8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах тухай яриа гарч, БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл эхэлсэн өдөр

2018-03-05 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна.

Тоймоо хүргэхийн өмнө нэгэн таатай мэдээ дуулгахад Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Chuhal.mn сайтын зүгээс эрхэм уншигч та бүхэнд зориулан хайртай ээждээ, ханьдаа зориулсан чин сэтгэлийн мэндчилгээг хүлээн авч байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн хайртай ээж, ханьдаа зориулсан чин сэтгэлийн мэндчилгээгээ манай пэйж хуудсанд ирүүлнэ үү. /Ээжтэйгээ хамт авахуулсан зургийн хамт явуулна уу/ .Мэндчилгээ хүлээн авах хугацаа: 2018.03.07-ны 17:00 минут хүртэл хүлээн авна. 
Жич:Таны явуулсан мэндчилгээ мартын 8-ны  баярын өдөр нийтлэгдэнэ. Мэндчилгээ хүлээн авах хаяг: chuhal_mn@yahoo.com.  

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Эх сурвалж: Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах уу?

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзахаар болсон байна.Тодруулбал тэрбээр УИХ-ын даргад энэ тухайгаа албан ёсоор уламжлахаа мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд иргэн Б.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдож улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Хэргийн хохирогч болон нотлох баримт нь ил болсон ч Д.Гантулга гишүүн одоог хүртэл уг хэргийг үйлдээгүй гэх тайлбарыг хэлдэг.  Түүний нэр холбогдсон хэрэг одоо прокурорын түвшинд шалгагдаж байгаа. Тэгвэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрбээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрт хүрсэн гэнэ. Өөрөө татгалзахаасаа илүүтэйгээр нам нь шахсан байх гэх мэдээлэл ч байна. 

УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Ийм ч учраас Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан. 

Түүний хувьд  УИХ-ын  42 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэгэхээр Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд түүний орны хүнийг сонгох нөхөн сонгууль Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нь. 

Гэхдээ чухам УИХ-ын тойрогт хэн, хэн нэр дэших нь таамаг төдий байна. Тодруулбал  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар энэ тойрогт нэр дэвшихээр зэхэж байгаа гэнэ.

АТГ: Ш.Батхүү нарын гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй

“Жаст” группын эзэн Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж зээл авсан асуудал олны анхаарлыг татаж байгаа. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байгаа талаар хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Тус хэргийн  талаар өнөөдөр АТГ-аас байр сууриа илэрхийллээ.

“Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй.Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна” гэсэн байна.

 УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарт хилийн хориг тавьжээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх зэрэг мэдээлэл гарч байсан.УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, энэ сарын 01-ийн өдөр   ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарын өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийжээ. Эдгээр хүмүүсийг хэрэглээнээс гарсан хуучин вагоныг оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн байна. Тус шалгалтын үеэр  “ТМХС Монгол” ХХК-ын санхүүгийн тайлан, хамтран ажиллах гэрээ болон холбогдох бичиг баримтуудыг хураан авчээ. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд, “Трансмаш холдинг” компанийн охин компани болох “ТМХС Монгол” ХХК-ийн захирал нар хилийн хориг тавьсан байна.

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шалгалтын үеэр УБТЗ-д нийлүүлж байгаа вагон, тоног төхөөрөмж зэргийн үнийн тариф, УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор холбогдох бичиг баримтыг хураан авсан байна. ОХУ-тай хамтран ажиллах нэрийн дор их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

“МАХ СЕРВИС”ийн хиамнаас тамхины иш гарсан уу

“Мах сервис” ХХК-ийн үйлдвэрлэсэн хиамнаас тамхины иш гарч ирсэн байна. Энэ талаар  өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд нэгэн хэрэглэгч твиттер хуудаснаа жиргэснээс ил болсон юм. Тухайн иргэн тус компанийн хиамыг худалдан авч идэх үед ийм зүйл болсон аж. Харин энэ тухай компанийн зүгээс үнэн худал эсэхийг тогтоож хэлэх боломжгүй ч хүнсний аюулгүй байдлын зүгээс энэ нь ямар ч боломжгүй гэсэн мэдээлэл өгсөн гэдгийг эх сурвалж онцолжээ. Мөн тухайн иргэнийг өөрийн биеэр манай компани дээр ирж, хиам болон тамхины ишээ авчраад уулзах хүсэлт тавьсан. Тухайн хүн очиж уулзъя гэсэн боловч өнөөдрийг хүртэл ирээгүй байна" гэсэн тайлбарыг өгсөн гэнэ.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл эхэллээ

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.Үүнд:

  1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/
  2. Ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн
  3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн
  4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх
  5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй )
  • СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.

Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.



Д.Сумъяабазар: Д.Ариунболд ажлаа өгөөгүй. Өргөдлөө ч өгөөгүй

"Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаа өгөхөөр өргөдлөө өглөө хэмээх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас тодруулахад “Д.Ариунболд ажлаа өгөөгүй. Өргөдлөө ч өгөөгүй. Өчигдөр уулзсан. Ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулаад гарсан.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг солих, өөрсдийн хүнээ томилуулах сонирхол улс төрчдөд байхыг үгүйсгэхгүй” гэсэн хариултыг өглөө.

Хятадууд Монгол хэлийг минь өмчлөхөөр санаархаж байна

АНУ-д амьдардаг, Монголын иргэн Л.Мөнхтөрөөс Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд хандаж дараах шуурхай захидлыг илгээжээ.

ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд болон нийт гишүүд, ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нар, танаа

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээв үү?
Тавтай сайхан хаваржицгааж байна уу?

Жавар жанжин харьж, хавар цаг айлсан бүхий “Нөхөрсөг” хэмээх нохой жилийн тэргүүн, бар сарын шинийн 12-ний мэндийг хүргэж, Та бүгдийн амрыг асуун мэндчилье!

Түмнээ төлөөлж, төрөө төвшитгөх их ажилд тань түвэг удахгүй байя гэхнээ хойшлуулж болшгүй, онц чухал хэрэг гарсан тул арга буюу цахим өртөөгөөр энэхүү захидлыг яаравчлан илгээж, Та олны гэгээн мэлмийд толилуулан шийдүүлэхээр зориглов.

Учир юу гэвэл, ойрмогхон, дэлхий нийтийн бичиг үсгийн нэгдсэн, цахим стандартыг тогтоон, тэрхүү стандарттай холбоотой аливаа хэргийг дагнан хариуцдаг, Майкрософт, Гүүгэл, Адоб, Айпл, Оракл, САП, Ай Би эМ, Фэйсбүүк, Нетфликс зэрэг мэдээллийн технологийн “аваргууд”-ын нэгдэл болох Unicode Consertsium буюу Олон Улсын Бичиг үсгийн Стандартын Техникийн Хорооноос “-Хэрвээ, ирэх 4 сард багтаан өөрсдийн эцсийн, сайжруулсан хувилбараа ирүүлэхгүй бол бид БНХАУ-ын талын боловсруулсан “Монгол бичгийг график дүрслэлтэй болгох” төслийг дэмжиж, түүгээр шийдэх болно!” хэмээн “тулган шаардаж”, эл асуудлыг манай талаас сайн дураараа, чин сэтгэлээсээ хариуцан өнөөг хүртэл төрөөс ацаг хөлс нэхэлгүй ажилласаар ирсэн Болорсофт зэрэг байгууллага, бичиг үсгийн тиг, эх загвар зохиогч эрдэмтэн мэргэд, хувь уран бүтээлчдийн сэтгэлийг чилээж, санааг зовоож байгаа мэдээ бичиг соёлоо гэсэн сэтгэлтэй олныг сэртхийлгэж, тайван суухын аргагүй болголоо!

“Монгол бичгийг график дүрслэлтэй болгох” төсөл гээч нь юу вэ гэвэл дижитал буюу цагаантолгойтой хэлний нэг авианд нэг тэмдэгт оноодог тоон технологийн давуу тал ихтэй шийдлийг даган цахим орчинд саадгүй, шуурхай бичиж, чөлөөтэй хөрвөх боломжтой болсон монгол бичгийн юникод стандартыг бүрмөсөн устгаж, оронд нь өвөрлөгч ах дүү нарын маань өрөөлийн эрхэнд боловсруулсан өнөөх “график” гэх гэмгүй тодотголтой, үнэн чанартаа хятад ханзны дүрслэлд суурилсан загварт шилжүүлэх их гүрний захиалга, далд түрэмгийлэл, зөөлөн хүчээр манай, Монголын гэсэн юм бүхэнд эзэн суух гэсэн санаархалд үйлчилсэн шантааж юм! Хэрвээ тэдний хүслээр болох юм бол, мөхөс миний ухаж байгаагаар ганц Ү үсэг бичихийн тулд титэмтэй шүд, гэдэс, шилбэ гэсэн гурвын гурван тэмдэгт бичиж байж сая нэг юм бичиж барах ба тэр хэрээр компьютерт монгол бичгээр бичих хурд 3 дахин буурна гэсэн үг!

Үүнээс илүү хор хохиролтой нь юу вэ гэвэл Монгол хэмээх үндэстэн-улсын хэл соёлын дархлаа болсон, дэлхийд ганцхан босоо монгол бичиг, өвөг дээдсийн өвлүүлсэн, мянгаас хол илүү жилийн түүхтэй гайхамшигт өв соёл маань цахим орчинд замхран, хятад ханзны хавсарга маягтай болж, нийт монгол үндэстний хувьд нөхөшгүй гарз хохирол учирч, түмэн үедээ харамсаад ч баршгүй явдал болно. Ийм гутамшигт явдлыг гаргуулахгүйн тулд Та бүгдээр энэ хэрэгт онцгойлон анхаарч, туйлын няхуур хандан, дээр дурдсан байгууллага, хувь хүмүүсийн төлөөллийг хүлээн авч уулзан, тэдэнд тулгарч байгаа санхүү мөнгөний гачаалаас салгаж, өөр ажилд сатааралгүй, зөвхөн энэ ажлыг бүтээх багийн нийт 6-7 хүнийг төрөөс дор хаяж 3 жилийн хугацаанд уг асуудлыг тогтворжуулж, бүрэн шийдтэл тусгайлан цалинжуулж, Юникод-ын бүрэн эрхт гишүүн байгууллагын 3 жилийн эрхийн хураамж, АНУ-д болох 5-6 хуралд тогтмол оролцох, нэг хурлыг Улаанбаатарт зохион байгуулахад нийт 1.5 тэрбум төгрөгийн зардлыг шийдэж, үүнээс эхний ээлжинд ирэх 4 сард АНУ-ын Сан Хосе хотод болох Юникодын Техникийн Хорооны хуралд оролцож, шийдлээ танилцуулахад гарах өргөдлийн хураамж, 2 хүний ирэх, буцах нислэг, зочид буудал, хоол, унааны зардалд 75 сая төгрөгийг (Ерөнхийлөгчийн багц, Засгийн газрын нөөц хөрөнгө, БСШУСЯ-ны сайдын багц дахь болзошгүй зардал… болон бусад боломжит эх үүсвэрээс яаравчлан бүрдүүлж), тэдэнд хийх ёстой ажил – сайжруулсан, эцсийн хувилбар-аа энэ ганцхан сар хүрэхгүй хугацаанд, чанартай бүтээж амжуулах улсын тусгай даалгавар өгч, зүйл бүрээр тэтгэн тусалж, энэ чухал үйл хэргийг гүйцэлдүүлнэ үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.

Ажлын биелэлт, мөнгөний зарцуулалтад хяналт тавьж, хариуцах эрх бүхий 1 хүнийг ерөнхийлөгчийн тусгай элчээр томилон хамт явуулбал зохих болов уу.

Өр, зээл, утаа, шатахуун, цалин мөнгө, авлига, офшор… гээд шийдэх асуудал, хийх ажил өч төчнөөн, хөрөнгө мөнгө хомс, эдийн засаг хүнд байгаа ч гэлээ яг энэхэн цаг үеийн, хожим хойно нь гарч болох хор хөнөөл, үр дагаварыг нь төсөөлөхөд бэрх, хойш тавилгүй шийдвэл зохих чухал асуудал гэвэл энэ л байна!

Хятадууд урьд өмнө нь өвөрлөгч ах дүү нараар маань барьцаалан манай өв соёлын охь манлай болсон уртын дуу, морин хуур гээд гялайх гялтайх бүхнийг маань “хамтран” эзэмшсэн. Одоо монгол бичгээр дамжуулан монгол хэлийг маань өмчлөхөөр санаархаж байна!

Өдийг хүртэл өвөрлөгч ах дүү нар маань бидэнтэй хамтран ажиллаж, монгол бичгийн юникод-цахим стандартаа чадлынхаа хэрээр хөгжүүлсээр ирсэн боловч, дээрх байгууллагын тулган шаардалтад хүчин мөхөстөж, их гүрний эзэн эрхэд баригдаад яах ч аргагүй байдалд орчхоод байна. (Жич: Та бүхэн шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж, ҮАБЗ-ийг хуралдуулж ч болох юм.)

Тавхан хоногийн өмнө бид дэлхий даяараа “Олон улсын эх хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн ба тус өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулэй хэлэхдээ, “…- Өнөөдөр ЮНЕСКО нь олон улсын Эх хэлний өдрийг 19 дэх удаагаа тэмдэглэж байна. Хэлийг хамгаалах, дэмжин сурталчлах үүрэг, амлалтаа эргэн санах өдөр. Хэл нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгүй, хүн төрөлхтний оршин тогтнохын үндсэн нөхцөл юм. Бидний үнэт зүйлс, бидний итгэл үнэмшил, бидний хэн болохыг тодорхойлдог зүйлс бүгд хэлэнд шингэсэн байдаг. Бид өөрсдийн туршлага, өв соёл, мэдлэгээ хэлээр дамжуулдаг…Бидний үйл ажиллагаандаа сая сая залуусын оюун ухааныг төлөвшүүлэгч эх хэлийг онцгойлон анхаардаг. …Түүнчлэн, олон нийтийн газар болон олон нийтийн цахим сүлжээнд эх хэлээ ашиглахыг онцгойлон зөвлөж байна. …” гэж онцлон дурджээ.

Тэгвэл тэрхүү эх хэлийг биежүүлэгч, түгээн дамжуулагч хэрэгсэл нь үндэсний бичиг үсэг билээ. Та бид хүн төрөлхтний халуун ам бүлийн нэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувиар Монгол Улс, монгол үндэстэн оюун санаа, хэл соёлоороо тусгаар оршин тогтнохын үндэс болсон монгол хэл, түүний удмын санг хадгалагч монгол бичгээ хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нэн эрхэм бөгөөд хэнд ч ацаглаж, хэзээ ч хөсөрдүүлж болохгүй хүнд үүрэг хүлээцгээсэн улс билээ. Энэхүү үүргээ гүнээ ухамсарлаж, цаг үеийн тулгасан хатуу сорилтыг даван туулж, нэр төртэй биелүүлж чадаж гэмээнэ та бид нийт монгол үндэстний өвөг дээдэс, өнөө хийгээд өнө хойчийн өмнө дараачийн хэдэн мянган жилд ч үл мартагдах баатарлаг нэгэн гавьяаг хамтдаа байгуулах бус уу?!

Ийм л үйлсэд үндэстнээрээ, улсаараа нэгдэж ажиллахгүй бол өөр юун дээр нэгдэх билээ бид!

Үүний тулд машид хичээнгүйлэн үйлдэх болов уу хэмээн төр түшиж, засаг барьж буй эрхэм Та бүхэнд гүнээ итгэж, гадаад дахь монголчуудаа төлөөлөн энэхүү ил захидлыг илгээв. Захидлын хариуг хуульд заасан хугацаанд, “Төрийн мэдээлэл” сэтгүүл, МҮОНРТ болон олон нийтийн бусад хэрэгслээр нийтэд ил тод өгнө үү.

Төр төвшин, түмэн олон амгалан байж, хэл, бичиг, өв соёл маань мөнхөд дэлгэрч, Монгол Улс маань үүрд орших болтугай!

Хичээнгүйлэн гуйж, ёсолсон: 

Өндөрүүд Лувсанжамбаагийн Мөнхтөр

Лос Анжелес хот, АНУ

 Мөсний баяраар хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Хөвсгөл аймагт жил болгон зохион байгуулагддаг "Хөх сувд-2018" мөсний баяр өчигдөр  эхэлсэн билээ. Уг баяр нь жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.Тэгвэл тус баярын эхний өдөр буюу өчигдөр  нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Мөсний баярын үеэр хэд хэдэн машин хоорондоо мөсөн дээр мөргөлдсөн хэрэг гарсан байна. Үүний улмаас нэг хүн  машинтайгаа мөс рүү цөмөрч амиа алдсан алджээ. 

У.Хүрэлсүх: Бүтээгчдийг төрийн дарамтаас өмгөөлнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар яг одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож байна. Одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ татварын дарамтыг бууруулах талаараа хэлж байсан. Тэгвэл 50 сая төгрөгөөс доош орлоготой ААН-үүд жилдээ дөрөв биш нэг удаа тайлан гаргаад  10 хувь биш 1 хувийн татвар төлөөд явах татварын багц хуулийг  хаврын чуулганд өргөж барьж хэлэлцүүлэх гэж байгаа аж. Харин өнөөдрийн  уулзалтаар татварын дарамтыг хэрхэн бууруулах талаараа танилцуулж байна.

Татварын шинэчлэлийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийхдээ  "Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан улс орны хэмжээний хэлэлцүүлгийг эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Та бүхэнтэй эхлүүлж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр эхлүүлж байгаататварын хуулийн хэлэлцүүлэгт татвар төлөгч, бизнес эрхлэгч Та бүгдийнгаргах санал зөвөлгөө үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин төлвөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтлах болно.

Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална. Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье.

Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна. Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байна.

Учир иймд эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байна.

Бид шударга татвар төлөгчид, ажил олгогчдоо дэмжинэ. Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно. Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татвар-ын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ. Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.  

Мөн Монгол Улс Татварын зорилгоор мэдээлэл солилцоо, ил тод байдлын олон улсын форум, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрт элсэн орсныг Та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдох өөрийн улсын татварын хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын татварын шилдэг туршлага, стандартуудыг татварын хууль тогтоомжид тусгалаа. 

  1.  Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.
  2. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг л удаа татварын тайлан гаргах сонголтыг олгоно.
  3. Татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг нь хааж, бизнесийг гарах гарцгүй болгох, улмаар бизнесийг нь дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдахад хүргэж байгаа явдлыг таслан зогсооно. 
  4. Бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд, цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно.
  5.  Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татвар-ын хувийг бууруулна.
  6.  Татварын өр төлөх хугацаа 2 сар байсныг 2 жил хүртэл болгож бизнесийнхнээ дэмжинэ гэлээ. 

Угаартсан иргэний амийг аварчээ

Энэ сарын 04-ний шөнийн 02 цаг 10 минутад Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.  

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байжээ.
Аврагчид утаанд угаартсан  иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан юм.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраалаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment