Монгол улсад шударга ёс юу юунаас илүү чухал байгааг хэн бүхэн ярьж хэлж байна. Үнэхээр авилгачдыг цавчиж эхлэхээр сэлэм далайсан уу? Эсвэл сайтар төлөвлөж зохион байгуулсан жүжиг өрнөөд байна уу?
Улс төрд У.Хүрэлсүхийнхэн гэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан гэх мэт УИХ-ын гишүүд засгийн газарт асуулга тавилаа.
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг хэн барьцаанд тавьж улсыг өрөнд оруулав гэдгийг тэд ерөнхий сайдаас асуусан. Хачирхалтай нь улсын нууц юм шиг л хав дардаг байсан мэдээллийг энэ удаад ерөнхий сайд бэлдчихсэн байсан мэт хурдан гэгч нь дэлгэрэнгүй тайлбартайгаар гаргаж өглөө.
Үүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан Ч.Ганзоригийг хууль хяналтын байгууллагаар шалгаж эхэлснийг хэвлэлүүд бичих болов.
Бараг маргааш нь шахуу ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа хурал дээр “Авилга авсан хэнийг ч байсан намаас хөөнө” гэх утгатай зүйл хэлчихэв. Эндээс үзэхэд У.Хүрэлсүхийн залуучууд түүнтэй хавсран найруулгын дагуу хөдөлж эхэлсэн ч юм шиг харагдаад байна.
Үүнтэй зэрэгцэн бас нэгэн дуулиан газар авч байна. УИХ ын гишүүн Б.Гантулгыг яллагдагчаар татсан тухай мэдээллийг нийслэлийн прокурорын газраас зарлалаа. Үүнээс гадна ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээг Дубайд дур мэдэн үзэглэсэн гэдэг үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн. Цаашилбал эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна хочит Н.Батбаярыг Чингис, Самурай бондын мөнгийг үрэн таран хийсэн гэсэн үндэслэлээр АТГ-аас шүүхэд шилжүүлээд байна. Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ бүх үйл явдал яагаад УИХ ын чуулган завсарласан үеээр зэрэг зэрэг гарч ирэн олныг шуугиулах болов. У.Хүрэлсүх үнэхээр МАН-АН гэлтгүй цавчиж чадах уу, эсвэл дээрх хэрэгүүд ингэсгээд бусдын адил замхарах уу гэдгийг ард түмэн харж байна. Гэтэл хамгийн чухал нэг зүйлийг олон түмэн төдийлөн анхаарахгүй өнгөрөөд байх шиг. Аливаа албан тушаалтнуудын асуудал шүүх, прокурорын түвшинд очоод замхардаг нь нууц биш. Харин шүүгч прокурорууд нь ерөнхий сайдаас биш ерөнхийлөгчөөс хамаарч байдаг гэдгийг мартаад байна.
Үеийн үед ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр дайсагнах байдалтай ажиллаж ирсэн бол яг энэ цаг үед ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас арай өөр байдал ажиглагдаад байгаа. Шуудхан хэлэхэд энэ хоёр хүн хамтарч ажиллан хэд хэдэн “оймс гозолзуулж” чадах уу, эсвэл ингэсгээд өнгөрөх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Юу болохыг харж л байя.
Т.Энхэлээ