Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж эхэллээ. Түүнийг Оюутолгойн тэр дундаа Дубайн гэрээний бичиг баримттай холбоотойгоор шалгаж байгаа аж.
Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Дубайн гэрээ”-ээс болж “хойдох”-оо уншуулсан. Тэгвэл энэ удаа тус гэрээ Ч.Сайханбилэгийг өөрийг нь хүнд асуудалд унагаж мэдэхээр байна. Түүний хувьд чухам ямар зүйлийг буруу хийж АТГ-т шалгуулах болсныг олон нийт сонирхож байгаа юм. Харин хууль хяналтын байгууллагаас хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж буй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж буй.
Ч.Сайханбилэг 2015 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гацаанаас гаргахаар Рио Тинто компанийнхантай Дубай хотноо уулзсан. Энэ уулзалтаар хоёр тал далд уурхайн ажлыг эхлүүлэх саналд нэгдэж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
Гэхдээ тус гэрээг байгуулахдаа Монгол улсыг хохироосон гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг билээ.
Уг асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүд болоод салбарын мэргэжилтнүүд хэрхэн дүгнэж ярьж байсныг хүргэе.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Оюутолгойн гэрээ үр ашиггүй, алдагдалтай маш муу гэрээ болсон. Тийм ч учраас үүнийг сайжруулахын төлөө Засгийн газраас 17,5 тэрбумыг гаргаад гадаадын компаниас зөвлөгөө авна гэж гэр бүлийн компанид мөнгө өгөх хүртлээ асуудал яригдлаа шүү дээ. Муу дээрээ муу, муухай дээр улцан гэгчээр Засгийн газар Рио Тинтогийн тулгалтыг хүлээж ялагдал хүлээж байна. Энэ бол Монголын ард түмний хүссэн зүйл биш. Үүнийг гадныхантай нийлсэн авлигачид хийж байгаа юм. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1,4 тэрбум доллар байсан. 4,7 тэрбумаар нэмэгдүүлээд 6 тэрбум доллар болох нь. Далд уурхайн зардлаа 300 хувиар өсгөж байна. Ийм муу болгож байхад бид өрлүүлж байгаа хонь шиг чимээгүй байх уу.
УИХ-ын гишүүн Х.Даваасүрэн: Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ. Энэ нь Оюутолгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюутолгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна. Хөрөнгө оруулалтын анхны гэрээний өртөг 4.6 тэрбум ам.доллар, үүнээс 1.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтанд оруулахаар төлөвлөснийг Монголчууд бид мартаагүй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойших хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтаараа бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээнд шийдвэрлээд явах ёстой юм. Далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одлоо.
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар: Төлөвлөгөө нэрээр гэрээ байгуулсан нь ноцтой асуудал. Энэ гэрээгээр Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөний 4.4-т зааснаар 2010-2014 оын санхүүгийн тайланг Сангийн яам тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна.Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээнэ. Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын с анхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа. Энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл 0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд тавигдах нөхцөл байдал үүсээд байна.
Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Ийм гэрээг айлын гал тогоонд хийдэггүй юм. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан” талаар тайлбар өгч байв
Ямартай ч түүнийг шалгах үндэслэл байгаа аж. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон хүний анхаарлыг татаж байна.