8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр боллоо

2018-02-28 16:40:00

Баруун бүсийн тулгуур төв олон vндэстэн, ястны өлгий нутаг Ховд аймаг бол Монгол улсын 21 аймгаас ялгарах өв соёлтой, олон үндэстэн угсаатны түүхэн уламжлал, аж амьдрал, байгаль, цаг уур, газар нутгийн хувьд нэлээд онцлогтой аймаг юм. Тэр ч утгаараа “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр боллоо. Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярт Ховд аймгийн 17 сум, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас нийт 15 мянга орчим иргэд хөдөлмөрчид оролцож, сум бүрийн онцлог, 13 үндэстэн угсаатны хувцас, эдлэл хэрэглэл, мал аж ахуйн салбарын соёлын өвийг харуулсан баярын жагсаал хийлээ.Энэ удаагийн мөсний баяр “Байгальд хоггүй аялцгаая” уриан дор зохион байгуулагдаж, гурван сэнхэрийн агуйн онцлогийг шингээсэн мөсөн хотхон бий болгосноороо онцлог байлаа. Мөн мөсний баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан урлагийн тоглолт, төрөл бүрийн үйлчилгээ, уралдаан тэмцээн болж байна. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн зүгээс Монголын язгуур хөгжмийн зэмсэг болох Алтай ятга, хэл хуур, цуур, икэл, шагай зэргийг тоглож, “Жангар” хамтлаг “Алтайн магтаал” хайлж, үүн дээр 13 алтай, 33 оргилоо аргадан 33 эмэгтэй цай, сүүнийхээ дээжийг цацал болгон өргөв. Мөн 13 бүжигчин алтайгаа аргадаж, байгаль дэлхийгээ магтан “Бөөгийн бүжиг” бүжиглэж, 60 гаруй уран бүтээлчид, иргэд хамтран Хүннү гүрний үеэс гаралтай “Тойрон бүжиг”, бий биелэгээ хийв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл