8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн АШТ-ийг манай охид өнгөлөв

2018-03-03 15:00:00

Киргизийн Бишкект хотноо болсон чөлөөт бөхийн  насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс манай эмэгтэй бөхчүүд бүгд медалийн төлөө барилдаж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байрт шалгарсан байна.

Тухайлбал, 62 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болов. Тэрбээр 1/4 шигшээд Узбекстаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялав. Ийнхүү П.Орхон дөрвөн жилийн өмнө Астанад болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, тивийн аварга болж чадлаа.

Мөн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар мөнгөн медаль хүртлээ. Харин 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор нар хүрэл медалийн эзэд болов.

Эмэгтэйчүүдийн ангилалд 12 орны бөхчүүд өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй бөхчүүд 167 оноогоор дэд байр эзэллээ. Харин манай урд хөрш БНХАУ-ын бөхчүүд 6 алтан медальтай 185 оноогоор багийн дүнгээр тэргүүлсэн. Харин Япон улс 161 оноогоор гуравдугаар байрт орсон юм. Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл