8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Улсын хэмжээнд 710 мянган толгой мал хорогдож, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын концессын шалгаруулалтыг хүчингүй болгосон өдөр

2018-03-07 18:45:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл нарыг "хөөжээ"

Ардчилсан нам энэ сарын 5-ны өдөр ҮБХ-ндоо ротаци явуулжээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд 118 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноосоо хассан байна. 

Тэдний дунд Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр байна. Тэднийг жилийн 3 сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай  гэсэн үндэслэлээр хасчээ. Харин тэдний оронд С.Эрдэнэ даргын хүмүүс орсон хэмээн АН-ын гишүүд ярьж байна. 

Энэ талаар Б.Баабар өөрийн цахим хаягт “Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ” хэмээн жиргэжээ.

Танилц: Татварын хуульд ийм өөрчлөлтүүд орно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гаригт иргэд, бизнес эрхлэгчид, аж, ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж татварын багц хуульд томоохон өөрчлөлт оруулах гэж буй талаараа мэдээлсэн. Тодруулбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа аж. 

Энэ нь эцэстээ аж, ахуй нэгжүүд болоод иргэд, бизнес эрхлэгчдэд очих татварын дарамтыг бууруулах зорилготой гэж буй. Тодруулбал, бичил, жижиг бизнес эрхлэгчдийн татвар ногдуулах ажиллагаа болон татварын тайлагналыг хялбаршуулна мөн тайлангийн алдааг нэг жилийн дотор засах боломж олгоно, өр төлөх хугацааг уртасгана, эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй гэх мэт олон давуу тал бий болж байна. 

Тэгвэл татварын багц хуульд чухам өөрчлөлт орох гэж буй талаарх мэдээллийг хүргэе. 

 Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуулийг л шинэчлэхэд томоохон хэд, хэдэн дэвшилт гарна гэж хууль санаачлагчид үзэж буй аж. Тодруулбал,  зээлийн хүү буурах, гаднаас шинэ эх үүсвэр татах боломж нээгдэх аж.  Энэ хуулийн хүрээнд дараах таван төрлийн татварыг өөрчлөхөөр төлөвлөж байна.

1. Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийн татварыг 15 хувь болгох

2. Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 хувь болгох

3. Банкны зээлээр хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварын 5 хувь болгох

4. Х тайлантай аж ахуй нэгж улиралд 60 мянган төгрөгийн татвар төлөх

5. Эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцож татвар авдаг байсныг олсон ашгаас 10 хувиар авдаг болгох 

Мөн  Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуульд таван шинэ нөхцлийг бий болгохоор төлөвлөж байна.

1. Барилга байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулах

2. Нэр томъёоны тодорхойлолтуудыг өргөтгөх

3. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болох

4. Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасч тооцох

5. Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлэх зэрэг багтжээ. 

Нобелийн шагналтнуудын уулзалтад Монголоос доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул  нар оролцоно

Энэ жил Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас АШУҮИС-ийн багш, залуу судлаач, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул  нар оролцохоор сонгогджээ. Ирэх зургадугаар сарын 24-29-ний өдрүүдэд Констас нуурын эрэг дээр болох энэхүү уулзалтад 35 хүртэлх насны 600 шилдэг оюутан, докторант, залуу эрдэмтэд оролцох юм байна. Анагаах ухаан, физиологийн чиглэлээр зохион байгуулагдах өнөө жилийн уулзалтад 84 орны төлөөлөл  оролцох бөгөөд анагаах ухааны чиглэлээр анх удаа Нобелийн шагналт 43 эрдэмтэн ирнэ гэдгээ мэдэгджээ.    

Линдаугийн Нобелийн шагналтны уулзалтыг Зохион байгуулах зөвлөлийн Ерөнхийлөгч, хатагтай Коунтэс Беттина Бернадотте: “Энэ зун шилдэг судлаачдынхаа залгамж халааг дахин нэг удаа урих болж байна. Бид 80 гаруй үндэстний төлөөллийг Линдауд нэгэн дор ирүүлж, залуу үеийнхэн маань санал, бодлоо идэвхитэй солилцохоос гадна үндэстэн хоорондын хил хязгааргүй уулзалт болохыг онцлон тэмдэглүүштэй юм. Ялангуяа залуу судлаачдын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаад талархаж байна” гэжээ.  
 
Дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 130 гаруй байгууллага-академиуд, их сургууль, сангууд өөрсдийн дотоод шалгаруулалтын үндсэн дээр энэ уулзалтад оролцогчдыг сонгож, томилон ирүүлжээ.  Берлин дэх Чаритын их сургуулийн нян судлал, дархлаа судлалын профессор бөгөөд Макс Планкийн Халдварын биологийн хүрээлэнгийн захирал, профессор Стефан Кауфман Н.Е.: “Миний хувьд сонгон шалгаруулалтыг хүндхэн болгосон ийм олон чадварлаг залуусаас уулзалтад оролцох төлөөллийг үнэлж сонгосондоо баяртай байна” гэжээ. Профессор Стефан Кауфман Н.Е. бол Зөвлөлийн гишүүн бөгөөд уулзалтыг даргалах хоёр эрдэмтний нэг, Линдаугийн уулзалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах давхар хариуцлагыг хүлээсэн хүн юм.  
 
Уулзалтын үеэр Нобелийн шагналтнууд оролцогчдын асуултад хариулж, залуу судлаачид өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон эрдэмтдийн төлөөлөлд танилцуулах юм байна. Линдаугийн уулзалтад 2017 онд шинээр Нобелийн шагнал хүртсэн гурван эрдэмтэн оролцох болно. Тэд бол “Дотоод цаг” бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн биологч Майкл Росбах, Майкл Янг болон Герман-Америкийн химич Иоахим Франк нар юм. “Дотоод цаг”-ийн зэрэгцээ Линдаугийн 68 дахь уулзалт дээр ярилцах нэг гол сэдэв бол “Үнэнийг тогтоосны дараа л нийтлэх эрин” буюу ген заслын эмчилгээтэй холбоотой эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн тухай байх юм байна. Линдаугийн Нобелийн шагналтантай хийх уулзалт анх 1951онд болсноос хойш залуу судлаачид туршлага солилцох, харилцаа холбоо тогтоохыг нь болон тэдний хүсэл тэмүүллийг дэмжиж ирсэн уламжлалтай.
 

Хилээр хар тамхи оруулж ирж зардаг хоёр залууг баривчлав

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ сарын 5-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.

Саяхан тус газрынхан ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран Цагдаа, дотоод цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохдыг ашиглан мансууруулах бодис хадгалж байсан залуусыг баривчилсан байна.

Тодруулбал, 28 настай М, 33 настай Ш нар “мөс” хэмээх бодисыг хилээр оруулж ирэн, баар цэнгээний газруудад залууст борлуулдаг байсан хэрэгт сэжиглэгдэж буй юм. Тэднээс жижиг уутанд хэмжин савласан хар тамхийг эд мөрийн баримт болгон хураан авч, цагдан хорьжээ.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцааны бүртгэлийг цэгцлэх явц дуусах шатандаа явж байна

УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг нээлттэй арилжих тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ, хувьцаа эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ногдол ашиг хуваарилах боломжийн талаар асуусан байна. Түүнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дараах хариултыг өгчээ.

Улсын хэмжээнд 710 мянган толгой мал хорогджээ

-Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээ-

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.  ЦУОШГ-аас гаргасан үнэлгээгээр Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай, 14 аймгийн 41 сум “Цагаанаар зудархуу” байна.

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ. Үүнээс хамгийн их малын хорогдолтой  Ховд (87218), Увс  (25098),  Хөвсгөл (11483), Хэнтий (28077) аймгууд байна.

Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс ган, зудын эрсдэлийн мэдээг үндэслэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15000 боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн байгууллагын дэмжлэгтэйгээр “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж, малын эрдэс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сан”-гийн “Ганд нэрвэгдсэн бүс нутгийн малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах эрт арга хэмжээ” төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Сантмаргац, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг сумын зорилтот бүлгийн 504 малчин өрхийг хамруулан тооцож нийт 68.845.820 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлээд байна.

Цаашид яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, мэргэжлийн ангийн уялдаа холбоог сайжруулах, ус, дулаан хангамж, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, улсын болон орон нутгийн чанартай зам, даваанд үүрэг гүйцэтгэх зам арчлалтын компаниудын бэлэн байдлыг хангуулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжилтийг тухай бүр ханган ажиллаж байгаа аж. 

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг ахин нягтална

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-д 13 настай амь насаа алдсан хэргийн шүүх хурал өчигдөр нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүхээс  эл хэрэг гарсан зочид буудлын ажилтан, хуулийн этгээдийг хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар бага насны хүүхэд амь насаа алдсан тус газар нь архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн гэх үндэслэлээр буруутгаад байгаа аж. Одоо уг хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад ийнхүү буцаан шалгаж хэргийг нягтлахаар боллоо. 

Д.Жавзандорж Буддын гүн ухааны хамгийн дээд цолыг хүртэж буй нь талархууштай

Монгол лам буддын гүн ухааны дээд цол болон  "Лхаарамба" цолыг Ардын хувьсгалаас хойш анх удаа Д.Жавзандорж гэх лам хүртжээ. Д.Жавзандорж лхаарамба нь Энэтхэг улсад 20 жил суралцаж, буддын гүн ухааны зургаан жилийн их шалгалтад дөрвөн жил эхний байрт орж, хоёр жил хоёрдугаар байр эзлэн зургаан жилийн нийлбэр дүнгээр буддын гүн ухааны цол Лхаарамба цолыг хамгаалжээ.Энэ талаар Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн дэд хамба, Лхаарамба Д.Жавзандоржийн шавь Н.Цамбанүрдэвтэй цөөн хором ярилцлаа.

-Ардын хувьсгалаас хойш анх удаа Лхаарамба цолыг Монгол лам хүртсэн гэсэн. Энэ ямар учиртай цол вэ?

-Өнөөгийн нийгэмд гэгээ татуулсан сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Манай багш Д.Жавзандорж дээдэс маань мэргэдийн орны мэргэн болж оройд нь гарлаа. Бурхны шашин дотроо таван бага ухаан, таван их ухаан гэж байдаг. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтад орох эрх авдаг. Энэтхэгт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн найман сургуулийн 10,000 орчим лам бий. Үүнээс шилэгдсэн лам нартай бүтэн зургаан жилийн турш өрсөлдөн шалгалт өгч байж лхаарамба цол авдаг. Тэгэхээр энэ нь эгэл жирийн бидний санаанд багтамгүй гайхамшигтай хөдөлмөр, оюун ухааны хүч. Лхаарамба цолыг хэн болгон авдаггүй. Бидний багш Д.Жавзандорж дээдэс зургаан жилийн дөрвөн жилд нь шалгалтдаа тэргүүлж, хоёр жилд нь дэд байранд орсон байдаг. Ийнхүү цолоо амжилттай хамгаалж Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан. Энэ талаар дэлхий нийтээр ярилцаж байна. Д.Жавзандорж лхаарамба өмнө нь Далай багшийн 80 насны ойгоор 10 мянган ламаас хамгийн их ном цээжилсэн хоёр хүний нэгээр шалгарч байсан. 

-Лхаарамба цолыг хүртсэн таны багш хэдэн настайдаа лам болсон бэ. Хэдэн жил хөдөлмөрлөж энэ цолыг хүртэв?

-Манай багш 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан сууж, 1998 онд Энэтхэг улсыг зорьсон бөгөөд Монгол, Энэтхэг зэрэг орны 300 орчим шавьтай болсон. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчилэн хийдийн Дашчоймпил дацанд Буддын гүн ухаанд суралцсан. 10 мянган ламаас хамгийн их ном цээжилсэн хоёр хүний нэгээр шалгарсан талаар түрүүн хэлсэн. Ингэж хичээл хийж байхдаа багш маань өдөрт 1:30 минут л унтаж амардаг. Бусад цаг үед хүүхдүүдэд хичээл зааж, өөрөө ном эрдэмдээ шамддаг байсан. Ингэж багш маань 20 орчим жил хөдөлмөрлөж сэтгэлийн хүчинд энэ цолыг хүртлээ. 

Лхаарамба Д.Жавзандорж

-Энэ цолыг авсанаар монголчуудад гарах өөрчлөлт нөлөө юу байна?

-Энэ цолыг манай монголчууд 80 жил хүлээлээ. Хэлмэгдэлтийн үед олон лхаарамба, эрдэмтэн мэргэд олон байсан. Тэр дээдсүүдийг ихэнхийг нь хэлмэгдүүлэн хороосон. Үүнээс хойш монголчууд ийм оюун ухаант хүмүүсийг хүсэн хүлээж байсан. Маш их баяртай үйл явдал боллоо. Далай багш маань хүртэл хүртэл цаг орчим хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн. Далай багш монголчуудын оюун ухаан ийм өндөрт хүрч байгаад талархалтай хандаж, хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн.

-Ардын хувьсгалаас хойш анх удаа Лхаарамба цолыг анх удаа хүртсэн гэсэн. Өмнө нь ямар хүн энэ цолыг хүртэж байсан бэ?

-Өмнө энэ цолыг монгол хүн хүртсэн талаар судалж үзсэн. 1921 оноос хойш Тусгаар тогтносон Монгол улсаас энэ цолыг хүртсэн хүн гарч ирээгүй. 

-Бурхан шашины хамгийн дээд цол гэж ойлгож болох уу?

-Үзсэн ном талаасаа тэгэж ойлгож болно. Буддын гүн ухааны хамгийн дээд цол. Үүнээс дээш цол гэж байхгүй. Одоо багш маань нэг жилийн хугацаанд нууц тарнийн ухаанд үргэлжлүүлэн суралцаж,ирэх жил аграмба цолыг хүртэхээр төлөвлөж байгаа. Буддын шашинд лхаарамба, аграмба, гавж, зэ эрэмбэ, маарамба гэх мэт цолууд байдаг. Маарам бань оточ анагаах ухаан гэж үздэг бол зээрэмбэ нь зурхайн ухаан, аграмбань нууц тарнийн ухаан судалж хүртдэг цол гэх мэтээр хоорондоо ялгаатай. 

-Д.Жавзандорж "Лхаарамба" Монголд ирсэн үү. Монголдоо ирээд сүсэгтэн олонтой уулзах уу?

-Багш маань Монголдоо ирсэн.  Монголдоо байх хугацаандаа аймаг орон нутгаар явж, буддын шашины талаар сүсэгтэн олонд лекц уншдаг. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов

Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов

“Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор боллоо.

  Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой юм.

Товч мэдээ

-  Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлав. Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх юм. Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана.

-  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нь БСШУС-ын сайд байсныг Эрүүл мэндийн сайд байхаар өөрчлөв. Мөн Монгол-Болгарын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга нь Эрүүл мэндийн сайд байсныг өөрчилж БСШУС-ын сайд байхаар тогтлоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл