Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг 2016-2017 онуудад нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 94 сумын бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өрхийн хүн амыг хамруулан НЭМҮТ хийж гүйцэтгэн, үр дүнг гаргасан байна. Тус судалгааны үр дүнг “Онцлох 5 баримт”-аар танилцуулж байна.
- Уг судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн тураал 2013 онтой харьцуулахад 1.6%-аас 0.7% болж, өсөлтийн хоцрол 10.8%-с 5.9% болж буурсан байна. Мөн хүүхэд эрүүл, эсэн мэнд амьдрахуйн гол нөхцөл болсон 6 сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн эзлэх хувь 2013 онд 47% байсан бол 2018 оны судалгаагаар 58.3% болж өссөн байна.
- 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.7%, төрөх насны эмэгтэйчүүдийн 45.9% илүүдэл жин, таргалалттай байгаа нь ХБӨ-р өвчлөх эрсдлийг үүсгэж байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 11.7%, 6-11 насанд энэ үзүүлэлт 22.2%-тай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна.
- Монгол Улсын 10 хүн тутмын 9 нь жимс, ногоог ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага, харин давсыг зөвлөмж хэмжээнээс 2 дахин хэтрүүлэн хэрэглэдэг байна.
- 5 хүртэлх насны хүүхдийн дунд Д аминдэм дутал 61%, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд 75% байгаа нь жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийг Д аминдэмийн оношилгоо, эмчилгээнд хамруулах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
- 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% тус тус цус багадалттай, 6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай байна.