8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Мөнхбаяр: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нарыг АТГ-т шалгуулна

2018-03-01 09:01:00

Нэр бүхий улс төрчдийг шалгуулах асуудлаар  төрийн бус байгууллагууд хамтран АТГ-т хандаж байгаа аж. Энэ талаар Нэгдсэн Монгол Хөдөлгөөний Тэргүүн У.Мөнхбаяраас тодрууллаа.

"УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар "Paradise" казинод тоглосон гэх мэдээлэл цацагдсан"

-Нэр бүхий улс төрчдийг АТГ-т шалгуулана гэлээ. Хэнийг, ямар үндэслэлээр шалгуулах гэж байна вэ?

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон Д.Оюунхорол нарыг байгаль орчны асуудал болон бусад нотолгоог үндэслэж АТГ-т шалгуулах хүсэлт гаргана. Манай холбоо энэ сарыг  усны төлөө тэмцэх сар болгон зарлаж байгаа. Бид "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль" буюу урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Түүнчлэн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд саад болсон зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар бэлдсэн. Энэ дагуу дээрх УИХ-ын гишүүдийг АТГ-т шалгуулна.  Солонгос улсын Бусан хотод өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-7-ны хооронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар "Paradise" казинод тоглосон гэх мэдээлэл цацагдсан.Тэд ард түмний мөнгөөр тансагласан гэх хардлага төрж байгаа. Үүнийг АТГ шалгах ёстой.Урт нэртэй хууль зөвхөн салбарын асуудал биш Монгол Улсын оршин тогтнох нэн тэргүүний чухал асуудал.​ 

-Өмнө нь танай байгууллагын зүгээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын талаар мөн гомдол гаргаж байсан. Гомдол гаргасан асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Өнгөрсөн 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах гэж буйг бид эсэргүүцэн хэвлэлийн бага хурлаар мэдэгдэхдээ Д.Оюунхоролын нэрийг мөн дурьдаж байсан. 2015 онд ИНБ-ууд хуралдаж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцор хэмээн шаардаж хэвлэлийн бага хурал хийхдээ бас л Д.Оюунхоролыг дурьдсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг УИХ-ын 41 дүгээр тогтоолоор батлуулж байсан. Энэхүү хөтөлбөрөөрөө дархан цаазтай газрууд, гол мөрний эх, ойн сан руу дайрсан. 2015 долоодугаар сард Засгийн газар 289 дүгээр тогтоолоо гаргасан. Үүний үр дүнд Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Сайхан, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Дашинчилэн сумдын нутагт 3,362 га талбайг ойн сангийн хилээс, 2,501 га талбайг голын эх, усан сангийн хилээс, нийтдээ 5,863 га талбайг Урт нэртэй хуулийн хамгаалалтаас гаргасан байдаг. Түүнчлэн 7,600 га талбайг Урт нэртэй хуулиас тойруулав. 5,403 га талбайг голын эхийн хилээс, 1,679 га талбайг ойн сангаас, 518.7 га талбайг голын мөрний хамгаалалтын бүсээс гаргасан. Өнөөгийн улс нийгэм, байгаль орчны байдал тэсэхийн аргагүй хүнд бэрх боллоо. Тийм учраас, тодорхой улс төрчдийг АТГ-аар шалгуулах болно

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг шалгах өөр ямар үндэслэл байгаа вэ?

-800 тэрбумын концессын асуудал гэж дуулиант асуудал дэгдэж, түүнд ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат нэр холбогдсон. Буцаагаад өгчихнө гэж концессын гэрээтэй нэр холбогдсон эрхмүүд уурсаж байсан. Буцааж өгсөн үү? Тэр асуудал юу болсон бэ? Үүнийг АТГ шалгах ёстой.

-Энэ асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх үү?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр бэлдэж байгаа. Урт нэртэй хуулийн хойноос тууштай тэмцэж, хэрэгжилтэд тасралтгүй анхаарал хандуулах болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Мөнхбаяр гэж Хүрэлсүхийн бууны нохой
2018/03/01 119.40.99.2
Зочин
Сарангэрэл авгай бас казиночин
2018/03/01 202.179.26.198