8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хил дамнасан малын хулгайн хэргийг илрүүлж, Солонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг ирэх сараас бүртгэнэ

2018-02-28 18:40:00

Цагаан сарын баяр өнгөрч, хавар ирлээ гэж яарах хэрэггүй. Учир нь ойрын хэдэн өдрүүдэд нийт нутгаар цаг агаар  муудаж цасан шуурга шуурна. Тодруулбал, Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч , нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө хүйтэрч 12-14 градус хүйтэн байна. Иймд та бүхэн дулаан хувцаслаж шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Тодорхой баримтууд: “Эрдэнэт”-ийн дансаар гүйлгээ хийгдсэн байхад Ч.Ганзориг, Д.Сугар нар мэдэхгүй хэмээн гүрийсээр байх уу?

Өчигдөр УИХ дахь Авлигатай тэмцэх лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин Өмнөд Африкийн Стандарт банкнаас 51 сая доллар зээлсэн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан бөгөөд асуулгын хариугаа авсныг олон нийтэд мэдээлсэн нь энэ юм. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэдэнд ирүүлсэн хариултаас хэд, хэдэн ноцтой мэдээлэл олон нийтэд ил болоод байна. Мөн олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байсан үнэн, худал нь мэдэгдэхгүй зарим мэдээлэл тодорхой болж баталгаажлаа.

Тодруулбал,

 НЭГДҮГЭЭРТ, Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн дарга болох Ч.Ганзориг компанийн дүрэм, журмыг зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргаж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

ХОЁРДУГААРТ,  2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд ороод гарсан.

ГУРАВДУГААРТ, Уг хэргийг үйлдсэн гэх Ч.Ганзориг, Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа УДАХГҮЙ ДУУСНА. Энэ тохиолдолд эдгээр хүмүүс хариуцлагаас мултрах юм.

ДӨРӨВДҮГЭЭРТ, “Эрдэнэт” үйлдвэр нь Стандарт банкинд яаралтай 103 сая долларыг төлж барагдуулахгүй бол нэг өдрийн зээлийн хүү 900 доллараар нэмэгдэж байна.

ТАВДУГААРТ, Өрийг яаралтай төлж барагдуулахгүй бол бид Эрдэнэт үйлдвэрээ алдаж ч мэдэх хүндхэн нөхцөл байдалтай байна. Учир нь Английн Арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг хурааж, битүүмжлэх шийдвэрийг гаргасан юм.

ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРЭГИЙН ДОХИУРУУД ХЭРХЭН ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРЧ БАЙВ

Монгол улсын хамгийн том бүтээн байгуулалтыг гадны банкинд барьцаалсан асуудлаар олон нийт сэтгэл зовнин Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллахыг анхааралтай ажиглаж байна. Гэтэл эх орны баялагаар гараа угаасан нөхөд хаана, юу хийж яваа нь ч тодорхойгүй. Уг хэргийг гүйцэтгэсэн гэх Ш.Батхүү, Ч.Ганзориг нар чив чимээгүй байсаар. 

Тэднээс Д.Сугар нь саяхан хэвлэлд ярилцлага өгснийг эс тооцвол шүү дээ. “Эрдэнэт”-ээр баталгаа гарган зээл авах үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар саяхан ХЭВЛЭЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА “Арбитрын шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр олон сая долларын төлбөр төлөх болсонд харамсч, санаа зовж байна. Ийм байдалд хүргэхэд миний буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр байвал би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно" гэж мэдэгдсэн. Д.Сугарын хувьд одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байна. Эрдэнэтийг барьцаалан зээл авч байхад Төрийн өмчийн хорооны дарга нь юу ч мэдэхгүй өнгөрсөн гэдэг нь ноцтой асуудал юм. Д.Сугар гүрийж байна уу эсвэл Ч.Ганзориг, Ш.Батхүү нар бас л хууль зөрчиж дураараа авирласнаас өөр замгүй. 

Харин Ч.Ганзориг энэ хэргээс хэдэн жилийн өмнө “…Ш.Батхүү миний гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан байна” гэж хэлээд мултарсан байгаа юм. Д.Сугар тэр хоёр ингэж хэлээд хуулийн байгууллагынхнаас салсан. Гэхдээ тэдний гарын үсгийг Английн арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоочихсон шүү дээ. Хамгийн гол нь Стандарт банкнаас зээлсэн мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансаар орсон нь тэднийг ингэж худлаа хэлээд нэмэргүй гэдгийг илтгэнэ. Энэ бол хөдлөшгүй баримт. Угтаа бол Эрдэнэт үйлдвэрийн дансаар мөнгө нь орчихоод гарсан байхад Ч.Ганзориг, Д.Сугар нар "Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна" гэх үлгэр ярьж ард түмнийг мэхлэх гэсний хэрэггүй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

О.Баасанхүү: Жараахайнуудтай биш акулуудыг барих ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 51 сая долларыг зээлсэн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Би бол 172 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлж авсан гэж үзэж байна.  Стандарт банкнаас гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үндэслэж 172 сая долларын зээл авсан гэж үзэж байгаа. Стандарт банкныхан 2007 онд 20 сая ам.долларын гэрээ хийсэн. 2009 онд 36 сая ам.долларын гэрээ хийсэн. Ингээд 2009 оны гэрээнд 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая ам.доллар болж нэмэгдүүлсэн. 2010 онд 27 сая ам.долларын шинэ гэрээ байгуулаад, 2011 онд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 34 сая ам.доллар авсан. Ингээд нийт 172 сая ам.долларын зээлийн гэрээг 2011 он гэхэд ''Жаст'' групп Стандарт банктай хийчихсэн байна. Яригдаад байгаа гарын үсэгний тухай маргаантай асуудлыг Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Английн доктортой хамт гаргасан дүгнэлтээр “Эрдэнэт” үйлдвэр 75 сая ам доллар болон  44 сая ам.долларын гэрээг хариуцахгүй гэж дүгнэсэн. Тэгэхээр ''Жаст'' групп хариуцна гэсэн үг. Үлдэгдэл 51 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөх үүрэгтэй гэж байгаа юм. Хүү торгуулийн хэмжээ нэмэгдсээр байгаад 109 сая ам.доллар болсон. “Жаст” групп Хадгаламж банкаар дамжуулж авсан. Хадгаламж банк одоо Төрийн банк болсон. Төрийн банкинд Жастыг төлөөлөөд “Алтжин”-гийн Г.Алтангийн хүү Эдвардсүрэн гэдэг нөхөр нэхэмжлэл гаргаад 51 тэрбумыг хувь хүн төл гэдэг шийдвэр гаргуулсан. Одоо 109 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр үлдсэн мөнгийг Төрийн банк төлөх болоод байна. Өөрөөр хэлбэл, 120 орчим сая долларын төр өөрөө төлөх нөхцөл байдал үүсээд байна. Стандарт банк бол Хятадын компанид зарагдсан. Арбитрын шүүхийн шийдвэрийг үзэх юм бол өрөө төлөхгүй бол хүү торгууль зогсохгүй гэдэг шийдвэр гарсан. Тэгэхээр одоо 109 сая ам.доллар гэж байгаа ч төлөхгүй яваад байвал нэмэгдэнэ. Үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Би бол ийм нөхцөл байдлыг нуусан, улс орноо өр ширэнд оруулсан этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Ялангуяа, Ш.Батхүү, Г.Алтан гэдэг жараахайтай биш, акулуудад хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний шугамыг хэн нээснийг олох ёстой" гэлээ.

Мөн тэрбээр энэ хэргийг нуун дарагдуулсан, санаатай төөрөгдүүлсэн, Монгол Улсыг ялагдахад хүргэсэн шууд болон шууд бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэлээ.

Мөн "“Эрдэнэт” үйлдвэр 300 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Үүний талаас дээш хувийг өрөнд өгөх гээд байна. Энд нэг зүйлийг онцлоход арбитрын шүүхийн шийдвэр мөнгө төлснөөр эцэслэгдэхгүй. Учир нь, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар байгаа. Хүү торгууль хоног тутамд тоологдоод явж байгаа учраас одоо хэдэн төгрөг болж нэмэгдсэн нь тодорхойгүй байна” гэв. 

Ц.Цогзолмаа: Боловсролын салбарт тулгамдсан, дэмжлэг хэрэгтэй асуудлууд маш их бий

Монгол улсын хөгжилд тэр дундаа боловсролын салбарт ахиц, дэвшил авчрах чуулга уулзалт өчигдөр боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хөгжүүлэх, дэлхийн жишигт ойртуулахад нөлөө үзүүлэхүйц төсөл хөтөлбөрүүд цөөнгүй. Гэвч үүнийг ажил хэрэг болгох, хийж хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал их. Иймээс донор байгууллагуудаас дэмжлэг авах зорилгоор чуулга уулзалтыг зохион байгуулдаг.

БСШУСЯ-аас энэ удаад донор байгууллагуудыг нэг дор цуглуулж, өргөн хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Жайка, Дэлхийн банк, НҮБ, ЮНЕСКО зэрэг хамтран ажиллагч томоохон донор байгууллагууд бүгд оролцсон юм. Ингэж донор байгууллагууд бүгд нэгэн дор уулзалт зохион байгуулах уламжлал сүүлийн 10 жилд тасраад байсан нь ийнхүү дахин сэргэлээ.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа: Боловсролын салбарт тулгамдсан, дэмжлэг хэрэгтэй асуудлууд маш их бий

Манай яамны зүгээс энэ уулзалтад маш их ач холбогдол өгч байгаа. Монгол орны хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн байгууллагуудын хүндэт төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байна. Энэ зөвлөлдөх уулзалт сүүлийн 10 гаруй жилд завсарлаад байсан юм. Бид энэ жилээс эхлэн зөвлөлдөх уулзалтыг цаашид тасралтгүй зохион байгуулах бодолтой байгаа. Боловсролын салбарт тулгамдсан, дэмжлэг хэрэгтэй асуудлууд маш их бий. Бид хоорондын харилцаа холбоогоо улам бүр сайжруулах шаардлагатай байна. Боловсролын салбарын асуудлууд анхан шат буюу цэцэрлэгээс эхэлнэ. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудал нэн түрүүнд тавигдана. Азийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын 42000 хүүхдийн суудал нэмэгдэж байгааг энд дуулгамаар байна. Хүүхдийн хоол хүнсний асуудал, шинжлэх ухааны салбар тэр дундаа судлаачид, шинэ бүтээлийг дэмжих асуудал үндсэндээ орхигдсон.Мөн бүх нийтийн эрүүл мэнд, спортын боловсролыг дээшлүүлэх гээд бидэнд хамтдаа шийдвэрлэх асуудлууд маш их байна. Тиймээс донор байгууллагууд маань бидэнтэй тогтвортой хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбацогт:Түнш байгууллагуудынхаа хоорондын уялдаа холбоог сайжруулах нь бидний гол зорилго

БСШУСЯ-аас өнөөдөр гадаадын түнш байгууллагуудыг идэвхжүүлэх уулзалтыг зохион байгуулж байна. Үүнд бидэнтэй идэвхтэй хамтран ажилладаг гадаадын түнш байгууллагуудын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн манай яам болоод засгийн газрын төлөөллүүд оролцлоо. Уулзалтын гол зорилго нь гадаадын төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллаж байгаа түнш байгууллагуудынхаа уялдаа холбоог сайжруулах, үр дүнг дээшлүүлэх. Хоорондоо мэдээлэл солилцох, харилцаа холбоогоо нэгтгэх нь бидний уулзалтын үр дүн болж байна. Ерөнхий боловсролын сургуулиудад хамгийн их төсөл хэрэгждэг. Сургуулийн хүртээмж, сургалтын чанар зэрэгт гол туслалцаа дэмжлэгийг түнш байгууллагууд маань өгдөг. Нийслэлд гэлтгүй, орон нутагт ч бид олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд анхаарч ажиллана

Бид боловсролын яамтай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Мэдээж тэр дунд бага хэмжээний асуудал үүсэх тохиолдол байсан. Гэхдээ нийтэд нь дүгнэж хэлэхэд бид боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслүүд дээр маш амжилттай хамтарч ажилласан гэж үзэж байна. Ирээдүйд бид дээд боловсролоос гадна мэргэшил олгох сургалтын салбаруудад хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд анхаарч ажиллана.

Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми: “Мянган инженер” төслийг үргэлжлүүлнэ

Жайка боловсролын чиглэлд маш тууштай хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд 56 сургуулийг буцалтгүй тусламжаар барисан. Үүнээс гадна шинээр дөрвөн сургуулийн өргөтгөлийг буцалтгүй тусламжаар бариж гүйцэтгэхээр боллоо. Сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээс дурдвал “Мянган инженер”-ийн төслийг дурьдаж болох юм. Японд инженерийн чиглэлээр сурч боловсрох төслийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна. Инженерүүдийн дээд боловсролоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нийгэм хөгжихийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээгдэх гээд байдаг талтай. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст багаас нь боловсрол олгох тал дээр хамтарч ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

“Шогакукан” хэвлэлийн газар Кёкшюзан Д.Батбаяраар дамжуулан Монголчуудаас уучлал гуйжээ

Японы сар тутмын хүүхдийн комик сэтгүүлд Чингис хааны гараар зурсан хөрөг нийтлэгдсэн олны шүүмжлэлд нэлээд өртсөн билээ. Тодруулбал, Чингис хааны Хөрөгний духны хэсэгт эр бэлэг эрхтний дүрс зурсан нь нэлээд шүүмжлэлд өртсөн. Тэгвэл уг асуудлаар Д.Кёкшюзан Батбаяр тус сэтгүүлийн редакцтай утсаар холбогдож залруулга хийхийг шаардсан байна.

Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа, “Миний бие Эзэн богд Чингис хааныг маань “Боовон толгойт" хэмээн доромжилсон Японы “Корокоро” сэтгүүлийг эрхлэн гаргадаг “Шогакукан” хэвлэлийн газрын эзэнтэй утсаар холбогдож энэ асуудалд эмзэглэж буйгаа хэллээ. Мөн энэ асуудлыг залруулж, нийт Монгол туургатнаас уучлал гуйх ёстойг албан ёсоор илэрхийлэв.Үүний хариуд Японы “Шогакукан” хэвлэлийн газрын эзэн надаар дамжуулан нийт Монгол туургатнаас уучлал гуйж буйгаа хэлж, сэтгүүлийн бүх дугаарыг устган, дахин ийм нүгэл үйлдэхгүй гэдгээ амаллаа” хэмээн бичсэн байна.

ОХУ-ын нэрт бөх Денис Царгуш дасгалжуулагчийн албанд шилжэв

“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга, ОХУ-ын дунд жингийн нэрт бөх Денис Царгуш дасгалжуулагчийн албанд шилжэв. Гүржийн Абхазиягаас гаралтай тэрбээр ОХУ-ын армийн ЦСКА клубт олон жил данстай явсан. Өдгөө 30 настай Царгуш Москвагийн бүс нутгийн дасгалжуулагчаар ажиллах юм. Түүний хувьд 2016 оны хавар Якутад болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын шигшээ барилдаанд Аниур Гедуевт ялагдснаас хойш дэвжээнд гараагүй.

Гар утас хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ

Цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт гар утас хулгайлсан хэргүүдийг үйлдэл дээр нь болон түргэн шуурхай илрүүлж ажиллажээ.Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар сэжигтэй этгээдүүдийг шалгахад 10 настай, М гэх хүүгийн халааснаас “LG” гар утсыг нь хулгайлсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 12-13 настай, эрэгтэй, Б, Б, Г үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. 

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 26 настай, эрэгтэй М-ын үүргэвчнээс “Samsung J-7” гар утсыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай, 28 настай, эрэгтэй Б хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Хавдар судлалын үндэсний төв”-ийн автобусны буудал дээр 30 настай, эрэгтэй Б гэгч нь 19 настай, эрэгтэй С-ын “Samsung Galaxy S6 edge” гар утсыг хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт шалгаж байгаа юм.

АНУ-ын H-2B визийг ДӨРӨВДҮГЭЭР сарын 1-нээс олгохоор болжээ

АНУ-ын ЭСЯ-наас 2018 оны нэгдүгээр сарын 19-нд Н-2 визний асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлж байсан юм.

Гэвч H-2B визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор болсон байна.Энэ талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргажээ.

УГ ЗАЛРУУЛГАД:

АНУ-ын ЭСЯ-ны Консулын зүгээс 1 дүгээр сарын 19-ний хэвлэлд өгсөн ярилцлаган дээр мэдээлсэн шинээр гарч байгаа Н-2В виз олгож эхлэх хугацааны талаар залруулга оруулж байна. 

Н-2В визний дэлхийн хэмжээнд олгогдох дараагийн дугаар болох 33,000 нь 3 дугаар сарын 1-нээс олгогдож эхэлнэ гэснийг 4 дүгээр сарын 1-н болгон залруулж байна гэжээ.

 

Үнэгүй газар өмчлүүлэх хуулийн хугацааг сунгахаар болжээ

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нийслэлийн Газрын албанд чиглэл өгчээ. 

Чиглэл өгөх тухай уг албан бичигтээ “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс хугацаанд шахагдан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байх. Цаашид зөвхөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг анхаарна уу. Дээрх чиглэлийн дагуу орон нутгийн удирдлага болон иргэдийг заавар, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана уу” гэсэн байна.

Есөн аймгийн 15 суманд хорио тогтоогоод байна

Шүлхий өвчний улмаас сүүлийн хоёр сар гаруй хугацаанд есөн аймгийн 15 суманд хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн сарын 2-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хорио цээрийн дэглэм тогтоосон бол хамгийн сүүлд энэ сарын 15-нд Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий гарчээ.

Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Дундговийн Дэрэн, Гурвансайхан, Дэлгэрцогт, Булганы Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Өмнөговь, Сүхбаатарын Онгон, Говьсүмбэрийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалантад гарсан шүлхий өвчний улмаас 2411 толгой мал устгаж, 130 гаруй мянган толгой малыг вакцинжуулжээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Булганы Рашаант, Гурванбулаг сум, Өвархангайн Бүрд, Орхон аймгийн Жаргалант суманд шүлхийн голомт шинээр бий болсон байна. 

Солонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг ирэх сарын 5-наас бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртэл ирэх сарын 5,6,7-ны өдөр явагдахаар болжээ. Бүртгүүлэгчдэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд,

1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/
2. Ял шиитгэл эдэлж байгаагүй иргэн
3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн
4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх
5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт
2. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй )
3. СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар. Дэлгэрэнгүй мэдээллийг 70002274, 70109008 утсаар лавлах боломжтой.

Хил дамнасан малын хулгайн хэргийг илрүүлжээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрлийн ажиллагаа явуулжээ.

Үүний үр дүнд 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын Тува улсын дөрвөн иргэд хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.

Хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл