Өчигдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудлын хажуугийн өргөтгөлд гал гарсан билээ. Гал гарсан тухайд "Шангри-Ла Улаанбаатар"-ынхан хэдийгээр үгүйсгэж байсан ч Онцгой байдлынхан нотолсон юм. 11.50 цагийн үед гал гарсан гэх дуудлага хүлээн авсан бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар ангийн гурван тасаг, 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж галыг унтраасан. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ зарим сонины мэдээлж байгаагаар “Өнөөдөр тус барилгын цахилгааныг холболтыг албаны хүмүүс шалгах гэж байсан. Тиймээс хорлон сүйтгэх зорилгоор гал тавьсан байж болзошгүй” гэжээ. Гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, Хордлогын яаралтай төвд хүргэгдсэн байна. Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очжээ. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн угаартсан байсан, тэдэнд эмчилгээ хийсэн хэмээсэн байна.
“Шангри-ла” зочид буудалд хорлон сүйтгэх зорилгоор гал тавьсан байж болзошгүй
2016-01-29 09:32:00