Найзындаа хонохдоо охин дүүг нь хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга тун удахгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж магадгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж эхэллээ.
Түүнийг хүчирхийлэл үйлдсэн эсэхийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч эцсийн хариу гараагүй байна. Тодруулбал, түүний нэр холбогдсон хэрэг прокурорын шатанд шалгагдаж байна. Прокуророос саяхан мэдээлэл хийхдээ, хохирогчийн биеэс илэрсэн эр бэлгийн эс УИХ-ын гишүүн Д.Гантулгынхтай таарсан гэсэн билээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга "Намайг гүтгэж байна" гэх үгээ л хэлсээр.
Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "Би дотуур хувцсаа өмсөөд гарсан" гэж хэлснээс болж насан туршдаа "бандааш" хочтой болсон түүнийг гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх өргөдлөө өгсөн эсэх талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон "Гантулга гишүүн ямар нэг өргөдөл ирүүлээгүй байна" гэх хариултыг өглөө. Хэдийгээр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон ийм хариултыг өгч буй ч түүнийг тун удахгүй өргөдлөө өгөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байгаа юм.
Ямартай ч Д.Гантулга гишүүн МАН-аас нэр дэвшиж сонгогдсон учраас бүрэн эрхээсээ татгалзах эсвэл түтгэлзэх шийдвэрийг бие даан гаргах эрхгүй, заавал намынхаа удирдлагуудтай ярилцах учиртай. Харин энэ удаа нам нь түүнийг гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзүүлэхээр шахаж буй сурагтай.
Хэрвээ Д.Гантулга гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалзвал түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. Харин эсрэгээрээ түтгэлзвэл нөхөн сонгууль болохгүй юм. МАН-ынхан Д.Гантулгыг түтгэлзүүлээд сонгууль зохион байгуулахгүй байх тактикийг боловсруулж буй сураг байна.
Учир нь тэдэнд нөхөн сонгууль зохион байгуулах сонирхол байхгүй бөгөөд энэ нь өөрсдөд нь ашиггүй гэж үзэж байж мэдэх юм. Учир нь Хэнтий аймагт нөхөн сонгууль болбол МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Б.Гарамгайбаатар нарын хүмүүс нэр дэвших магадлал өндөр. Тэр тохиолдолд МАН-д итгэх итгэлээ алдсан иргэд МАН-ын нэг суудлыг өөр намд өгч мэднэ. Тиймээс нөхөн сонгууль явуулахгүй байх хувилбарыг сонгож мэдэх юм. Үүний оронд Д.Гантулга гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлээд хэргийг нь 2020 он хүртэл сунжруулан шалгаад, шийдсэн болоод өнгөрч мэднэ. "Муу нэр, муухай зүстэй" нөхөртөө хариуцлага тооцсон болж ч харагдах давуу талтай.
Гэхдээ Д.Гантулга хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхээсээ татгалзаж байж шалгуулах шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн байхдаа ч хууль хяналтынханд шалгуулж болох заалтыг Үндсэн хуулийн цэц сэргээсэн гэх тайлбарыг УИХ-ын зарим гишүүд өгч буй.
Гэхдээ уг тайлбараас илүүтэй МАН-д бүтэхгүй нөхрөөсөө холдож нэрээ цэвэрлэсэн нь цаашдын улс төрд хэрэгтэй болов уу.