УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзахаар болсон байна. Тодруулбал тэрбээр УИХ-ын даргад энэ тухайгаа албан ёсоор уламжлахаа мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд иргэн Б.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдож улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Хэргийн хохирогч болон нотлох баримт нь ил болсон ч Д.Гантулга гишүүн одоог хүртэл уг хэргийг үйлдээгүй гэх тайлбарыг хэлдэг. Түүний нэр холбогдсон хэрэг одоо прокурорын түвшинд шалгагдаж байгаа. Тэгвэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрбээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрт хүрсэн гэнэ. Өөрөө татгалзахаасаа илүүтэйгээр нам нь шахсан байх гэх мэдээлэл ч байна.
УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Ийм ч учраас Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан.
Түүний хувьд УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэгэхээр Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд түүний орны хүнийг сонгох нөхөн сонгууль Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нь.
Гэхдээ чухам УИХ-ын тойрогт хэн, хэн нэр дэших нь таамаг төдий байна. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар энэ тойрогт нэр дэвшихээр зэхэж байгаа гэнэ.
Д.Болор.