8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүдийн 97.5 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэжээ

2018-03-06 17:00:00

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах,  туршлага солилцох, шинэ санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилго “Нэг зорилго-Нэг дуу хоолой” эмэгтэйчүүдийн эрхийн мэдээллийн яармаг гурав дахь “Holiday Inn” зочид буудалд гурав дахь жилдээ болж байна.

"Монголын эмэгтэйчүүдийн сан"-гаас зохион байгуулж буй энэхүү яармагт 21 аймаг, Улаанбаатар хотод 99 төрийн бус байгууллага оролцож, харилцан туршлага солилцож байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн зөрчиж буй асуудлуудын талаар хийсэн судалгааг танилцуулж, түүнийг шийдвэрлэх боломж, гарц, гаргалгааг хэлэлцэж буй юм. Тухайлбал хөдөө орон нутгаас шилжиж ирдэг эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг асуудлын талаар “Гүнж” төвийхэн судалгаа хийж гарын авлага гаргасан байна. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засагт эзлэх байр суурийн талаар “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ноос судалгаа явуулжээ.

Энэ үеэр “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллага”-ын мэргэжилтэн Д.Даваадулам, “Манай ТББ нь ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг нийгэмд бий болгох, олон нийтийн хандлагыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголд таван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа бий. Мөн 2016 онд цахим хуудсаар дамжуулан 17-70 насны  753 хүнийг хамруулсан судалгаа явуулсан. Судалгаанаас хамрагдсан хүмүүсийн  97.5 хувь нь эмэгтэйчүүд, 2.5 хувь нь эрэгтэйчүүд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэсэн хариулт өглөө. Үүнээс харахад ажлын байрны бэлгийн дарамт эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн хувьд ч тулгамдсан асуудал юм. Олон улсад ажлын байрны бэлгийн дарамтыг эмэгтэйчүүд, охидуудын эрхийг зөрчсөн ноцтой гэмт хэрэг гэж үздэг тул энэ чиглэлд бие даасан хууль гаргасан байдаг. Иймээс манай байгууллага ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан зохицуулах компанит ажлыг өрнүүлнэ. Энэ хүрээнд  ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хэрхэн сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг заалт оруулах саналыг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлэх юм” гэлээ.

Түүнчлэн жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, хохирогчийг хамгаалах, эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байгааг яармагт оролцож буй ТББ-уудын төлөөлөл хэлж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл