8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 онд Монгол Улсаас ЮНЕСКО-д гурван өв бүртгүүллээ

2018-03-06 14:01:00

Монгол Улсаас 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвд батламж гардуулах ёслол өнөөдөр ГХЯ-ны Номин танхимд боллоо.Өнгөрсөн 2017 онд манай улс  ЮНЕСКО-ийн баримтад өвийн жагсаалтад 3 соёлын өв бүртгүүлсэн байна. Тодруулбал,

Бүртгэгдсэн соёлын өв:

  1. Дэлхийн байгалийн өвд "Дагуурын Ландшафт"
  2. Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад  "Данжуурын гэрэлт хөшөө"
  3. Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад "Уул овоо тахих Монгол зан үйл"

Дэлхийн байгалийн өвд "Дагуурын Ландшафт"

Монгол Улс ОХУ-тай хамтран "Дагуурын Ландшафт"хил  дамнасан байгалийн өвөөр 2017 оны долдугаар сарын 07-ны өдөр  ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Дагуурын чийглэг хээр тал нь том жижиг нуур, цөөрөм, гол горхи, намгархаг газар бөгөөд Зүүн Өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүдэллэдэг халуун орны усны болон эргийн шувуудын өндөглөдөг зусдаг өвөрмөц онцлогтой бүс нутаг учир биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ихээхэн ач холбогдолтой аж.

"Уул овоо тахих Монгол зан үйл"

"Уул овоо тахих Монгол зан үйл" өвийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Ингэснээрээ даяаршлын нөлөөгөөр тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан гэмтэх, улмаар үгүй болох аюулаас хамгаалахын сацуу уламжлалт зан үйлээ өвлөн авч үлдэхэд ач холбогодолтой юм. Тахилгат газар нь байгалийн онгон дагшин газар төдийгүй ард түмний дунд урт хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн соёлын өв, ёс заншил, зан үйл зэргийг өөртөө шингээсэн байгаль соёлын хосолсон чухал өвийн илэрхийлэл юм.Уул овоо тахих зан үйлийг судлахад эрт цагт бөөгийн ёсоор тахиж ирснийг 16 дугаар зууны үеэс буддын шашны зан үйл болгон хөгжүүлж ирсэн түүхтэй.

"Данжуурын гэрэлт хөшөө"

Монголчууд эрт үеэс хад чулуу , хөшөө дурсгал дээр түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн бичиж, хойч үедээ үлдээсээр ирсэний тод жишээ нь Данжуурын боржин гэрэлт хөшөө юм. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр "Данжуурын гэрэлт хөшөө"-г ЮНЕСКО Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтдаа бүртгэн авсан байна.

Д.Цогтбаатар:  ЮНЕСКО-д бүртгүүлж авна гэдэг нь “Монгол соёл юм шүү” гэдэгээ баталгаажуулж байгаа юм

Монгол Улсаас 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвд батламж гардуулах ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Жил ирэх тусам ЮНЕСКО-д бүртгүүлж байгаа соёлын биет бус өв, байгалийн өвийн тоо нэмэгдэж байгаа. Хамгийн чухал нь ЮНЕСКО-д бүртгүүлж авна гэдэг нь “Монгол соёл юм шүү” гэдэгээ баталгаажуулж байгаа юм. Нөгөө талаасаа тусгаар тогтносон Монгол улс гэдэг чинь олон  юмны нийлбэр дээр бүрдэж байгаа зүйл. Зөвхөн газар нутгаас гадна хүн ард нь өвөрмөц соёлтой байсан. Үүнийгээ бүртгүүлнэ гэдэг нь Тусгаар тогтнолын бас нэг баталгаа юм. Энэ утгаараа чухал ач холбогдолтой. ЮНЕСКО-д манай улс  Дэлхийн байгалийн өвд "Дагуурын Ландшафт", Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад  "Данжуурын гэрэлт хөшөө", Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг бүртгүүлж чадлаа. Энэ бүгд Монголын суурь соёлтой холбоотой. Жишээ нь Уул овоо тахих Монгол зан үйлийг бүртгүүлнэ гэдэг амаргүй ажил байсан. Үүнийг бусад улс ойлгоход хэцүү. Харин Монгол Улсын тусгаар тогтнолын хувьд “Уул овоо тахих Монгол зан үйл” чухал ач холбогдолтой. Хэрэв Монгол нутгаас өөр газар явж байгаад өөрийн нутагт ирэхэд уул овоог тахисан газраас эхлээд нүүдэлчдийн хяналтад байдаг нутаг дэвсгэр эхлэж байна шүү гэсэн дохио тэмдэг байсан. Уул овоо тахих ёс нь гэр рүүгээ буцах газрын зураг тэмдэглэгээ ч байсан. Өнөөдөр бидэнд хэрэглэгдэхгүй зан үйл боловч тухайн үедээ Монголчуудын оршин тогтнохын баталгаа болсон нарийн зан үйл байсан” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл