8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Үржинханд: Хүүхдүүдийг минь цэргүүд л өсгөсөн дөө

2016-01-29 15:48:00

Сувилагч би:
Хүнлэг энэрэнгүй, эелдэг зөөлөн ариун сэтгэлтэй байж
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж 
Үйлчлүүлэгчдийнхээ зовиур шаналал эмгэгийг анагаахын төлөө
Эрдэм мэдлэг авьяас чадвараа дайчлан ажиллах 
Өндөр чадвартай мэргэжилтэн байхаа
Эх орон ард түмнийхээ өмнө андгаалан тангаргалъя !!! 

хэмээн ард олныхоо эрүүл энхийн төлөө тангарагтаа үнэнч  шудрагаар 35 жилийн турш тууштай зүтгэж ажиллаж хөдөлмөрлөж яваа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч П.Үржинханд эгчийг энэ удаа онцолж уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Сувилагч П.Үржинханд эгчийн хувьд Хан-Уул нэгдсэн эмнэлгийг анх ашиглалт орсон тэртээ 1980 онд ажилд орж байсан анхны ажилтануудын нэг ажээ.

10 цаг 10 минут /Яармаг, ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг/

Түүний хувьд энэхүү эмнэлэгтэй 35 жилийн турш сувилагч хэмээх эрхэм алдрын эзэн болж яваа хүндтэй хүн юм. Тус эмнэлгийн хамт олон Сувилагч П.Үржинханд эгчийг ихэд хүндэтгэн "Эмнэлэгийнхээ түүхийг бичилцэж яваа хүн шүү. Манай эмнэлэг 35 жилийн ойгоо тэмдэглэж байхад Үржээ эгч 35 жил ажилласан хүн" гээд бүгд л ам уралдан ярьцгаана.

Эмнэлгийн хоёр давхарт гарав уу үгүй юу, хүүхдийн уйлах, хашгирах чимээ цуурайтна. Хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд “Суурь тусламжийн өрөө” гэсэн өрөөний үүдэнд дарааллан зогсч байв.

П.Үржинханд сувилагч “Хүүхдээ авч орж ирж байгаа эцэг эхчүүдэд хандан “Та нар өөрсдөө болон хүүхдүүдээ маск зүүлгэж оруулж ирнэ шүү”. Энэ өрөөнд олон хүүхэд, том хүмүүс байгаа учраас агааргүй байна. Хүүхдүүд бие биенээсээ ханиад томуу авчих гээд байдаг юм" гээд л максгүй орж ирсэн ганц нэг эцэг, эхчүүдийг өрөөлүү оруулахгүй буцааж байв. Энэ зуур хүүхэд нь уйлсан, ханиалгасан, бүр амьсгалахад ч хэцүү байгаа бололтой хүүхдүүд ирж П.Үржинханд сувилагчаас зөвлөгөө авсаар...

Хагас цаг хүлээсний дараа П.Үржинханд сувилагч бид хоёрт ярилцах боломж гарсан юм. “Бид чинь ийм л завгүй ажилладаг хүмүүс шүү дээ, Чи надаас асуух зүйл байвал асуу асуу. Би  ажлаа хийх зуураа хариулж өгье” гэлээ. 

П.Үржинханд сувилагч хүүхэд байхаасаа л эмч болохыг мөрөөддөг байжээ. Ямар сайндаа л хүн бүхэнд "Би бага эмч" болно хэмээн хэлдэг байсан гэдэг.

Түүний хувьд ажлын гараагаа эхэлсэн эмнэлэгтээ өнөөдрийн хүртэл тууштай ажиллаж байгааг нь харахад эзэмшсэн мэргэжилдээ сэтгэлтэй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваагийн илрэл бизээ.

Түүний хувьд анх эмнэлэгтээ ажиллахаар ирж байсан тухайгаа ярих их дуртай. Энэхүү эмнэлэгт ирж ажилласан өдөр нь өвчинтөнүүдийг асарч сувилах бус харин цэвэрлэгээ хийж эхэлсэн гэдэг. 

- Аравдугаар ангиа төгсөөд конкурс өгөх үед хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хуваарь бага орж ирдэг байлаа. Яг шалгалт өгөх үед миний хажууд сууж байсан нэг охин тэр үедээ л үнэтэйд тооцогддог таван төгрөгийн дэвтрийг өвдөг дээрээ тавьчихсан хуулаад л.  Би тэр охины өмнөөс их сандарч билээ. Тэр жил оноо дутаад тэнцээгүй л дээ. Харин дараа нь Сувилагчийн сургуульд орж 1980 онд төгссөн. Манай ангийн 33 оюутан “Гандангийн” эмнэлэг дээр 2 сар түргэвчилсэн сургалтанд сууж байлаа. 

Тэр эмнэлэгээс маш их зүйлийг мэдэж авсан. Төгссөн даруйдаа гурван сувилагчийг Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтанд орж байгаа эмнэлэгт ажиллуулахаар болж би ангийнхаа н.Бадамханд, н.Цэцэгсүрэнтэй хамт энэ эмнэлэгт ирж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байлаа. Хамгийн сайхан нь өнөөдрийг хүртэл гуравуулаа энэ эмнэлэгтэй ажиллаж байна даа.  

Будаг нь ханхалсан шинэхэн эмнэлгийнхээ анхны сувилагчдийн нэг болсон түүний хувьд хамт олон гэдэг гэр бүлээс өөрцгүй гэдгийг тэр үед л мэдэрсэн гэдэг. "Бидний хэн ч ямар ч алдаа гарах эрхгүй хичээж ажилладаг байлаа. Учир нь алдаа гаргавал тасгаараа, ээлжинд гарсан хүмүүс бүгд шийтгүүлж улиран ажилладаг байсан юм. Тиймээс маш хариуцлагатай, хамт олноо хөөдчихгүйг хичээж ажилладаг байсан шүү" хэмээн яг л тэр үедээ эргээд оччихсон юм шиг санагдаж байгаагаа дурсан ярьлаа. 

- Бид нар чинь их хариуцлагатай, тавьсан шаардлагыг бүгд биеүүлнэ. Ёстой нөгөө цэргийн командаар ажилладаг байлаа. Будаг нь ханхалсан шинэ байранд цэвэрлэгээ хийгээд цонх, шал, кордорыг нэг бүрчлэн цэвэрлэнэ. Энэ тэнд болсон будаг, шаврыг нь арилгах гээд л юмаар хусна, дахин дахин арчиж цэвэрлэнэ. Тэгж цэвэрлэгээ хийж байх үедээ л хамт ажиллах хүмүүстэйгээ танилцаад их дотно болцгоосон. Манай хамт олон их сайхан хамт олон байлаа. Хэрвээ би алдаа гарвал дангаараа үүрээд гарахгүй шүү. Цуг ээлжинд гарч байгаа хүмүүс цаашлаап тасагийнхан, ээлжийн дарга гээд бүх хүмүүст давхар хариуцлага тооцно. Шөнөжин ээлжинд гарчихаад улирч дахин гарна гэдэг маш хэцүү. Дээр нь хамт олноосоо их ичиж, дахин алдаа гарахгүйг хүн бүхэн хичээж ажилладаг байсан. Дарга удирлагын үгнээс гарна гэж байхгүй, урдаас нь тайлбар үг хэлэхээс айдаг байлаа. 

Ийнхүү П.Үржинханд эгчтэй "амттай" яриа өрнүүлж байх зуур хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд тасралтгүй орж ирсээр. Үржээ сувилагч эцэг эхчүүдэд хандан "Би та нарт дандаа хэлдэг. Амны хаалт /маск/ зүүж орж ирээгүй хүмүүс орж болохгүй шүү.

Энэ өрөөнд маш олон хүмүүс хүүхэд байна. Шинээр ирсэн, хуучин байгаа хүүхдүүд нэг нэгнээсээ ханиад авчих гээд хэцүү байдаг"  гээд л. Амны хаалтгүй ирсэн ээж охин хоёрыг өрөө рүү оруулахгүй буцаав. Тэгсэнээ "Энэ хүмүүс ер хүний үг авдаг хүн гэж байхгүй шүү.

Бидний үед эцэг эхчүүд их дэгтэй эмч, сувилагч нарын үгэнд жигтэйхэн ордог байлаа. Одоо бол үгүй шүү. Өөрийнхөө хүүхдийг өвтгөчихөөд эмч нар эмчлэх ёстой гэж ааш гаргадаг" хэмээв. Ингээд П.Үржинханд сувилагтай ажил амьдралынхана талаар ярилцлаа.

- Та яагаад хүүхдийн сувилагч болохоор шийдсэн юм бэ? 

- Бусад тасгуудыг бодвол чимээ шуугиан ихтэй хөл хөдөлгөөнтөй. Хүүхдүүд чинь цаанаа д нэг хөөрхөн шүү дээ. Өвчиндөө шаналаад ямар ч цог золбоогүй болсон хүүхдийг хараад өөрийн эрхгүй өрөвдөөд хайр хүрдэг. Аав нь сандарсан, ээж нь уйлсан, хүүхэд нь хүнд зориуртай үед хурдхан л энэ хүүхдийг эдгээж зүгээр болгох юмсан даа гэж бодогддог. Тэгээд хэдэн цагийн дараа нөгөө хүүхэд эмчилгээ сувилгаа аваад уурлаж, уцаарлахаа болиод, инээгээд, тоглоод явж байгааг нь харахад сайхан байдаг. Би дотрын тасаг, түргэн тусламж, хүлээн авах дээр ажиллаж үзсээн. Гэвч хүүхдүүдээ санаад, хүүхдийн дуу чимээ гарахаар манай хүүхдүүд байна гээд л баярладаг байсан болохоор төд удалгүй буцаад хүүхдийн тасагтай буцаад ирсэн. Заримдаа ачаалал ихтэй үед том хүнтэй хамт хүүхдүүдийг нэг дор байлгах үе байдаг. Тэгэхээр хүмүүс их сонин. Энэ хүүхдүүд чимээ шуугиантай байна. Танай хүүхдүүд ингээд байна. Тэгээд байна гээд л хов шив салахгүй шүү. /инээв/

- Хүүхдэд их хайртай байх нь ээ. Та өөрөө хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ?

- Би 2 охин 2 хүүтэй. Манай хүүхдүүд хоорондоо их ойрхон зайтай гарсан дэрсхэн өссөн. Ажлаа тараад очихоор хүүхдүүд маань борооны ус тосч тавьсан пошик руу ороод зогсчихсон тоглоцгоож байна шүү дээ. Хөгжилтэй зүйл их болноо. Бидний үед чинь ийм тийм гэж хэлээд ажил таслаж болохгүй. Ядаж байхад хүүхэд харах хүн олдохгүй. Хажуу айлын хүмүүс, ах дүү нараараа харуулна. Сүүлдээ бүр цэргээр хүртэл харуулдаг байлаа.

-Цэргээр хүүхдээ харуулдаг байсан гэлээ. Энэ тухайгаа яриач.

- Манай нөхөр цэргийн хүн л дээ. Бид хоёр хоёулаа ажилтай. 1981 онд айл гэр болж байлаа. Манай бага охин маань 1989 онд төрсөн. Тухайн үед би энэ эмнэлэгтэй ажиллаж байсан учраас 3 сарын цалинтай, 3 сарын цалингүй чөлөө аваад 6 сарын дараа ажилдаа орсон. Гэтэл хүүхэд харах хүн байдаггүй. Тэгсэн манай нөхөр нэг цэргийг авчирч ирээд охиноо харуулдаг байсан. Цэрэг асрагчтай байсан гэх үү дээ. Тэр цэрэг л охиныг маань өсгөж өгсөн шүү дээ. Анхандаа хүүхдийг минь цэргүүд харна гэхээр яах бол гэж бодогддог л байлаа. Гэвч сүүлдээ охин маань дасчихсан. Бантан хийж өгнө, хувцсыг нь угаана их сайн хардаг байсан шүү./инээв/ Одоо хүртэл тэр цэрэгтэй манай гэр бүлийнхэн холбоотой хааяа баяр ёслолын үеэр уулздаг. /Манай охины хамт авахуулсан зураг нь байдаг юм

- Та нөхрийнхөө тухай яриач цэргийн хүн гэсэн. Та хоёр хоёулаа эх орондоо тангараг өргөсөн гэр бүлийн хүмүүс байна.

- Манай нөхөр Архангай аймгийн Хашаат сумын хүн. н.Чимэддорж гэж хүн бий. Насаараа цэргийн байгуулагад ажилласан хүндээ  065-р цэргийн ангид цэргийн алба хааж, 228-р цэргийн анги, 013-р ангид “Автын засварчин” хийж байгаад 2006 онд тэтгэвэртээ  суусан. Хүүхдүүд маань тусдаа гарсан ач зээ нараа үзсэн сайхан амьдарч байнаа. 

- Та өөрөө хүүхдийн сувилагч болохоор хүүхдүүдээ ханиад барагтай бол хүргэдэггүй байсан болов уу?

- Огт ханиад хүрэхгүй хүн болно гэж байхгүй л дээ. Би чинь хүүхдүүдээ ханиад хүрсэн үед нь тоохгүй явсаар хүндрүүлж эмнэлэгтэй хэвтүүлж байсан хүн шүү дээ. Өөрийнхөө хүүхдүүдийг тоохгүй хэрнээ хүндхэн оноштой хүүхэд ирэнгүүт гэртээ харихгүй өдөр шөнөгүй сахидаг байлаа.Манай дөрвөн хүүхэд ёстой бор зүрхээрээ хүн болцгоосон доо. /инээв/. Маш хүнд зовиуртай ирж байгаа хүүхдийг хараад зүрх шимширч яаж хурдхан энэ хүүхдийг эмчлэх вэ гэж боддог. Одоо бол ирж байгаа хүүхдүүдийг хараад л онош тавьдаг болчихдог. Мэргэжлийн онцлог гэх үү дээ.

- Дээр үед сахиургүй хүүхдийн асрагч сувилагч гэж байлаа. Тэр үед гэртэй ч харихгүй нөгөө хүүхдээ сахиад л эмчилгээ сувилгааг нь хийгээд л усанд оруулж, тоглуулна. Хооллож ундлана. Ээж шиг асарч сувилдаг байлаа. Гэвч хүүхдээ эдгэрээд эмнэлгээс гараад явахаар нь дасчихдаг. Дараа нь санаад үгүйлнэ. Тэгээд л бусад сувилагч нартаа манай тэр хүүхэд тэгдэг, ингэдэг гээд л ярина. Манай эмнэлэгт хэвтэж эмчүүлж байсан хүүхдүүд одоо ээж аавууд болоод хүүхдээ аваад ирж хэвтэж байна. Өнөөдөр гэхэд Тогсоо гэдэг охин охинтойгоо хамт хэвтэж байх жишээтэй.

Үржээ сувилагч ярианыхаа дундуур хүүхдүүдэд утлага, массаж хийж байлаа. Энэ үеэр "Одоо үеийн залуучууд хүүхдээ хэрхэн асрах, ханиад томуунаас яаж сэргийлэх талаар мэдлэг маш хомс байна. Идэж байгаа хоол хүнс, агаар нөлөөлж байгаа ч гэлээ залуу ээж аавууд хүүхдээ эрхүүлж байгаа нь энэ гээд чихэр, жимс, ялангуяа газтай ундаа, чипс аль болох өгмөөргүй байгаа юм. Бусдыг хэлэлтгүй манай ач зээ нар бас л ялгаагүй энэ бүхнийг идэж байна. Эрүүл  шүдтэй хүүхэд гэж ер алга.  Ханиад хүрээд ирж байгаа хүүхдүүд заавал давхар эмчилгээтэй. Одоогоос 10-аад жилийн өмнө ийм байгаагүй. Харьцангуй хүүхдийн өвчлөлт бага байлаа. Дулааны улирал харшилын гаралтай өвчлөлт, суулгалт ихэсдэг. Харин өвлийн цагт ойлгомжтой ханиад томуу, хатгалгаа, гэх зэрэг 2-3 давхар эмчилгээтэй хүүхдүүд ирж байна шүү. Энд эмчүүлж байгаа хүүхдүүд бүгд л тийм байна"  гэв.  

- Та ер нь өдөрт хэдэн хүүхдэд эмчилгээ сувилгаа үзүүлж байна вэ?

-Энэ жил өмнөх жилийг бодвол энэ жил харьцангуй бага байна. Өдөртөө 40-50 хүүхдэд эмчилгээ сувилгаа үзүүлж байна. Ачааллын хувьд ойрын өдрүүдэд эмчүүлэгч хүүхдийн тоо 100 дотор байна. Маш их ачаалалтай үед 160 хүрэх тохиолдол байдаг. Манай эмнэлэг 74 ортой 74 хүүхэд хэвтүүлэх норомтой ч 100 гаруй хүүхдийг хэвтэн эмчүүлж байна.

Дахин  хэлэхэд эцэг эхчүүд хүүхдээ асар асаргаа маш муу байна. Хүүхдээ ханиад хүрэхээр нь үзүүлэхгүй явсаар бүр их хүндэрсэн үед нь эмнэлэгт авчирдаг. Мөн сүүлийн үед өрхийн эмч нар нярай болон бага насны хүүхдүүдийг гэрээр нь очиж үзэх нь багасчээ. Хуучин бол өрхийн эмнэлгүүд, төв эмнэлэгүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байсан учраас харьцангуй ачаалал бага байсан. Одоо бол өрхийн эмнэлгүүд биеэ даасан учраас эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа холдсон болов уу гэж боддог.

Хөл хөдөлгөөн, чимээ шуугиан, завгүй ажиллаж байгаа хүний дэргэд цаг хугацаа маш хурдан өнгөрч байлаа. Аль хэдийн үдийн цайны цаг болсон ч П.Үржинханд сувилагч цайндаа гарах нь битгий хэл ганц аяга цай, кофе ч ууж харагдсангүй.

Үржээ сувилагч: Одоо үдээс хойш 15 цагаас хойш хүүхдүүд тариагаа хийлгэчихээд унтдаг юм. Тэгэхээр ачаалал арай гайгүй болно доо. Үүний дараа тасгуудаар явж хүүхдүүдээ үзнэ. Утлага хийсэн аппаратдаа ариутгана. Эм тарианы хог хаягдалаа ялгаж ангилаж хаяна даа гэв. 

13 цаг 50 минут /Суурь тусламжийн өрөө/

Их ажлын дараа арай хийж бидэнд нүүр нүүрээ харж суун ярилцах завшаан гарлаа. 

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдэд аль болох эмгүй эмчилгээний аргаар эмчллэх болсон гэж сонссон. Та үзүүлж байгаа үйлчилгээнийхээ тухай яриач?  

- Тийм ээ. Бага насны хүүхдүүдэд аль болох антибиотик хэрэглэхгүй байх нь маш чухал. Манай эмнэлгийн хүүхдийн тасгийн суурь тусламжийн өрөөнд үзүүлж байгаа сувилахуйн тусламж үйлчилгээнд бага насны хүүхдүүдэд өглөө оройдоо утлага, шингэн сэлбэх давсны уусмал уулгах, бүх биеийн угаалга, хэсэгчилсэн угаалга, чих цэвэрлэх, ам цэвэрлэх, цацах, толгой угаах, клизм тавих, спиртэн арчилт хийх, халуун хүйтэн жин тавих, цэр соруулах, тогшилт массаж, зөгийн балтай татлага гэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

- Таныг энэ эмнэлэгт ажиллаж байх хугацаанд хэдэн удаа эмнэлгийн урдирдлагууд солигдсон байдаг вэ?

- Манай эмнэлгийн хамгийн анхны даргаар Ц.Алимаа гэж дарга байлаа. Үүний дараа Д.Цэрэндолгор, н.Долгормаа нар ажиллаж байсан одоо бол н.Бааст дарга ажиллаж байна. 35 жилийн хугацаанд дөрвөн даргын удирдлаган дор ажиллаж байсан.

- Та яг хэдэн онд тэтгэвэртээ гарсан юм бэ? Хэдий тэтгэвэрт суусан ч өнөөдрийг хүртэл хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажилласаар л байна?

- Би 2008 онд тэтгэвэртээ гарсан. Хүмүүс гайхаж магадгүй юм. Одоог хүртэл ажилласаар байгаад.  Би энэ байгуулагат бүх насаараа ажилласан. Миний ажил, амьдрал энэ эмнэлэгтэй салшгүй холбоотой. Тэтгэвэртээ сууя гэхээр эмнэлгийг удирдалгууд өвлийн энэ ачаалалтай үеийг давтал түр ажиллаж байгаа ч гэдэг. Тийм болохоор хамт олондоо дэм болоод сууж байна даа. Мөн шинээр ирж байгаа сувилагч нартаа өөрийн дадлага туршлагаа зааж өгч ажиллаж байна.

- Тэтгэвэртээ суусан хүмүүс сэтгэлээр унаж, ажил хамт олноо санах нь их байдаг гэсэн. Би одоохондоо ажиллаж байгаа болохоор сайн мэдэхгүй л байна. Мэдээж насаараа хийгээд сурчихсан ажил төрөл, хамт олноо санадаг юм шиг байна лээ. Манай эмнэлгээс  тэтгэвэрт гарсан хүмүүс нэг хэсэгтэй л ажил дээрээ гүйж ирээд л оройн тариаг би хийж өгнө шүү гээд хүрээд ирдэг байсан. Тэгэхээр нэг хэсэгтэй хэцүү байдаг нь үнэн байх. Би ч одоо тэтгэвэртээ сууж эмээгийнхээ ажлыг хийнэ дээ./инээв/

Сүүлийн үед хүмүүс "Баярлалаа" гэж хэлэх нь ховор болсон

Үржээ сувилагч ярианыхаа дундуур "Эмчилсэн хүүхэд маань эрүүл саруул болоод эцэг эх нь “Эмчдээ, сувилагчидаа баярлалаа” гэж хэлэхэд мэргэжлээрээ хамт олноороо бахарна шүү. Ер нь бид нар чинь  “Баярлалаа” гэдэг ганц үгэнд л хөөрчихдөг хүмүүс шүү дээ. Харин сүүлийн үед хүмүүс "Баярлалаа" гэж хэлэх нь ховор болсон шүү гэв.

Үнэхээр ч сүүлийн үед эмнэлгийн байгууллага муу ажиллаж байна. Тэнд тийм ёс зүйгүй байдал гарлаа гэх мэт энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн талаар муу мэдээлэл түгдэг.

Гэтэл тэдний нойр хоолоо хугаслан байж өвчнийг нь эдгээж байгаа тэдэнд талархалаа хэр их илэрхийлдэг вэ?  "Баярлалаа" гэдэг ганцхан үгэнд л урамшиж, тэрхүү сэтгэлээрээ бусдыг эмчилж эдгээж тэдэнд хэр их урам хайрдадаг билээ гэх бодол өөрийн эрхгүй толгойд зурвас хийлээ.

15 цаг 15 минут /Суурь эмчилгээний өрөө/

- Танай энэ эмнэлэг хотын төвөөс нилээн зайдуу. Өглөө оройдоо ажилдаа ирж очиход хүндрэлтэй байдаг уу? 

- Манайх 3 дугаар хороололд байдаг байсан. Тэр үед 2 автобус дамжиж явна. Их ачаалалтай, ээлжинд хоносон үед их ядарна. Өөрийн эрхгүй нүд анилдаад заримдаа автобусны буудал дээр автобусаа хүлээж байгаад унтчихсан байдаг/инээв/. Автобусанд суугаад явахдаа ч гэсэн яаж ч хичээгээд нэг мэдэхэд унтчихсан, буух ёстой буудлаасаа хэтрээд эцсийн буудал хүртэл явчихсан байдаг. Гэхдээ ажлын байран дээрээ унтана гэсэн асуудал ер байхгүй. Ер нь хүн хоол ундгүй үед хэд бол хэдэн өдөр явж чаддаг. Харин нойргүй явна гэдэг хэцүү шүү дээ.

- Эмч, эмнэлгийн ажилчдын цалин бага гэдэг. Яг сувилагчийн цалин хэдэн төгрөг байдаг юм вэ?

- Цалингийн хувьд бага байдаг шүү дээ. Одоо манай эмнэлгийн сувилагч нар 580 төгрөгийн цалин авдаг гэсэн. Ихэнх нь цалингийн зээл, банкны өртэй хүмүүс. Гэхдээ эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс цалин мөнгө гэхээсээ илүү хоёргүй сэтгэлээр ажиллаж тангарагтаа үнэнч зүтгэж яваа хүмүүс шүү. Сэтгэлээрээ ажилладаг хүмүүс байдаг.

Ийнхүү хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн Эрүүл мэндийн байгуулагын ажилтнууд хэн бүхнээс илүү эртлэн босч, өвчиндөө шаналаж байгаа өвчтөнүүдийнхөө зовлон шаналлыг хуваалцаж, өөрийн ар гэрийн амьдралаа хойш тавин цаг наргүй зүтгэж явна.  Эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг төр засгаас илүү их үнэлэх цаг хэзээ бол...? Үнэхээр л тэд Үржээ сувилагчийн хэлдэгээр "Баярлалаа" гэдэг үгээр өөрсдийгөө тэтгэж "Сэтгэлээрээ ажилладаг хүмүүс" юм даа. 

Ийнхүү манай энэ удаагийн сурвалжлагын гол баатар эзэмшсэн мэргэжилдээ үнэнч шудрагаар ажиллаж, монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл энхийн төлөө өглөөний ургах нарнаас үдшийн бүрий болтол бүх насаараа зүтгэж, хэлэх үгтэй, хийсэн бүтээлтэй, эгэлгүй нэгэн сувилагч байлаа. Сувилагч П.Үржинханд эгчийн адил хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа мянга мянган эмч, сувилагч нартаа эрүүл энх, ажил үйлст нь өндөрөөс өндөр амжилтыг хүссэн ерөөе.  

 

Сэтгүүлч: Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сүрэг
би ч гэсэн цэрэгт байхдаа хүүхэд харж л байлаа
2016/02/01 103.17.108.42
сүрэг
би ч гэсэн цэрэгт байхдаа хүүхэд харж л байлаа
2016/02/01 103.17.108.42
сүрэг
би ч гэсэн цэрэгт байхдаа хүүхэд харж л байлаа
2016/02/01 103.17.108.42
bayraa
Amjilt husi bichsen niitleliig ni urgelj unshdag shu
2016/01/29 103.17.108.42
Ёстой ойрд уншаагүй амтлаагүй нийтлэл байна би сэтгүүлч гэсэн шиг нийтлэл бичижээ.
2016/01/29 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment