8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Цэрэннадмид: ЭЕШ-д шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна гэдгийг анхаарах хэрэгтэй

2018-03-02 09:00:00

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШ-ын бүртгэлийн явцын талаар тодрууллаа.  

-2018 оны ЭЕШ-ын бүртгэл  улсын хэмжээнд 20 хувьтай явагдаж байна-

-2018 оны ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн сарын 5-ны өдөр албан ёсоор орон даяар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  бүртгэлийн явц хэдэн хувьтай явж байна вэ? 

-2018 оны ЭЕШ-ын бүртгэл эхлээд 25 хоног болж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 хувьтай явагдаж байна. 

-ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон гэсэн. Тухайлбал, ямар ямар өөрчлөлт орсон вэ?  

-2018 оны ЭЕШ-ын журамд дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
  • Шалгуулагч Мобиком компианы “Candy” үйлчилгээг ашиглан  шалгалтын төлбөрөө төлөх боломжтой
  • Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон.
  • Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

-Элсэгч бүртгүүлэхэд шаардлагатай санамж, анхаарах зүйлс юу байна вэ? 

-Бүртгэл www.eec.mn цахим хаягаар явагдаж байгаа. Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

-Өмнөх оны төгсөгчид мөн адил зарчмаар бүртгүүлэх үү?

-Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэршээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор батаалгаажсан байх ба шууд хэвлэн авна. Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

-Шалгуулагчид бүртгүүлэхдээ ямар ямар материал бүрдүүлэх вэ?

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/ энийг шалгуулагчид хатуу анхаарах ёстой. 
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

-Бүртгэл хэзээ дуусах вэ. Хугацаандаа бүртгүүлж амжаагүй тохиолдолд дахин сунгах боломжтой юу? 

-Бүртгэл 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй.

-Бүртгэлийн хугацаанд элсэгчдэд зориулж сургалт, мэдээлэл арга зүйн зөвлөгөө чиглэлээр танай төв ямар ажил хийж байна вэ? 

-Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар 2-р сард манай Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидад зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Шалгуулагчид БҮТ-ийн цахим хаяг болох www.eec.mn –ээс мөн манай төвийн албан ёсны пэйж хуудаснаас мэдээлэл авах бүрэн боломжтой.  Мөн БҮТ-ийн лавлах 7577 9498 утаснаас мэдээлэл авч болно. Түүнчлэн бид “Элсэлтийн ерөнхий шалгалт – 2018” нээлттэй өдөрлөгийг Улаанбаатар хот болон зарим аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Д.Нэргүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment