхтэй хамтран ажилладаг гадаадын түнш байгууллагуудын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн манай яам болоод засгийн газрын төлөөллүүд оролцлоо. Уулзалтын гол зорилго нь гадаадын төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллаж байгаа түнш байгууллагуудынхаа уялдаа холбоог сайжруулах, үр дүнг дээшлүүлэх. Хоорондоо мэдээлэл солилцох, харилцаа холбоогоо нэгтгэх нь бидний уулзалтын үр дүн болж байна. Ерөнхий боловсролын сургуулиудад хамгийн их төсөл хэрэгждэг. Сургуулийн хүртээмж, сургалтын чанар зэрэгт гол туслалцаа дэмжлэгийг түнш байгууллагууд маань өгдөг. Нийслэлд гэлтгүй, орон нутагт ч бид олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд анхаарч ажиллана

Бид боловсролын яамтай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Мэдээж тэр дунд бага хэмжээний асуудал үүсэх тохиолдол байсан. Гэхдээ нийтэд нь дүгнэж хэлэхэд бид боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслүүд дээр маш амжилттай хамтарч ажилласан гэж үзэж байна. Ирээдүйд бид дээд боловсролоос гадна мэргэшил олгох сургалтын салбаруудад хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд анхаарч ажиллана.

Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми:Мянган инженер” төслийг үргэлжлүүлнэ

Жайка боловсролын чиглэлд маш тууштай хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд 56 сургуулийг буцалтгүй тусламжаар барисан. Үүнээс гадна шинээр дөрвөн сургуулийн өргөтгөлийг буцалтгүй тусламжаар бариж гүйцэтгэхээр боллоо. Сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээс дурдвал “Мянган инженер”-ийн төслийг дурьдаж болох юм. Японд инженерийн чиглэлээр сурч боловсрох төслийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна. Инженерүүдийн дээд боловсролоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нийгэм хөгжихийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээгдэх гээд байдаг талтай. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст багаас нь боловсрол олгох тал дээр хамтарч ажиллана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
!
Чанаргүй мөнгөний төлөө их дээд сургуулиудаа эхлээд хаачих. Дараа нь хулхиний багш нэртэй хүмүүсээ шалгачих.
2018/02/28 66.181.191.148